Би төрийн хүн ч сэтгэлдээ нутгаа тээж явдаг
2016.06.07

Би төрийн хүн ч сэтгэлдээ нутгаа тээж явдаг

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга, Сангийн сайд асан, гавьяат эдийн засагч, туршлагатай парламентч Чүлтэмийн Улаантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Удахгүй Монгол Улсын түүхэнд зургаа дахь удаагийн парламент халаагаа өгнө. Энэ парламентын үйл ажиллагаанд та ямар дүгнэлт өгөх вэ?

-Энэ парламентын эхний хоёр жилд би Сангийн сайдаар ажилласан. Сүүлийн нэг жилд нь Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байна. Төсөв санхүү, эдийн засгийн бодлогын шинэчлэлтэй холбоотой Төсвийн тогтвортой байдлын хууль, Шилэн дансны хууль, Өрийн удирдлагын хууль, Худалдан авах ажиллагааны хуулиудыг боловсруулж батлуулсан. Тухайлбал төсвийн сахилгыг дээшлүүлэх, олон түмний оролцоо хяналтыг ил болгох зорилгоор орон нутгийн хөгжлийн санг байгуулсан. Ингэснээр орон нутагт төсвийн эрхийг шилжүүлж, иргэдийн оролцоог идэвхжүүлсэн.

Энэ парламентын хугацаанд ажлын зарим эерэг өөрчлөлтүүд бий ч мэргэшсэн парламент гэхэд учир дутагдалтай, ёс зүйгүй, зоргоороо, хэт бардамнасан увайгүй үйлдлүүдийг гаргах болсон. Ханилж яваад нөхрөө гэгчээр сонгуулийн бараанаар хамтарч засаг барьж байсан Ардын намаа засгаас шахаж, төрийн ажлыг намын үзэмжээр явуулах болсноос Засгийн газар нь огцорч бодлого нь алдагдаж будлих болсон. Түүгээр ч барахгүй сонгуулиас зургаан сарын өмнө хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалтыг хүчээр авч хаян зоргоороо өөрчлөлт хийж сонгуулийн тойргийн бүрэн бүтэн байдалд хүртэл халдсаныг ард түмэн мэдэж байгаа. Жишээ нь, гурван тойрогтой байх ёстой 77 мянган хүн амтай Дорнодыг хоёр тойрогтой болгож, түүнээс цөөн 72 мянган хүн амтай Хэнтийг гурван тойрогтой болгосон, мөн хоёр тойрогтой байсан Сүхбаатар аймгийг нэгтойрогтой болгож зоргоороо тойрог нэмж хассан нь илт луйвар шүү дээ. Ингэснээр Ардчилсан намынхан сонгогчдыг доромжилж байна гэсэн үг.

-Та дөрвөн удаа Сангийн сайдын алба хашсан байна. Сангийн сайдаар ажиллаж байсан тэр жилүүдэд төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр хувиар биш, харин 2-3 удаа 1-2дахин нэмэгдсэнээр дундаж цалин өдгөө 700.0-д хүрч иргэд банкны зээлд хамрагдаж, зохих хуримтлал үүсгэж эхэлсэн. Мөн нийгмийн даатгалаа өндөр төлж визний хөнгөлөлт ч эдлэх болсон. Гэтэл цалин нэмэхийг таашаадаггүй, мөнгө тараалаа гэх улс төрийн хүчнүүд байх юм. Цалин нэмэх нь аль ч төрийн бодлого байх ёстой биз дээ?

-Юуны өмнө МАН бол зүүний үзэл баримтлалтай гэдгийг онцлох хэрэгтэй. Цалин бол амьжиргааны эх үүсвэр тул нэмж байх ёстой. Цалингийн талаар ярихаас өмнө өмнөх он жилүүд рүү орьё гэж бодож байна. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг нурж зах зээлд шилжих үед гадаад, дотоод олон хүчин зүйлсээс шалтгаалж импорт болон үндэсний үйлдвэрлэл уналтад орсон 1992-1996 онд би Үндэсний хөгжлийн газрын дарга байсан. Дэлгүүрт давснаас өөр юмгүй байсан хэдий ч картын системийг манай Засгийн газар халж чадсан. Гэвч 1996-2000 онд Ардчилсан нам засагт гарахдаа улсын өмч, үйлдвэр, үйлчилгээний газруудыг хувьчлал нэрээр эзэнгүйдүүлж хувьчлан, , зээл нэрээр банкуудыг дампууруулсан, Монголбанк нь мөнгөгүйгээс алтаа барьцаанд тавьчихсан, алт дилерийн гэх том хэрэг мандчихсан , байгууллагууд цалингаа тавьж чадахгүй хэдэн сараар хүлээлгэдэг байсныг ард түмэн мартаагүй байх.

