”Ногоон хашаа” үргэлжилж байна
2016.05.23

”Ногоон хашаа” үргэлжилж байна

Иргэддээ ажиллаж амьдарч буй газар бүртээ төмөр биш “Ургамлан” ногоон хашлага бүтээхийг уриалж, ногоон байгууламжийн ач холбогдлыг таниулах болон хүрээлэн буй орчноо сайжруулах зорилготой “Ногоон хашаа” төслийн 3-р шат үргэлжилж байна.

Энэхүү төсөл нь 2015 оноос эхэлсэн бөгөөд одоогоор нийслэл хотын хэмжээнд 15 байгууллагад 20,000 гаруй мод тарьсан бөгөөд ургалтын хувь дунджаар 95 орчим байна. Тус төслийг НИТХ-ын төлөөлөгч, Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн дарга асан Б.Саранчимэгийн санаачилгаар “Чинаагийн Галсан” сан “Мика Монгол” ТББ-тай хамтран хэрэгжүүлдэг.

Ногоон хашаа төслийн онцлог нь иргэдийн оролцоог хангах, эргэх холбоотой байж мэргэжлийн заавар зөвлөгөөг өгөх, хяналт тавих, нөхөн сэргээлт хийх зэргээр хамтын ажиллагааг чухалчилдагт оршидог.

Тэгвэл өнөөдөр төслийн багийн шаардлагын дагуу ургалтын хувь сайн байгаа ХӨСҮТ-ын хашаанд нөхөн сэргээлт хийх, нэмэлт хамгаалалтын хашаа барих болон хүүхдийн амбулторын орчинд нэмэлт тарилт хийж байна.

Сонирхуулахад тус төслийн хүрээнд Гандантэгчилэн хийд, Аглаг бүтээлийн хийд, Нийслэлийн 3-р амаржих, Нарс зуслан, 97-р сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, хорооны цагдаа зэрэг олон нийтийн газруудад төсөл амжилттай хэрэгжиж байна.