Бид эвсэж, хамтарч ажиллах соёлд суралцаагүй байна
2016.04.27

Бид эвсэж, хамтарч ажиллах соёлд суралцаагүй байна

УИХ-ын гишүүн, “Шударга ёс эвсэл”-ийн гишүүн Ч.Улаантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

УИХ дахь намын бүлгүүд Үндсэн хуулийн Цэцийг хүлээж авахаар байр сууриа нэгтгэчихлээ. Та хувьд гишүүнийхээ хувьд жагсаалтаар сонгогдох нь Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлтэд ямар байр суурьтай байгаа вэ?

-Миний хувьд Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг зөв, нэн даруй хүлээж авах ёстой гэсэн байр суурьтай байгаа. 2012 онд сонгууль явуулсан систем маань холимог буюу жагсаалтаар сонгосон. Энэ нь Үндсэн хуульд нийцэхгүй байна гэх шүүмжлэл их явсан. Би ч анхнаасаа үүнтэй байр суурь нэг байсаар ирсэн. Хэрвээ олон нийт санаж байгаа бол өмнө нь бүлэг дээрээ санал хэлж байгаад хууль санаачилсан. Харамсалтай нь Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх үеэр авч хэлэлцээгүй.

-Бүлэг дээр өмнө нь юу гэж тохирч байсан юм бэ?

-Үндсэн хуульд нийцсэн шинэ тогтолцоо санал болгосон юм. Монгол Улс нэг тойрог. 76 мандаттай. Намууд нэр дэвшүүлэхдээ 76 хүртэл хүнийг дэвшүүлнэ. Сонгогч хаана ч байсан нэг л хүний төлөө санал өгнө. Ингээд намын нэр дэвшүүлсэн хүмүүсийн саналын тоог нэмсээр байгаад нийт дүн нь намд оноо болж хураагдана. Түүгээр УИХ-ын 76 суудлаа хэрхэн хууваахаа шийдэхээр байсан.

Өөрөөр хэлбэл хуваарийн дагуу хэдэн суудал оногдохоор байна, түүнд таарсныгаа ард түмний өгсөн саналаар эрэмблэх байдлаар оруулж ирэхээр байсан юм. Нэр дэвшүүлэхдээ мажоритор, үр дүн нь пропорциональ байх холимог системийг санал болгосон. Гэтэл Сонгуулийн хуулийн ажлын хэсэг дээр яригдаад бүгдийг нь авах боломжгүй гэж үзсэн. Тэгвэл бүсчлээд энэ системээр явуулъя гэсэн санал гарсан. Гэвч эцсийн шатандаа аль нь ч дэмжигдээгүй. Тэгэхээр миний хувьд 28 хүний жагсаалт алга болох ёстой гэдэгтээ байр суурь хатуу байгаа. Үндсэн хуулийн Цэц дунд суудлын хуралдаанаар дээрх дүгнэлтийг гаргасан л бол хугацаа алдалгүй хүлээн авах ёстой. Хуулиараа удах ямар ч бололцоо байхгүй. Тавдугаар сарын хоёрноос нэр дэвшүүлээд эхэлнэ. Түүнээс өмнө системээ тодорхой болгох ёстой. Өөрөөр хэлбэл энэ долоо хоног л үлдлээ.

-Гэхдээ намууд энэ асуудлыг Цэцтэй тохирчихсон байсан гэх мэдээлэл бий шүү дээ. Цэцийн дунд суудлын хуралдаан баасан гарагт дуусаагүй байхад УИХ-ын чуулганы хуралдааныг лхагва гарагт зарласан байгаа шүү дээ?

-Энэ долоо хоногт чуулганаар оруулах нь зөв. Гэхдээ баасан гарагт бол Үндсэн хуулийн Цэц ийм асуудал шийдлээ гэдэг нь тодорхой болчихсон байсан. Нэгэнт цаашаа хэлэлцэх хугацаа байхгүй учраас даваа гарагаас хэлэлцэнэ гээд хуваарь гаргасан. Эндээс ямар нэг зөрчил харахгүй байгаа. 

-Жижиг намуудын хувьд эрсдэл ихээр дагуулахаар болчихлоо. Жишээ нь жагсаалтад найдсан хүмүүс байсан нь мэдээж. Хэрвээ жагсаалт байхгүй боллоо гэхэд шинэ хүмүүсээ таниулъя гэхээр сурталчилгааны хугацаа болчихсон.

