“Би шалихгүй асуудалд гомдоллохгүй”
УИХ-ын гишүүн Ч.Улаантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Хоёр намыг эвсэх асуудал яригдаж байх үед таныг утсаа салгаад алга болчихсон гэж байсан. Яагаад тэгсэн юм бэ?
-Ажлын хэсэг шийдвэрээ гаргаад, хэвлэлийн бага хурлаар эвсэх тохиролцооны талаар мэдээлэл хийсэн. Ажлын хэсгээс гаргасан саналаа намын дээд байгууллагадаа өгсөн. Үүнээс хойш хоёр намын ажлын хэсэг дахиж уулзаагүй. Аль нэг ажлын хэсгээс нэгэндээ ямар ч асуудал тавиагүй.
-МАН, МАХН-ын эвсэх асуудал яг юунаас болоод бүтэлгүйтчихсэн юм бэ?
-Намуудын удирдах дээд байгууллага энэ асуудлыг шийдэх ёстой. Манай намын дээд байгууллага 200 гаруй гишүүнтэй. МАН-ын дээд байгууллага 300 гаруй гишүүнтэй. Цаана нь удирдах зөвлөл, гүйцэтгэх товчоо гэж байна. Бүх шатанд уг асуудал харилцан яригдах нь мэдээж хэрэг. Гэтэл ярилцах хугацаа давчуу байсан. Дөрөвдүгээр сарын 20-ноос өмнө амжаагүй байхгүй юу. Яагаад гэвэл бага хурал чуулганаар нэлээд цаг зарсан.
-МАХН-ын дарга Н.Энхбаярыг туйлбаргүй гэсэн шүүмжлэл байна. Хоёр намын эвсэх асуудал яг шийдэгдэхийн даваан дээр Н.Энхбаяр АН-ынхантай уулзаад өөр зүйл яриад явж байсан гэх юм?
-Анх хоёр намын ажлын хэсэг байгуулагдахаас өмнө манай нам дээр гурван ажлын хэсэг байгаа гэж ил тод мэдээлсэн. МАН, АН, Ногоон нам бусад намуудтай ажиллах ажлын хэсэг байгаа шүү. Хэлцэл хийж байгаад аль болох нийтлэг, эрх ашигтаа ойрхон, тохиролцоо, ойлголцолтой хэсэгтэй хамтарч ажиллана гэж анхнаасаа хэлсэн. Тиймээс уулзалт болно гэдгийг тооцоолж байсан гэж бодож байна. Тиймээс хийсэн ажлаа балалсан гэж би бодохгүй байна. Ер нь бүтээгүй ажилд буруутан ганц л байдаг.
Тэр бол хариуцаж хийсэн хүн. Энэ дунд саад болох олон хүчин зүйл байдаг. Яахав ажлын хэсгээс хамаарахгүй ч хүчин зүйл байж болох юм. Хэрэв ажил бүтсэн бол ажлын хэсгийнхэнээс бусад нь бүгд гавьяатай болж хувирна. Би олон ажлын хэсэг ахалсан. Өнөөдөр эерэг үр дүн гарсан, гараагүй үйл лайг нь эдэлж яваа зөндөө асуудал бий. Тохиролцсон, эвссэн байлаа ч сайн нэр дуулдаггүй нь ойлгомжтой. Айлд арай илүү өгсөн юм биш биз, өөртөө дутуу тохирчихсон юм биш биз гэх мэт асуудал гарна. Гэхдээ бид сонгуулийн өмнө ч дараа ч хамтарч ажиллах боломж бий. Хоёр намаас санаачлага гаргавал маш олон боломж байна.
-Ямар боломж байна гэж. Мөрийн хөтөлбөрөө батлаад Үндэсний аудитын газар хүргүүлчихсэн биз дээ?
-Орон нутгийн түвшинд эвсэж болно. УИХ-ын түвшинд ч хоёр намынхан ойлголцоод, хүчээ зузаатгах, санал хуваагүй байх боломжтой. Заавал нэг тойрогт хоёр намаас хоёр хүн гэхгүйгээр нэг тойрогт МАН-аас нэр дэвшсэн бол нөгөө тойрог МАХН-аас гэх мэт ойлголцож болох хувилбарууд бий. Нэг хаалга хаагдахад цаана нь хэсэг хаалга нээгдчихсэн байдаг байхгүй юу. Гэтэл хаагдчихсан ганц хаалга руу хараад байх юм. Тийм биз дээ.
-Ээдрээтэй л хувилбар юм?
-Заавал УИХ-д орохгүй орон нутгийн түвшинд шийдэж болно. Яагаад парламентад орох ёстой юм. Гишүүд хоорондоо, намууд хоорондоо бодлогоо уялдуулж болно.
-Та ямар учраас “Шударга ёс” эвслийн өргөтгөсөн хуралд оролцоогүй юм бэ?
-Би тэр үед байнгын хорооны хуралтай байсан. Цаг давхацсан юм. Өглөөний 09.00 цагаас 13.30 цаг хүртэл байнгын хороог хуралдуулж таван асуудал шийдсэн. Нэг хүнийг ямар хоёр хуваалтай биш.
-Өргөтгөсөн хурал дээр суугаагүй болохоор олон нийт янз бүрээр дүгнэсэн. Таныг эвсэх асуудлаас болж Н.Энхбаяр даргатай үл ойлголцолд хүрсэн гэх юм. Энэ үнэн үү?
-Би тэгж шалихгүй асуудлаар гомдоллож, улиглаад явдаг хүн биш. Өөрийн байр сууриа хэний ч өмнө, хэзээ ч хэлчихнэ. Тийм дэл сул яриа бол таавар төдий зүйл.
