Бид зорилгоосоо няцаагүй, Ц.Нямдоржийг огцруулна
2012.04.22

Бид зорилгоосоо няцаагүй, Ц.Нямдоржийг огцруулна

УИХ-ын гишүүн Д.Загджав, Д.Тэрбишдагва, Р.Раш, Ч.Улаан, Ц.Даваасүрэн, Д.Балдан-Очир, О.Чулуунбат нар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Д.Загджав хурлын талаар товч танилцуулсан юм.

Д.Загджав “Сүүлийн үед бидний талаар ташаа мэдээлэл гарсан байна. Ц.Нямдоржийг огцруулах асуудлаасаа буцлаа, айлаа хэмээн биднийг хэвлэлээр ташаа мэдээлж байна. Бидэнд тийм зүйл байхгүй. Нөгөөтэйгүүр сонгуулийн хуультай холбоотой асуудлаар болон намын амлалтын асуудлаар ярилцахаар хурал зарласан. Бидний хувьд Ц.Нямдоржид хариуцлага тооцохоор шаардлага тавьсан байгаа. Цаашид чуулганаар хэлэлцээд явах ёстой.

Энэ ажил цаашаа явж байгаа” гэсэн юм.Мөн дээрх гишүүд МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлахдаа иргэдийн амар амгалан байдлыг алдагдуулсан ноцтой асуудал үүссэн. Үүнтэй бид эвлэрэхгүй. Баривчлах ажиллагааны үеэр Үндсэн хуульд заасан олон зүйл заалтыг зөрчсөн.

Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан төрийн тусгай хамгаалалттай байх ёстой хүнийг баривчлах гэж байгаа бол УИХ-аас зөвшөөрөл авах ёстой. Бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн, хаалга үүдийг нь эвдсэн гээд эрүүгийн хариуцлага хүлээх гэмт хэргийн чанартай зүйл олон байна хэмээн онцоллоо. “Тийм учраас ХЗДХ-ийн сайдад хариуцлага тооцож, огцрох ёстой гэж үзэж байна. Бид зорилгоосоо няцаагүй” гэсэн юм. Ц.Нямдоржийг хувийн асуудлаар биш, үндсэн хууль, ёс зүйн хариуцлага алдсан учраас огцруулах ёстой гэдэг дээр байр сууриа нэгтгэсэн гэлээ.

УИХ-ын гишүүн Ч.Улаан сонгуулийн амлалттай холбоотой асуудлаар тайлбар хийлээ. УИХ-ын гишүүн Ч.Улаан “Намын бүлгээр сонгуулийн амлалтыг ярилцаад 14 хоног болж байна. Намаас Засгийн газрыг амлалтаа биелүүлье, гурав хоногийн дотор иргэдэд олгох сая төгрөгийн асуудлыг шийдээд ороод ирэх үүрэг өгсөн. Бидэнд амлалтаа биелүүлэх боломж байсан. Засгийн газарт гурав хоногийн дотор бүлэгт илтгэнэ гэсэн ч одоо хүртэл тайлагнаагүй байна. Тийм учраас Засгийн газар ойрын хугацаанд хариу өгөхийг хүсч байна” хэмээв.Гишүүд, УИХ, Засгийн газар олон асуудлыг шийдэлгүй удаасаар байгаад хүлээгдэж буй ажил их байна.

Тийм учраас Ц.Нямдоржийг огцруулах асуудлаас эхлээд шийдэх хэрэгтэй байна. Мөн уул уурхайтай холбоотой шийдэх асуудал бий. Гадаадынханд орд газруудаа алдаж байна. Оюутолгойн гэрээг засах ёстой гэдэг дээр бид байр суурь нэгтэй байсан. Цаг тухайд нь шийдэхгүй байсаар олон асуудал хүлээгдээд байна. Тухайлбал Оюутолгойн гэрээг засах, 57 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах асуудал удааширсаар байна. Энэ гэрээ Монголчуудад ашиггүй гэдэг нь тодорхой болсон.Хурлын үеэр сэтгүүлчид УИХ-ын гишүүд доорх асуултанд хариулт авсан юм.

-ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг байнгын хороогоор хэзээ хэлэлцэх бэ?

-Ц.Нямдоржийг огцруулах асуудал байнгын хороогоор ирэх долоо хоногийн 1 дэхиэс орох байх.

-Энэ асуудлаар намын бүлэг хуралдсан. Юу яригдсан бэ?

-Намын бүлгийн гишүүд чөлөөтэй ярьсан. Намын удирдлагууд сонссон. Удирдлагууд энэ асуудлаар хэлэлцэж байгаа байх.

-Та бүгдийг бүлэг байгуулах гэж байна гэсэн яриа гарсан. МАХН-ын дарга Н.Энхбаяр баригдахаасаа өмнө “УИХ-д шинэ бүлэг байгуулагдах гэж байгаа учраас намайг баривчлах гэж байна” гэсэн тайлбар хийж байсан. Энэ яриа та бүгдийг хэлсэн гэж ойлгогдож байгаа?

-Энэ асуудлаар бид өмнө нь мэдэгдэж, бүлэг байгуулахгүй гэдгээ хэлсэн шүү дээ. Бид бүлэг байгуулах гээгүй. Хүлээгдэж байгаа олон асуудлыг шийдэх ёстой гэдэг байр сууриа хэлж байгаа.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.