-Мэдээж жижиг намууд асуудал үүсгэх байх гэсэн болгоомжлол бий. Гэхдээ аливаа асуудлыг наанатай, цаанатай авч үзэх хэрэгтэй. Сонгуулийн хууль гэнэт өнөөдөр яригдаад батлагдчихсан юм биш. Дөрвөн жил яригдсан. Тухайн нам ч гэсэн ердөө өчигдөр, өнөөдөр байгуулагдчихсан ч юм биш. Дөрөв байтугай жил болчихоод, хангалттай үйл ажиллагаа явуулаад ард түмэнд танигдах бололцоо байсан уу гэвэл байсан байж таарна. Тиймээс энэ бол Үндсэн хуульд нийцээгүй шийдэр гаргахад нөлөөлөх шийдвэр болохгүй. 

-Гэхдээ Цэц өмнө нь яг энэ асуудлыг Үндсэн хууль зөрчөөгүй гэж шийдвэр гаргасан. Өнөөдөр яг л тэр бүрэлдэхүүнээрээ Үндсэн хууль зөрчиж байна гэдэг дүгнэлтийг гаргаж байгаа. Энэ нь Цэцийн дээр хөх тэнгэр биш УИХ байдаг гэдгийг баталж байгаа юм биш үү? 

-Энэ чиглэлийн маргаан Цэц дээр олон удаа болсон. Он гарсны дараа ч маргаан гарч байсан юм билээ. Гэхдээ дунд суудлын шийдвэр гараагүй байх. Түүнчлэн Цэц шийдвэр гаргахдаа Үндсэн хуулиа л барих ёстой. Ямар ч иргэн Үндсэн хуулийг аваад үзэхэд хүн сонгохооор л ойлголт байгаа шүү дээ. Тэнд намын жагсаалтаар дамжуулна сонгоно гэдэг үг байтугай агуулга ч байхгүй. Цэц ямартай ч шийдвэрээ гаргасан. Өмнө нь янз бүрийн шийдвэр гаргаж байсан байх. Энэ нь төрлийн маргаан тасрахгүй, бүрэн шийдэгдэхгүй байсаар өдийг хүрсэн. Цаашид хөдөлгөөнгүй болгож, мухарлах нь зүйтэй. Би тэгж найдаж байгаа. 

-Хэдий цаг хугацаа өнгөрсөн ч Цэцийн бүрэлдэхүүн, асуудлын агуулга солигдоогүй. Тийм байтал хоёр өөр шийдвэр гарчихлаа шүү дээ?

-Цаг хугацаа өнгөрөх тусам, тал бүрээс нь нарийвчлаад үзэхээр хүний байр суурь, итгэл үнэмшил явцын дунд, өөрчлөгдөж болно шүү дээ. Асуудал эцсийн бүлэгтээ үнэнд ойртож л унадаг. Тэр л болж байна. 

-Үндсэн хууль зөрчлөө гэх шийдэрээс болоод жагсаалтад багтахаар улайрч байсан хүмүүс их л бухимдалтай байгаа даа?

-Угаасаа энэ жагсаалт өөрөө эдийн засаг талаасаа маш харш. Жижиг тойрог байхад хүмүүсийн саналыг авахын тулд мөнгө, эд бараа тараадаг гэж ярьдаг. Ийм сөрөг үр дагавар гардаг нь өмнө нь зөндөө байсан. Гэхдээ жижиг тойрогтой үед зөвхөн тэнд байгаа тодорхой тооны сонгогчийн саналыг татахын тулд эдийн засаг мөнгөний нөлөө орж байсан. 

-Тантай уулзсаных МАН, МАХН-ын эвсэх эсэх асуудлыг асуухгүй өнгөрч боломгүй. Та МАХН-ын талаас ажлын хэсгийг ахалж байсан. Эцсийн хариуг тогтоогүй байхад та утсаа салгаад алга болчихсон гэх мэдээлэл бий. Яг юу болоод эвсэж чадсангүй вэ. Та бүхэн хэлсэндээ хүрсэнгүй юу?