Харин 2000 онд МАН сонгуульд ялж Ардчилсан намын Засгийн газраас дампуурсан 10 банк, төсвийн сахилга гэж мартагдсан бөөн өр зээлтэй уналтад орсон төрийн байгууллагууд, хувьчлагдсан нэртэй хуудуутай ажахуйн нэгжүүдийг хүлээж авсан. Тэгээд 2000-2004 оныг манай нам улс орноо их хямралаас гаргах зорилтод жил болгосон. Төсвийн сахилгыг бүх шатанд сайжруулж улмаар гадаад, дотоод өр авлагуудыг ашигтай хэлбэрээр шийдэн чөлөөлсөн.

Төрийн сангийн нэгдсэн санг байгуулж төвлөрөл хяналтыг сайжруулснаар төсөв бүрдэж цалин, тэтгэврээ цагт нь тавьж хэвшүүлсэн. 2000-2012 онд цалин тэтгэврийг 2-3 дахин нэмэгдүүлж цалингийн индексийг тогтоон улсын хэмжээнд мөрдөж ажиллах жишиг баталсан. Мөн 8-10 жилд хэрэгжиж дуусах “Мянганы зам” төсөл, Эрчим хүчний нэгдсэн систем, Бүсчилсэн хөгжлийн төв, Харилцаа холбоо мэдээллийн технологийн төсөл , Шилэн кабель, банк санхүүгийн шинэчлэл зэрэг томоохон төслүүд аймаг сумдад амжилттай хэрэгжсэн. МАН Засгийн эрх барих үедээ амьжиргааны эх үүсвэр цалин, тэтгэврийг байнга нэмж ирсэн, цаашид ч нэмж байх болно.

-2012 онд Шинэчлэлийн Засгийн газар таныг Сангийн сайдаар бас томилсон. Мэргэшсэн эдийн засагч, санхүүч хүний хувьд та аль ч намд хүлээн зөвшөөрөгдсөн гэдэгтээ санал нийлэх үү?

-Хүмүүс тэгж ярьдаг л юм. Улс орныг хямралаас гаргах үед Улаан хэрэгтэй гэж. Би 1992 оноос хойш дөрвөн удаа Сангийн сайдаар ажиллахдаа намын эрх ашгаас илүүтэй улс орныхоо нийтлэг эрх ашгийг л илүү эрхэмлэн ажилласан.

-ОХУ-тай их өрийг тэглэх үед Та Сангийн сайд байсан. ОХУ-ын Ерөнхий сайд асан М.Касьяановтай уулзсан хүн. ОХУ-д төлөх Их өр тэглэгдээгүй гэж зарим нам,хүмүүс яриад байгаа?

-Их өр тэглэгдсэн гэдгийг ОХУ-ын айлчлал хийхдээ мэдэгдсэн шүү дээ. Тэрнээс өөр ямар баталгаа байх юм, бүхэл бүтэн улсын ерөнхийлөгч нь мэдэгдэж байхад зориудаар гуйвуулж улс төрийн хожоо хайж байна гэсэн үг. Харин Их өрийн асуудлаарх хэлэлцээг амжилттай болгохын тулд маш их бэлтгэл ажил хийснийг дурдах нь зүйтэй байх.

-Та Оюутолгойн гэрээг шүүмжилж байгаа. Тухайлбал Оюутолгой менежерүүдээ дэлхийд байхгүй жишгээр цалинжуулсан, маш их зарлагатай ажилладаг, Рио Тионто болон гаднын зардлуудыг Оюутолгой санхүүжүүлж төлдөг, монголчууд ашиг хүртэх атлаа өр төлж эхэллээ гэж мэдээлж байсан. Гэтэл нөгөө талд гаднын хөрөнгө оруулагчдыг дэмжихгүй байна гэдэг?

-Хөрөнгө оруулагчдыг дэмжихгүй байгаадаа биш л дээ. Оюутолгой бол Монголын баялаг. 300 тэрбум долларын баялагтай орд. Оюутолгойн үйл ажиллагааны явцаас үүдэн шалгалт хийх ёстойг мэдэгдсэн.

Тэгээд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын аудитын байгууллагатай хамтран нам, намуудаас төлөөлөл оролцуулаад Оюутолгойд бүтэн нэг жилийн турш баримт, санхүүгийн шапгалт хийсэн. ТЭЗҮ-д төлөвлөснөөр бол 4.2 тэрбум долларын хөрөнгөөр босох атлаа 1.4 тэрбум доллараар хэтрүүлж зарцуулсан, дээр нь 1.8 тэрбум долларын санхүүгойн зөрчил илэрсэн.