-Та намаа солих уу?
-Ирээдүйд болох зүйлийг битгий хэл, өнгөрсөнд болсон зүйлийг ч ойлгохгүй байх үе хүний амьдралд байдаг юм. Би өөрийн үзэл бодолдоо үнэнч хүн. Тэгэхээр манай хоёр намыг тэс өөр намууд гэж ойлгоод байдаг. Гэтэл нэг том мөрөн гол байхгүй юу. МАН, МАХН чинь нэг мөрөн голын хоёр нэр юм. Том мөрөн юм бол холыг зорих замдаа саад бэрхшээл тулгарна шүү дээ. Одоо бол тодорхой хэмжээний саад тулгарсан учраас хоёр салаалчихаад байна гэж хэлж болно. Цаашид урсгалаараа нийлнэ.
Засгийн газрыг түшилцсэн “Шударга ёс” эвслийн бүлэгт та ямар дүн тавих вэ?
-“Шударга ёс” эвсэл төгс биш зохион байгуулалттай. Яагаад гэхээр эвслийн бүлгийг удирдан зохион байгуулдаг удирдах зөвлөл гэж байдаг. Гэтэл эвслийн удирдах зөвлөл дөрвөн жилийн хугацаанд огт ажил хийгээгүй. Яагаад гэвэл анхнаасаа буруу зарчмаар буюу 30:70 гэдэг зарчмаар байгуулчихсан. Тэгэхээр 30 хувийн бүрэлдэхүүнтэй хүмүүс нь орж ирээд цөөнх болно биз дээ. Тэгш харилцаа байхгүй. Ингээд бүлгийг намууд өөр, өөрсдөө удирдан чиглүүлэх гэж оролдсон. Үүнээс болж нэгдмэл байж чадаагүй. Д.Батцогт, Г.Уянга, Л.Цог гурав гарсан.
-“Шударга ёс” эвсэл даргаа хэзээ сонгох вэ?
-Нэн даруй сонгох ёстой. Энэ чухал үед гурван давхар дээлтэй даргатай хэцүү байна.
-Н.Батцэрэг сайд эвслийн даргын албан тушаалаа өгчихсөн биз дээ?
-Өгөхөд бэлэн байна гэдгээ мэдэгдсэн болохоос биш хүн томилоогүй. Бидний ажил нэг иймэрхүү л байна. Тэр хүн гурван давхар дээлтэй хурлаа хийж амжихгүй явсаар өнөөдөр чуулган эхэлж байхад хуралдах гээд сандраад, аргаа барсандаа завсарлага авах гэсэн юм. Энэ чинь бидний ажлын зохион байгуулалтаас болоод төрийн ажил ухарч байгаагийн илрэл. Үүнийг би зөвтгөхгүй. Аль эрт шийдэх ёстой байхад бидний ажиллаж байгаа түвшин ийм л болчихоод байна.
-Цэцийн шийдвэрийг дэмжиж байгаа юу?
-Уг шийдвэрт олон үр дагавар бий. ҮХ-ийн хоёр заалтыг зөрчсөн гэж цэц дүгнэлт гаргасан байна лээ. Тэр хоёр заалт хоёулаа иргэнийг сонгоно гэж байдаг. Түүнээс биш намаар дамжуулж сонгоно гэсэн ойлголт байхгүй. Үүнийг шийдэх ёстой асуудал мөн. Тэр ч битгий хэл манай намын бүлгийн байр суурь тодорхой. Юу вэ гэхээр сонгуулийн системийг өөрчлөхгүй бол өнөөгийн систем хэд хэдэн сул талтай. Нэгдүгээрт, ҮХ зөрчсөн гэдэг шүүмжлэлд байнга өртдөг. Хоёрдугаарт, өнгө мөнгөний нөлөө ордог.
-Гэтэл “Шударга ёс” эвслийн өргөтгөсөн хурал дээр цэцийн дүгнэлтийг улс төрийн гэмт үйлдэл гэж дүгнэсэн. Уг шийдвэрийг дэмжихгүй гэдгээ илэрхийлэх төлөөлөл олон байсан.
-Тэр өргөтгөсөн хуралдаан бол эвслийн бүлгийн хурал биш. Зүгээр эвслийг бүрдүүлэгч нам гэж би ойлгож байна. Өчигдөр юу ярьсныг би сайн мэдэхгүй байна. Би бол даваа гаригийн өглөө 11.00 цаг сэтгүүлчдийг байлгаж байгаад ил тод хэлсэн шүү. Миний байр суурь бол бүлгийн албан ёсны байр суурь. Нэг үгээр хэлбэл жагсаалтыг “үгүй” хийх нь зөв. Гэхдээ мажоритар системээр сонгууль явагдаж, пропорциональ системээр дүнгээ гаргах хэрэгтэй. Ингэснээр ҮХ-ийн зөрчил арилна.
-Мажоритар системээр сонгууль явагдаж, пропорциональ системээр дүнгээ гаргах саналаа албан ёсоор гаргасан юм уу?
-Сонгуулийн тухай хуулийн төсөл боловсруулж байхад санал гаргасан. Гэвч ажлын хэсэг нухчин дараад өнгөрсөн. Нэгдүгээрт, намын эрх ашиг. Хоёрдугаар, тодорхой хүмүүсийн эрх ашиг хөндөгдөх гээд байсан байх. Иймд энэ хувилбар луу орох нь байтугай, ярихаас цээрлэдэг юм. Манай намынхан дотор ч ярихаас цээрлэж байгаа хүмүүс бий. Тэгэхээр энэ итгэл үнэмшилгүй асуудал.