-Ажлын хэсгийн хувьд ойлгомжгүй ямар нэгэн зүйл гараагүй гэж бодож байгаа. Хоёр ажлын хэсэг хуралдаж, асуудлуудаа яриад, ойлголцоод түүнийгээ санамж бичгээр баталгаажуулж, тодорхой шатны ажлаа дуусгавар болгосон. Ингээд эцсийн шийдвэр гаргах хоёр талын байгууллагууддаа саналаа өгсөн. Эцсийн шийдвэрийг намын төлөөлөх байгууллагууд гаргана. 
Нэгэнт Бага чуулган, Бага хурлын гишүүдийн анхааралд асуудал нэгэнт орчихсон учраас тэдгээрийн гишүүд намын удирдах зөвлөл, гүйцэтгэх товчооны гишүүд, дарга нар байр сууриа илэрхийлэх, саналаа хэлэх зэрэг зүйл байна л даа. 
Тэр хүрээндээ асуудал эхлээд, цааш явалгүй зогсчихлоо. Тэгэхээр бид эвсэхийг хүсээгүйдээ саяын тохиролцоо бүтэлтэй болоогүй юм биш. Ердөө л амжаагүй. Эвсэх боломжгүйдээ шийдэгдээгүй ч юм биш. Болгоомжлолоо давж гарах цаг хугацаа байгаагүй хэрэг.

-Боломжийн хугацаа байсан юм биш үү?

-Ажлын хэсгийнхний тухайд бүтэн сарын хугацаанд сайн ажилласан. Харин Бага хурал болон чуулган дээр очоод ярихад бүтэн, хагас өдөр л оногдсон. Тэр хугацаанд асууж, тодруулах, үр дагаварыг тооцох, шийдвэр гаргахад амжихгүй. Нэгэнт цаг хугацаа нь шахчихсан учраас зарим нь яаран, сандран асуудлыг захаас нь шүүрч аваад чи, би ухарлаа гэж харагдсан хэрэг. Үнэндээ шийдвэр гаргах түвшинд асуудалд жаахан задгай хандсаны л илрэл гэж харж байгаа. 

-МАН-ын зүгээс сонгуульд дангаараа оролцоно. Гэхдээ эвсэх асуудал нээлттэй гэж байгаа. Үнэн хэрэгтээ нэр дэвшигчдийг тодруулаагүй байсан учраас Бага хурлын болон чуулганы гишүүд танхимаас эвсэх асуудалд таагүй хандаж байсан шүү дээ?

-Би бол дур муутай гэхгүй. Харин итгэл, үнэмшил нь байгаагүй. Биднийг хожчихож байгаа юм биш биз. Бид алдаж байгаа юм биш биз. Гэх мэтчилэнгээр дээд зэргээр эргэлзээтэй байсан. Бүр цаашилбал ингэж зальдаж байгаад уусгаад авчих вий дээ гэсэн эргэлзээгээ давж чадахгүй байсаар цаг хугацааны хязгаарт орчихсон хэрэг. Ийм эргэлзээ аль аль талд нь байсан. Магадгүй нийтээрээ итгэл, үнэмшилтэй болоод, нэгдэхээс аргагүй хэрэгцээ, шаардлага гарч санал нэгтэй шийдвэр гаралгүйгээр, зөвхөн олонхоороо шийдээд нэгдье гэчихсэн бол сөрөг үр дагавар гарч мэднэ. Эвслээр сонгуульд оролцож, ялалт байгуулаад, сандал суудлаа хуваах гэж маргадлан, түүнээсээ болж эвсэл маань тогтворгүй байдалд орвол яах вэ. 

-Өнөөгийн гашуун сургамж шиг үү?

-Тийм шүү дээ. Манай “Шударга ёс эвсэл”-ийн зарим гишүүн гарч, ороод л. Үүнтэй адил эвсэл маань бүрэн эрхийн хугацаагаа дуусгалгүй, амжилтгүй болж, задрахад хүрэх эрсдэл бий шүү дээ. Тэгэх аваас хоёр нам гэх мэт улсын том зорилго аяндаа нурна. Тиймээс холын үр дагаварыг нь бодвол энэ удаа итгэл үнэмшил, хэрэгцээ, шаардлагаа мэдрэг. Түүний дараа эвсэх асуудал шийдэгдэг. Одоо бол хууль зүйн талаасаа тодорхой алхмуудыг хийчихлээ. Ямар ч байсан ахиц байна. 

-Өмнө нь хоёр нам болж салж байсантай харьцуулахад уу?

