Б.Обама, А.Меркел нарын дотно нөхөрлөл
2016.04.27

Б.Обама, А.Меркел нарын дотно нөхөрлөл

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн амьдарч буй хүйтэн ертөнцөд бага ч болов илч дулаан авчирсан хүн нь ХБНГУ-ын Канцлер Ангела Меркел билээ. Дэлхийн тэргүүний удирдагчдын түншийн харилцаа нөхөрлөл болжээ. Тэдний улс төрийн сонирхол төстэйгээс гадна зан араншингийн хувьд ч нийтлэг тал ихтэй.

Ерөнхийлөгчийн ойрын хүмүүсийн өгүүлсэнчлэн ‘Обама болон Меркел хоёул дүн шинжилгээ хийхдээ сайн, прагматик үзэлтэй, асуудлыг дэвэргэх дургүй хүмүүс аж. Тэд хоорондоо ярилцахдаа асуудлын хэсэг бүрийг нухацтай хэлэлцдэг бөгөөд Англи хэлээр яриагаа өрнүүлдэг. Меркелийн хувьд хааяа нэг оновчтой үг олж чадахгүй үедээ л орчуулагчаар дамжуулан ярилцдаг  байна.

... Ерөнхийлөгч Обамагийн захиргааны ахлах зөвлөх “Хүнд асуудалтай тулгармагц Ерөнхийлөгч зөнгөөрөө л ’Би Меркелтэй ярих хэрэгтэй байна’ хэмээн хэлдэг. Түүний хувьд Меркел дотны түнш нь болсон” хэмээн өгүүлэв ....

Дөрвөн жилийн өмнө Ерөнхийлөгч Обама “Эрх чөлөөний медаль” гардуулахаар А.Меркелийг цагаан ордонд урьжээ. Тэд эхнэр, нөхрийн хамт оройн хоол зооглож, уур амьсгал  ч хэвийн өрнөж байв. Гэтэл тэр орой тэргүүн хатагтай Меркелд “Ангель, тэр чамайг чин зүрхнээсээ үнэлдэг” хэмээн хэлснийг хожим А.Меркел дурсаж байв.  Уул нь тэргүүн хатагтай Мишель олон улсын улс төрийн асуудалд оролцоод байдаггүй юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Обама дөрөвдүгээр сарын 24-ний өдөр ХБНГУ-ын Ханновер хотноо айлчилсан юм. Түүний айлчлалын зорилгын нэг хэсэг нь яахын аргагүй Сирийн дүрвэгсдийн асуудлаас болж улс төрийн дарамт, шахалтад өртөж буй Герман найздаа дэмжлэг үзүүлэх явдал байв. Учир нь Меркел өнгөрсөн онд бараг сая гаруй дүрвэгсдэд хилээ нээж өгсөн, цаашдаа ч дүрвэгсдийг хүлээн авах байр суурийг чанд баримталснаараа Канцлерийн суудлаа дэнчинд тавиад байгаа билээ. Ийм ч учраас Ерөнхийлөгч Б.Обама түүний улс төрийн зоримог шийдвэрийг өндрөөр үнэлж, дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр Б.Обама “Энэ асуудал дээр түүх түүний талд зогсох болно. Миний бодлоор хүмүүсийг хуваах биш харин нэгтгэх гэсэн энэрэнгүй зарчмыг баримталж байгаагаараа Меркел өөрийн дуу хоолойг хүргэж байна. Би түүний үйлдлээр бахархаж байна. Мөн энэ алхмыг хийж буй Германы ард түмнээр бахархаж байна.хэмээн өөрийн байр суурийг илэрхийлэв.

Мөн айлчлалын үеэр Ерөнхийлөгчийн зүгээс Европын хүчирхэг хамтрагчаа Исламын улс бүлэгтэй тэмцэхэд дэмжлэг үзүүлнэ хэмээн найдаж буйгаа илэрхийлэв. Түүнчлэн АНУ-Европын Холбооны худалдааг дэмжиж буйгаа давхар илэрхийлсэн юм. Дашрамд дурдахад энэхүү худалдааны асуудал хэлцлийн шатандаа явж байна.

