Казахстаны иргэд хятадуудад газар түрээслүүлэхийг эсэргүүцэн жагсав
2016.05.02

Казахстаны иргэд хятадуудад газар түрээслүүлэхийг эсэргүүцэн жагсав

Сүүлийн хэдэн өдөр Казахстанд иргэд Газрын хуулийн өөрчлөлттэй холбоотой Атырау, Актобе (Актюбинск), Семей (Семипалатинск)  гэсэн гурван хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулав. Тэд гадаадын иргэнд газар түрээслүүлэхийг эсэргүүцэж байна.

Ажиглагчдын олж мэдсэнээр жагсаал болгонд 1000-2000 хүн оролцсон нь төрийн бодлогыг ил тод шүүмжлэхэд шийтгэл ногдуулдаг Казахстаны хувьд ховор үзэгдэл болжээ.

Хамгийн сүүлд тус улсад ийм хэмжээний эсэргүүцлийн жагсаал явагдахад цагдаа нар жагсагчид руу гал нээж тараасан. 2011 онд Жанаозен хотод газрын тосны салбарын ажилчид ажил хаях үеэр зохион байгуулсан энэ жагсаалын үеэр 14 хүн амь үрэгдсэн юм.

Харин энэ удаагийн жагсаал нэг хотод биш хэд хэдэн хотод зэрэг өрнөв. Иргэд Ерөнхийлөгч Назарбаевын 2015 онд гарын үсэг зурж баталгаажуулсан Газрын хуулийн нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцэж байна.

... Уг өөрчлөлтөөр гадны иргэд Казахстанд аж ахуйн зориулалтаар 25 жилийн хугацаатай газар түрээслэх эрхтэй болох юм ...

Илчлээд шийтгэх

Эхэндээ Газрын хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гадныхан газрыг өмчлөх эрхтэй болсон гэсэн мэдээлэл гарсан ч Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев үүнийг няцаасан. Тэрээр “Худал мэдээлэл тараасан өдөөн хатгагчдыг илрүүлж, хуулийн дагуу шийтгэх ёстой” гэжээ.

Гэсэн ч гадныханд газраа түрээслүүлэх шийдвэр казахуудад таалагдахгүй байна. Өмнө нь ийм хууль үйлчилж байсан ч түрээсийн хугацаа 10 жил байв. Харин одоо хугацааг сунгаж 25 жил болгосон нь иргэдийг жагсахад хүргэв.

Зарим шинжээчдийн үзэж буйгаар гадныханд газар түрээслүүлэх нь тийм ч муу шийдвэр биш аж. Учир нь төрөөс ялгаатай нь хувийн хэвшлийнхэн хөдөө аж ахуйн салбарт инновацийг илүү сайн нэвтрүүлдэг. Тиймээс хагас жилийн өмнө батлагдсан хуулийг эсэргүүцэх болсон нь өөр шалтгаантай байх нь.

Хятадын түрэмгийлэл

Хуулийн нэмэлт өөрчлөлт энэ оны 7 дугаар сарын нэгнээс мөрдөгдөж эхэлнэ. Тэр үед 1,7  сая га газрыг дуудлага худалдаагаар түрээслүүлэхээр төлөвлөжээ.

... Казахууд хуулийн энэхүү өөрчлөлтөөр хятадууд газар нутагт нь эзэн суух вий гэдгээс болгоомжилж байна ...

Эсэргүүцлийн жагсаалын гол шалтгаан нь энэ байв.

Нэгэн жагсагч “Хэрэв хятадуудад газраа өгчихвөл тэд хэзээ ч буцахгүй. Эхлээд 25 жил дараа нь 65 түрээслэнэ, дараа нь Казахстаны иргэншилтэй болж, биднийг боолоо болгоно” гэж хашгирч байв.

Казахстантай олон зуун км-ээр хиллэдэг Хятад нь тус улсын газрын тос, байгалийн хий, тээврийн дэд бүтцийн салбарт идэвхтэй хөрөнгө оруулдаг. Казахстаны компаниуд Хятадаас тэрбум тэрбумын зээл авч, харин хятад компаниуд Казахстаны хамгийн том газрын тос, байгалийн хийн ордуудад олборлолт явуулдаг.

Түүнээс гадна иргэд Газрын хуулийн нэмэлт өөрчлөлтийг энэ шийдвэрийг хувийн ашиг сонирхолдоо ашиглах гэсэн хүмүүсийн санаачилгаар баталсан гэж хардаж байгаа аж.