Найман сая гаруй тарьц суулгасны 70 орчим хувь нь ургаж байна
Ой судалгаа, хөгжлийн төвийн цэцэрлэгт хүрээлэнд нарс мод тарилаа.
2016.05.16

Найман сая гаруй тарьц суулгасны 70 орчим хувь нь ургаж байна

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, Эрчим хүчний сайд Д.Зоригт болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хамт олон Дамбадаржаа дахь Ой судалгаа, хөгжлийн төвийн цэцэрлэгт хүрээлэнд нарс мод тарилаа.

Мод тарих үндэсний өдөртэй болсноос хойш буюу долоон жилийн хугацаанд давхардсан тоогоор манай улсын сая гаруй иргэн, 55400 гаруй аж ахуйн нэгж, байгууллага найман сая гаруй тарьц суулгасны 70 орчим хувь нь буюу 5,6 сая мод ургаж буй гэсэн дүн мэдээг мэргэжлийн байгууллагууд гаргасан байна.

Тарьсан модоо тордолгүй орхидог байсан хуучны хандлага ул болж, энэ чухал ажилд хандах иргэдийн сэтгэлгээнд эерэг өөрчлөлт гарсныг илтгэж байна гэж Ерөнхий сайд хэллээ.

Засгийн газар ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн үзэл санааг тэргүүлэх чиглэлээ гэж үзэж Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамыг тэргүүлэх чиглэлийн яам болгосон.

Цаашид нийслэл, аймаг, сумдын ерөнхий төлөвлөгөөнд ногоон байгууламжийн төлөвлөлтийг тодорхой тусгах, тарьсан модоо арчлах, хамгаалах ажилд мэргэжлийн байгууллагын туслалцаа авах, баг, хорооны бичил цэцэрлэг, аж ахуйн нэгж, байгууллагын нэрэмжит ойн төгөл бий болгох санал санаачилгыг дэмжиж ажиллахаа Ерөнхий сайд илэрхийллээ.