Мөн хөрөнгө оруулалтын гэрээгээ явц дундаа зөрчсөн, Монголын баялгийг үнэгүйдүүлсэн, орлого нь гадагшаа зарлага болж гардаг, ер нь монголын тапд ашиггүй нь тодорхой болчихсон байсан. Тэгээд бид гэрээг сайжруулах, засч залруулах санал Засгийн газарт оруулах гэж байтал Сайханбилэг сайд Дубайд очоод гэрээ байгуулчихсан. Тэр Дубайн гэрээнд сайжруулах ёстой 21 заалт, нэн хохиролтой зургаан заалт байсныг авч хэлэлцээгүй. 20-иод жилийн дараагаас Монголд ашгаа өгнө гэж байгаа ч тэр цагт  Оюутолгойн нөөц барагдана шүү дээ. Оюутолгой бол дэндүү том орд болохоор би дуугарахаас өөр аргагүй болсон юм.

-Та нэг хэсэг Сүхбаатарын Улаан гэж нутгаараа овоглогдох хэмжээнд байсан. Сангийн сайд байхдаа “Төрийн сан” -г байгуулсан болохоор Төрийн сангийн Улаан гэх юм билээ?

 -Төрийн санг байгуулах шалтгаан нь улсын сан хөмрөгийг арвижуулж зориулалтаар нь зөв зарцуулах, төсвийн сахилгыг илүү сайжруулах, хэмнэлтийн зарчмыг мөрдөж санхүүгийн сахилгыг бий болгоход л чиглэгдсэн. Төрийн сан байгуулснаар ахиц гарсан нь үнэн. Чүлтэмийн Улаан төрж өссөн Сүхбаатараараа хаана ч хэзээ ч овоглож болно ш дээ.

-Та УИХ-д намын жагсаалтаар сонгогдохын эсрэг байр суурьтай байсан. Одоо гишүүн бүр тойрогт хүчээ үзэх болсон. Жижигрүүлсэн тойрогт өрсөлдөх нь шударгаар сонгогдох арга яг мөн үү?

-УИХ-д Намын жагсаалтаар сонгогдох нь Үндсэн хууль зөрчсөн зүйл байсан. 2012 оны сонгуулийг давтахгүйн тулд 48:28 гэсэн хувилбараар хууль санаачилсан боловч бүтээгүй. Энэ нь Мэргэшсэн болоод Том тойргоос сонгогдох боломжтой хувилбар юм. 76 жижиг тойрогт нэр дэвшигч бүр өрсөлдөх нь нэг талаар нэр дэвшигч, сонгогч хоёр ойртож буй ч нөгөөтэйгүүр манай газар нутгийн онцлогоос үүдэж зарим тойрогт цөөн сум оногдож байгаа. Энэ талаас нь бодоход мөнгө бэлэгтараах байдал үүсч болохыг үгүйсгэхгүй.

-Та МАН, МАХН-ыг нэгтом голын хоёр эрэг гэж зүйрлэсэн байсан. Улстөрчийн хувьд зүгээр ч нэгхэлээгүй байх. Зүүний үзэл баримтлалтай энэ хоёр нам нэгдэх нь зөв, сонгуульд эвсч орох ёстой гэж ахмад гишүүд олонтаа сануулсан. Ажлын хэсэг гарч ажилласан боловч бүтсэнгүй, цаашид ямар гарц байна?

-Хоёр нам нэгдэх, сонгуульд эвсч орох нь нийгмийн захиалга байсан. Энэ удаад сонгуульд эвсч чадаагүй ч хоёр нам нэгдэх асуудал нээлттэй байгаа. Намын удирдпагууд ч орхихгүй байх гэж бодож байна. Ялангуяа анхан шатны нэгж дээр намын гишүүд “Энэ хоёр нам угшил нэг учраас нэгдэх нь зүйтэй” гэж байгаа. МАН-ын дүрэмд “МАХН бол МАН-ын эхлэл ба зүй ёсны үргэлжлэл" гэж заасан. Би 2012 оны дөрөвдүгээр сард сонгуулиас өмнөхөн “Хоёр нам нэгдэхгүй бол сонгуульд ялагдаж магадгүй шүү” гэж хэвлэлээр сануулж анхааруулж байсан. Миний үзэл бодол одоо ч хэвээрээ байгаа.

-Таныг бас оффшор данстай гэж шуугисан. Та тэгж нэрлэгдэх хэмжээний хөрөнгөтэй хүн үү?

