Нэр бүхий гишүүд байр сууриа илэрхийллээ
Төрийн ордны хуралдааны Г танхимд өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлаар УИХ-ын гишүүн Д.Загджав, Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат, Д.Балдан-Очир, Ц.Даваасүрэн, Р.Раш, Ц.Шинэбаяр нарын гишүүд өөрсдийнх нь онцлон хэлснээр “зарчмын гурван асуудлаар” байр сууриа илэрхийллээ.
Тэд сүүлийн үед улс оронд үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдал болон хэвлэл мэдэээллийн хэрэгслээр өөрсдийнх нь талаар олон нийтэд янз бүрийн буруу ташаа ойлголт гарч, “Нэр бүхий гишүүд Хуульзүй, дотоод хэргийн сайдыг огцруулах саналаасаа буцаж няцсан” хэмээн аймхай хулчгараар нь дуудан, “Асуудал өөр тийшээ эргэсэн...” гэх мэтээр бичиж байгаатай холбогдуулан сэтгүүлчидтэй илэн далангүй ярилцан, байр сууриа илэрхийлэхийг хүсжээ.
Ч.Улаан гишүүн хэлэхдээ,
-Манай төр, засгийн ажил нэг л хариуцлагагүй тогтолцоонд орчихлоо. Бидний хэдэн гишүүн асуудал тавьснаас хойш 7 хонолоо. Хуулийн дагуу 7 хоногийн дотор Байнгын хороогоор хэлэлцэх ёстой ч тэгээгүй байгаа учир бид энэ асуудлыг түргэн шийдвэрлээч гэсэн шаардлага тавьж байгаа. УИХ-ын сонгууль ойртож, нэн даруй шийдвэрлэх ажил их байгаа учраас төр засаг ёс суртахууны өндөр шийдэл гаргаж, ажил хэргийг түргэлүүлэх шаардлагатай байна. Түүнээс гадна сонгуулийн амлалтын асуудлыг намын бүлгээр яриад 14 хонож байна. Ирэх долоо хоногт сонгууль зарлах хугацаа шахагдаад амаргүй байдал үүсээд байна. Энэ хугацаанд Засгийн газар асуудлыг яаралтай хэлэлцээд гаргасан шийдвэрээ олон нийтэд мэдэгдэх ёстой атал тэгсэнгүй.
Нөгөөтээгүүр ард түмний баялаг гадаадын эдийн засгийн алуурчдын гарт орох гээд, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, стратегийн ордуудтай холбоотой ноцтой асуудлууд гараад байхад ард түмэнд цэгцтэй ойлголт өгөхгүй байна. Алдаа эндэгдлээ засах талаар Засгийн газарт шаардлага тавиад дийлэхгүй байна гэсэн бол О.Чулуунбат гишүүн “Монгол Улсын Их хурлаар батлагдаагүй ч ард түмэн өвлөн уламжилж ирсэн үнэ цэнтэй хууль - хүн хүнээ дээдлэх, хүчирхийлэхгүй, дээрэлхэхгүй байх хууль хэр хэрэгжиж байгааг олон нийт хүлээн харж байна. Энэ хуулийн байдал хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгчийг баривчлах үеэр мэдэгдлээ. Мөн сонгууль болоход хэдхэн хоног үлдээд байхад ард түмэндээ өгсөн амлалтаа биелүүлээгүй байгаа. Засгийн газар хүсвэл том мөнгө босгох бүрэн бололцоотой байгаа” гэсэн юм.
Д.Тэрбишдагва гишүүний хувьд
“Төр, засгийн олон асуудал шийдэгдэхгүй хуримтлагдаад байгаагийн нэг нь Оюутолгойн асуудал бөгөөд үүн дээр бид урьдын адил хатуу байр суурьтай байгаа” хэмээн тэмдэглэхийн сацуу биднийг ингэж алгуурлаж байхад гадны хүн бидний төлөө санаа зовсондоо ингэж бичиж байна гээд 2012 оны 4-р сарын 4-нд Саусгобитой холбоотой асуудлаар гадаадын нэгэн сэтгүүлч, шинжээчийн бичсэн зүйлийг ишлэн “Улс орныхоо баялгийг бусдад алдахгүйн тулд Монголын ард түмэн газрын баялгийн дундын сан байгуулах хэрэгтэй хэмээн зөвлөсөн байна” хэмээн уншиж өглөө.
Дээр яригдсан бүхнийг Ц.Даваасүрэн гишүүн дүгнэж “Ойлгомжгүй, хариуцлагагүй, зарчимгүй байдал зөвхөн төр, засаг төдийгүй нийгмийн түвшинд даамжирч байгаа”-г анхааруулсан бөгөөд гишүүдийн яриа Орон нутгийн хурлын сонгуулийн асуудалд шилжихэд Р.Раш гишүүн уг сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтад нь явуулах боломжгүй гэж үзэж байгаагаа тайлбарлан “Улс төрийн намууд намынхаа эрх ашигт хэтэрхий баригдаж, үндэсний эв нэгдэл, улс үндэснийхээ эрх ашгийг 1-рт тавих явдал дутагдаж байна. Ингэснээрээ бид жинхэнэ ардчиллаар явах бус, харин ч ардчиллыг сүрхий гажуудуулж байна” хэмээн буруушаасан юм.
Түүний хэлснийг дэмжиж Д.Балдан-Очир гишүүн ярихдаа:
-Үндсэн хуульд зааснаар монголчууд төр засгаа 4 жил тутамд нэг удаа эмхлэн байгуулдаг. Харин орон нутгийн хурлын сонгууль гэдэг нь нутгийн иргэдийн өөрөө удирдах ёсны сонгууль. Тэгтэл энэ асуудалд улс төрийн намууд зөвхөн намынхаа эрх ашиг, байр суурийн үүднээс хандаж байна. УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажлын явц санаанд хүрэхгүй байгаа энэ үед орон нутгийн хурлын сонгуулийг зэрэгцүүлбэл нийгэмд тогтворгүй байдал үүсч 7-р сарын нэгнийх шиг үйл явдал болох вий хэмээх түгшүүр байна. УИХ-ын сонгуулиа хийчихээд ирэх намар нь орон нутгийн хурлын сонгуулиа явуулсан нь оновчтой, улс орны тогтвортой байдалд дээр байх болов уу гэж харж байна...” гэлээ.
Гишүүд дор бүртээ байр сууриа илэрхийлсний эцэст Ч.Улаан гишүүн “Гадныхны гар хөл хэдийнэ орж ирээд олон нөхөд тэдэнд үйлчилж байгаа нь гадаадын эдийн засгийн алуурчдын хавханд орж, нөлөөнд нь автсаны шинж. Ард түмнээсээ өрсөн улс орныхоо баялгийг авахаар уралдаж байгаа улс төрчид маань энэ үйл ажиллагаагаа болиоч ээ хэмээн уриалж байна” гэсэн үгээр хэвлэлийн бага хурлыг өндөрлөлөө.