.... АНУ-ын Ерөнхийлөгчийн Европ тивд хийсэн айлчлалыг шинжээчид дүгнэн үзэхдээ ‘Өмнө нь АНУ-Европ тивийн харилцаанд Франц эсвэл Их Британи улсууд тэргүүлэгч байр суурьтай байдаг байсан бол одоо ХБНГУ тэднийг урд гарчээ’ хэмээн дүгнэсэн байдаг ....

Экспертүүдийн үзэж буйгаар Транс-Атлантикийн харилцаа, худалдааны асуудал нь Берлин-Вашингтоны харилцаан дээр тулгуурлах аж. Харин тус хоёр орны харилцаанд Обама болон Меркел нарын нөхөрлөл  гол үүрэг гүйцэтгэх аж.

Тэдний харилцаа анхнаасаа нөхөрсөг, дотно байсангүй. Канцлерийн хувьд Обамаг анх Ерөнхийлөгч болж байх үед залуу Ерөнхийлөгчид эргэлзэж буйгаа илэрхийлж байсан. Герман улсад суугаа АНУ-ын элчин сайдаас Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтонд илгээсэн зурваст “Обаматай холбоотой асуудалд таатай бус хандаж байна ... Учир нь Меркелийн улс төрийн үзэл санаа, ерөнхий арга барилттай зөрчилддөг. хэмээн бичиж байв.

Өнгөрсөн онд “АНУ-ын үндэсний аюулгүй байдлын агентлаг” Канцлер А.Меркелийн гар утсыг чагнаж байсан нь илчлэгдэж, тэдний харилцаанд багагүй сэв суусан. Гэвч Обама болон Меркел нар улс орондоо тулгарч буй сорилтуудад сэтгэл хөдлөлөөр хандаад байдаггүй, гайхам  реалист үзэлтнүүд учраас тэдний харилцаа энэхүү зөрчилдөөн дээрээс улам бүр дотноссон байх хэмээн экспертүүд үздэг билээ. Өнгөрсөн 24-ний өдөр А.Меркел сэтгүүлчдэд хэлэхдээ Миний хувьд Ерөнхийлөгчтэй харилцах ирээдүйн харилцаа чухал болохоос биш өнгөрсөн үе чухал биш хэмээн хэлжээ.

... 2015 оны зургадугаар сард ХБНГУ-ын Бавариа мужид болсон “Их Долоо”-гийн уулзалтаар өнгөрсөн үе дэх үзэн ядалтаа хойш тавьсан нь илт харагдаж байсан юм ...

Обама Меркелийг хараад нүүр дүүрэн инээмсэглэж, мэндлэхдээ түүнийг тэвэрч, хацар дээр нь үнсэв. Тэр хоёр Алфийн тосгоноор салхилж, зайдас идэж, хамтдаа герман шар айраг уусан нь сэтгүүлчдийн дуранд ихэд өртөж байсан билээ.

Уг нөхөрсөг байдал өнгөрсөн ням гарагийн айлчлалаар дахин ажиглагдсан юм. Обама, Меркел нар хэдэн цагийн турш ярилцжээ. Германы “Bild” сонинд өгсөн Обамагийн ярилцлага "Was ich an Merkel so mag!" -- "Меркелийн юу нь надад таалагддаг гээч!"  гэсэн гарчигтай байв.

Ханновер хотод хийсэн айлчлалын үеэр  Б.Обама ярихдаа Энэ бол Ерөнхийлөгчийн албанд суух үеийн минь чухал нөхөрлөл байлаа. Канцлер Меркел үнэхээр тууштай, тогтвортой, бас итгэл даах хүн байсаар ирсэн. Тэр хошин мэдрэмж сайтай хүн боловч үүнийгээ хэвлэлийн хурлын үеэр ер харуулдаггүй. Тиймээс ч ийм удаан хугацаанд удирдагчийн суудалд суусан байх. Учир нь тэр хэлж буй үгээ сайн цэгнэдэг.

ХБНГУ-д хийсэн айлчлалын дараагаар Б.Обама Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Италийн Ерөнхий сайд Ренци Маттео болон Их британийн Ерөнхий сайд Дэвид Камерон нартай уулзаж, аюулгүй байдал, Ливи болон Сирийн хүмүүнлэгийн асуудал, энх тайвны гэрээ хэлэлцээрийн талаар яриа өрнүүлсэн билээ.