-Үгүй дээ, би оффшор данстай байтугай Монголын банкуудад хувийн болон аж ахуйн нэгжийн ямар ч данс нээлгэж үзээгүй хүн гэдгээ өмнө илэрхийлж байсан, одоо ч хэлье. 1977 онд Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургуулийг /одоо Байгалийн эдийн засаг, хуулийн улсын их сургууль/ төгсч ирээд мэргэжлээрээ төрийн бүх шатны байгууллагад ажилласан. Манай сургуулиас Монголын есөн сангийн сайд төрсөн. Одоо ч ОХУ-даа алдартай их сургууль. Энэ сургууль маань намайг сайн эдийн засагч болгож мөр бүтэн, хоёргүй сэтгэлээр төрд тасралтгүй ажиллах чадварыг өгсөн. Хожим нь Москвад мэргэжлээрээ аспирантурт сурч докторын зэрэг хамгаалсан. Төрөлх сургуулийнхаа хүндэт профессор болсон. Тэгэхээр надад төрийн ажлаас гадуур энд тэнд компани, аж ахуйн нэгж байгуулж явах цаг зав ч байсангүй.

- Та Монгол Улсын манлай уяач хүн. Таны эцэг уяач байсан уу?

-Миний аав Чүлтэм Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн. Малчин гаралтай. Анх сумандаа мал маллаж байгаад аймгийн цаг уурын албанд ажилласан. Ээжийг маань Дарь гэдэг, жирийн нэг ажилчин хүн байсан. Монголчууд бүгд малчин удамтай, морь мал сонирхдог шүү дээ. Тэгээд ч хурдан удмын хүлэгтэй Сүхбаатар нутгийн хүний хувьд хурдан хүлгүүдээрээ бахархаж морь уяж явсан. Би төрийн хүн ч нутаг амьтай, сэтгэлдээ нутгаа тээж явдаг.

-Таныг Сэлэнгэ аймгийн Ерөө голд унасан гурван хүүхдийг аварсан бас Сүхбаатар аймагт хээрийн түймрийг иргэдтэй хамт гараар унтраалцсан, Өвөрхангайд Орхон гол үертэй байхад хүүхдүүдийг аварсан, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд үерт урссан айлыг аварсан, бас нийслэлд гэр хороололд гарсан гал түймрээс дөрвөн хүүхэд аварсан тухай тэр үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Шударга журам” медалиар таныг шагнасан. Харин та энэ талаар ярьж байсангүй. Боломжтой бол заримаас нь дурдахгүй юу?

-Гал, усны аюул гэдэг хэлж ирдэггүй шүү дээ. 1991 оны арванхоёрдугаар сарын 31 -нд юм байна. Шинэ жилийн орой нийслэлд гэртээ байсан дөрвөн хүүхэд гал алдаж гэр нь шатах үед би тэр хавьд тааралдаж хүүхдүүдийн амь аврагдсан. Нөгөө нь 2011 оны зургадугаар сарын 1-нд би Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт байх “Ээж мод”-д мөргөөд буцахдаа Ерөө голын гүүрний ойролцоо амрахаар түр зогссон. Тэр жил зуншлага эрт байсан тул Ерөө гол үертэй, гүүрний орчинд эргүүлэгтэй байсан. Амраад байж байтал хүмүүс орилолдоод явчихсан. Босоод хартал голын усанд толгой нь шоволзсон гурван хүүхэд юу юугүй живэх байдалтай амь тэмцэж байсан. Уг нь тэд сэлэх гэж голд ороогүй, бага дүү нь хөл алдаад усанд унахад нь аврах гэж нөгөө хоёр нь ороод гурвуулаа урсгалд туугдсан.

-Тэр хүүхдүүд одоо тантай уулздаг уу?

-Жил бүр цагаан сараар аав ээж нь дагуулж ирж золгуулдаг.

- Ер нь Сүхбаатар, Дарьгангынхныг хурдан удмын хүлэг шигээ эрэмгий, дайчин, зоригтой тэмцэгч гэдэг. Жишээ нь Их жанжин Д.Сүхбаатар, Анхны ерөнхий сайд Жигжиджав, Торой Банди, Дорнын гэрэлт яруу найрагч О.Дашбалбар зэрэг олон эх орончид төрсөн. Та ч бас тэдний үр сад. Ерөө голын эргүүлэг рүү үсрэх, дүрэлзсэн гал руу орох тэр агшинд та өөрийгөө бодсон уу?

-Манай нутгаас олон сайн эрс, баатрууд төрөн гарсан нь үнэн л дээ. Үнэндээ бусдын амь тулсан цаг мөчид өөрийгөө бодох мөч гардаггүй юм билээ, амжина, өрсч чадна гэж л бодогдож байсан.

-Ярилцлага өгсөнд баярлалаа. Унасан газар угаасан ус тань таны ажил үйлсийг ивээх болтугай.