Нийслэлийн утааг 80-90 хувь бууруулах боломжтой
Засгийн газраас долоо хоног бүр зохион байгуулдаг “Сайдын цаг” уулзалтад энэ удаа Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг оролцлоо. Тэрээр хийж хэрэгжүүлсэн болон хийхээр төлөвлөж байга ажлуудынхаа талаар мэдээлэл хийсэн юм.
Тус яамны зүгээс хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлан хэрэгжүүлж байгаа ажээ. Энэ хүрээндээ Хог хаягдал дахин боловсруулах тухай хуулийн төсөл боловсруулсан бөгөөд хаврын чуулганы хугацаанд өргөн барьж хэлэлцүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах, тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийг дөрвөн байршилд өргөтгөх саналаа УИХ-д өргөн мэдүүлнэ гэдгийг онцоллоо.
Тус салбарын үе үеийн сайд нарын толгойн өвчин болдог асуудал бол агаарын бохирдол. Энэ удаад агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд “Clean coal” түүхий нүүрс цэвэршүүлэгч уусмалыг амжилттай туршиж, Хан-Уул дүүргийн 300 айлд тарааж, хэсгийн ахлагч нарт нь сургалт явуулсан байна. Н.Батцэрэг сайд томилогдсоноосоо хойш анхаарлаа хандуулж буй нэг асуудал нь ойг цэвэрлэж эрүүлжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах юм. Энэ жил “Ойн цэвэрлэгээ” хөтөлбөрийн хүрээнд 32 мянган га ойг цэвэрлэн, 1540 га талбайг улсын болон орон нутгийн төсвөөр ойжуулах ажил хийхээр төлөвлөжээ.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд саяхан БНХАУ-д айлчлаад ирсэн юм. Айлчлалынхаа хүрээнд тус улстай хамтран мазаалайн амьдрах орчныг сайжруулах, 3.4 сая иенийн төсөл хэрэгжүүлж цөлжилтийг сааруулах, 8.4 га тайлбайд мод тарих төсөл хэрэгжүүлэхээр тохирчээ.
Н.Батцэрэг сайд дээрх мэдээллийг өгснийхөө дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Агаарын бохирдлыг бууруулах хамгийн үр дүнтэй арга нь юу гэж үзэж байгаа вэ?
-Агаарын бохирдлын Үндэсний хороо гэж байдаг. Энэ хороо хэд хэдэн удаа хуралдсан. Төсөвт агаарын бохирдлыг бууруулахад зориулж таван тэрбум суулгасан. Үүнээс 800 орчим сая төгрөгийг долоон аймгийн төвд, үлдсэнийг нь Улаанбаатар хотод хуваарилсан. Ер нь агаарын бохирдлыг бууруулах хамгийн тохиромжтой арга нь гэр хорооллыг орон сууцжуулах гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрч байгаа.
Энэ зорилтоо биелүүлэхийн тулд ипотекийн зээлийн санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, барилгын коапаниудаа дэмжих шаардлагатай байна. Өнгөрсөн жилүүдэд 76 мянган айл орон сууцанд орсон гэсэн мэдээлэл бий. Энэ хурдаараа гэр хорооллынхоо айл өрхүүдийг орон сууцжуулах юм бол ойролцоогоор 2020 он гэхэд Нийслэлийн агаарын бохирдол 80-90 хувиар буурах боломжтой. Улаанбаатар хотын агаарын бохирдлын ихэнх нь нам даралтын 3200 зуух, 118 мянган айлын яндангаас гарч байгаа.
-Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барихаар төлөвлөж байна. Намын жагсаалтын 28 квотоос зургааг нь хасч нийслэлийн мандат дээр нэмэх саналыг дэмжиж байгаа юу?
-Засгийн газрын хуралдааны үеэр Ш.Түвдэндорж гишүүн тийм төсөл өргөн барих гэж байгааг мэдсэн. Бид танхимаараа хэлэлцээд тодорхой саналгүй байгаагаа хууль санаачлагчид уламжилсан. Би ер нь хувьдаа сонгууль дөхсөн үед хуульдаа өөрчлөлт оруулах гэж оролдох нь зохимжгүй гэж үзэж байгаа.
-Таныг бүлгийн даргын ажлаа Ч.Улаан гишүүнд шилжүүлэх гэж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Бүлэг дээр энэ асуудал яригдаагүй. Би сайдаар томилогдсоныхоо дараа эвслийг бүрдүүлэгч хоёр намын даргадаа хандаад бүлгийн даргын албан тушаалаас чөлөөлж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Гэвч “Нэг хэсэгтээ бүлгийн даргын ажлаа хийж бай” гэсэн хариу өгсөн. Тиймээс өнөөдрийг хүртэл заримдаа гурван “давхар дээл”-тэй гэж адлуулаад ажиллаж байна.
Бүлгийнхээ гишүүдэд ч “Би ажлаа өгөхөд бэлэн байгаа шүү” гэж хэлсэн. Гэхдээ хэн нэг гишүүнийг бүлгийн дарга болгох тухай яриа гараагүй байна. Ер нь түүх ярих юм бол 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа эвсэл дотроо ярьж байгаад УИХ-ын дэд даргаа МАХН, бүлгийн даргаа МҮАН-аас томилохоор болж байсан юм.
-Тэгэхээр дараагийн бүлгийн даргаар танай намын гишүүнийг томилох ёстой гэсэн үг үү?
-Уг нь тэгэх ёстой. Тиймээс бид хорондоо ярилцаад шийдэх байх.