БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол боллоо
2016.07.23

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол боллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар БОНХАЖ-ын сайдаар Д.Оюунхоролыг хэлэлцэх асуудлыг хэлэлцэж гишүүдийн 95.4 хувь дэмжлээ. Томилгоог хийхийн өмнө УИХ-ын гишүүн асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар өмнөх Засгийн газрын үед учир битүүлэг шийдвэрүүд гарч, хүлээлтийн байдалтай удаан хугацааг өнгөрүүллээ. Яаралтай энэ асуудлыг хэлэлцэн, үнэн мөнийг нь ард иргэдэд мэдээлэх хэрэгтэй. Монголын ард түмэн Эрдэнэтийн асуудалд анхааралтай хандаж байгаа шүү. Ардын намын байгуулсан Засгийн газар энэ асуудлыг шударгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэж байгаа” гэлээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Ерөнхий сайдаа Засгийн газрын 68 дугаар тогтоолыг харсан уу,  үзсэн үү?

Эрдэнэтийн саалийн үнээ гэж буй үйлдвэрт иргэд их анхаарч байгаа. Тэр утгаараа Ерөнхий сайдыг энэ асуудалд хамгийн түрүүнд анхаараасай гэж хүсч байна. Монгол, Кувейтын судалгааны төвтэй холбоотой таны талаар мэдээлэл гарсан. Үүнд хариулт өгөөч, ташаа мэдээлэл гарсан юм шиг байгаа юм?

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Монгол Улсын ҮХ-д хувийн өмчийг дээдэлнэ гэж заасан байдаг. Сүүлийн үед бизнесийнхэн, хувийн өмчтэй гишүүдийг хоёрдугаарт тавьдаг тал харагддаг. Ийм үзэл арилвал Монгол Улс хөгжинө. ЖДҮ бизнес эрхлэгчид  850 мянган хүнийг ажлын байраар хангаж олон хүнийг тэжээж байгаа шүү” гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Ерөнхий сайдад хариуцлагын цаг хугацаа эхэлж байна. Цаг алдалгүй Монгол Улсыг эдийн засгийн хямралаас гаргах хэрэгтэй. Улстөрч бүхэн түүхэнд өөрийн өвийг үлдээдэг. Тиймээс хэнээс ч хамааралгүйгээр кабинатаа байгуулаад ажилдаа ороорой” гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Орхон голын бохирдлын асуудал гэж маш хүнд асуудал бий. Монголын улсын таван аймаг, 63 сумыг хамарсан гамшгийн асуудал юм. Өмнөх Засгийн газрын үед агаарын бохирдлын асуудлыг зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд авч үздэг байсан. Аймгийн төвүүдийн агаарын бохирдлын асуудал хүнд байгаа.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Ойн тухай хууль батлагдаад одоо жил гаруйн хугацаа өнгөрч байна. Гэтэл Байгаль орчны яам холбогдох журмыг нь гаргаж өгөөгүй. Энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү. Тусгай хамгаалалттай газраас зарим газар нутгийг чөлөөлөх асуудлыг анхаараарай” гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Монгол орны нийт нутгийн 77.2 хувь цөлжсөн бүсэд хамрагдаж байна.  Сүүлийн жилүүдэд 1.2 хувиар дулаарсан. Тиймээс цөлжилттэй тэмцэх асуудлыг онцгой анхаарахыг хүсч байна. Байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудалд анхаарах хэрэгтэй. Бат-Үүл дарга явсан утаа үлдсэн. Агаар, хөрсний бохирдлын асуудалд анхаарах ёстой байна.

УИХ-ын гишүүн А.Сүхбат “Байгаль орчны яамыг Байгаль хамгаалах яам гэж ойлгоод ажиллаарай. Байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалж,газрын хэвлийг нь ухах биш тарьж ургуулан, малаа өсгөн амьдарсаар ирсэн ард түмэн.  УБ хотын цэвэрлэх байгууламжийг шинээр барьж байгуулахыг хүсдэг гишүүдийн нэг нь бий. Энэ асуудлыг та дэмжих үү? гэдгийг асуулаа.