-Тийм. 2010 онд хоёр хуваагдаж байхад маш хэцүү байсан. Ний нуугүй хэлэхэд бараг дайсан болж, эргээд уулзахгүй мэт тал, тал тийгээ салсан. 2012 оны сонгуулийн өмнө аль аль талд нь ижил үзэл баримтлалтай нам хуваагдсан нь зөв үү, сонгуульд эрсдэлтэй байх юм биз, магадгүй хамтдаа эвсэж орох юм биш үү гэдэг яриа гарч байсан. 
Энэ талаар яръя гээд УИХ-ын 11 гишүүн байснаа эцэстээ багассаар гурван хүн л үлдсэн. Эргээд харахад эвсэх, хамтрах асуудлыг ихэнх нь бодох байтугай сонсохыг ч хүсээгүй, орхисон. О.Чулуунбат агсан, Д.Тэрбишдагва бид гурвыг бүтэхгүй юм яриад, урваж, шарваад явж байна л гэсэн. Бид эвсэхээс аргагүй. Тэгэхгүй бол ялагдана гэдгийг хэлсэн. Сонгуулийн дүн гарахад саналыг яг л хуваасан байсан. Одоо энэ жил олонх нь эвсчихвэл сонгуулиар ялалт байгуулах юм байна гэдэг итгэл, үнэмшилтэй болчихсон ажиллаж байна. Өөрөөр хэлбэл дээр хэлсэн ахиц гарсан гэдгийн баталгаа. Цаг хугацаа ухаалар өгч, үнэн мөнгийг тогтоодог шалгуур шүү дээ.

-Цаг хугацаа гэхээс илүү Н.Энхбаяр даргаар эвслийг толгойлуулна гэдгээс асуудал үүссэн юм биш үү?

-Н.Энхбаяр даргатай холбоотой асуудал бол ахнаасаа яригдаагүй. Ажлын хэсгийн хувьд хамгийн сүүлийн түвшинд яригдсан. Хэрвээ эвсвэл удирдах шаардлагатай дундын байгууллага буюу хуулиар бол удирдах зөвлөл байх ёстой. Эдирдах зөвлөл дарга, орлогчтой байлгая гэсэн. Нөгөө хэсэг нь хоёр даргатай байлгая гэж ярьсан. Ижил тэнцүү эрхтэйгээр хоёр талаасаа байгуулж, хоёр дарга нь харилцан зөвшилцөж шийдвэр гаргадаг зарчмаар ажиллая гэдэг асуудал байсан. Яг л одоогийн эвслийн гашуун туршалагаар яригдсан хэрэг. Удирдах зөвлөл нь ажиллахгүй. Эвслийн бүлгийг намууд өөрсдөө удирдах гэж оролдсон шүү дээ. Үүнээс болж хүч нь сарнисан. 
Тиймээс удирдах зөвлөлөө тэнцүү байгуулъя, дарга нар нь зөвшилнө гэдэг саналыг манайх гаргасан. Нөгөө талаас хоёр даргатай байх нь зохимжгүй гэсэн. Эсвэл бүр эвслийн тэргүүн, удирдах зөвлөлийн дарга гэж гаргая гэж ч яриад тогтсон. 

-Одоо асуудлаа шийдэж чадахгүй байгаа хүмүүс сонгуулийн дараа эвсээд явсан ч албан тушаалаа хуваахаас эхлээд хүндрэл үүсэх юм биш үү?

-Тийм болгоомжлол бий. Гэхдээ нийтлэг эрх ашиг гэж харах хэрэгтэй. Түүний тулд хувь хүн, нам эрх ашгаа зохицуулах л ёстой. Улс орны төлөө эвсэх нь зүйтэй гэж үзсэн бол дарга, цэргийн суудал хуваах нь хоёрдугаар зэргийн юм. Тиймээс түүнийг шийдэж болно. Задрах хэмжээний асуудал биш гэж бодож байна. 

-Өнөөдөр тийм агуу сэтгэлтэй улстөрч байх уу?

-Байгаа байлгүй дээ. Одоо харагдахгүй байгаа ч, алсдаа нийтлэг эрх ашигтаа нийцээд, хоёр нам ойртох байх гэдэгт би эргэлзэхгүй байгаа. 

Эвсэж, хамтарсан эрх баригчид төрийн ажлыг уламжлуулаад явахад хэцүү юм гэдгийг өнгөрч байгаа дөрвөн жилийн хугацаа маш сайн харууллаа. Ийм байхад улстөрчдийн дунд хамтрах гэдэг итгэл найдвар төрөх үү?

-Үүнтэй санал нэг байна. 1990 оноос хойшхи Монгол Улсын өөрчлөлт, шинэчлэлтийн эдийн засгийг судлаад үзэхэд бид эвсэж, хамтарч ажиллах соёлд суралцаагүй юм байна гэдэг нь харагдсан. Эвссэн үед эдийн засаг, хөгжлийн түвшин буурч, суларч, хямарч басан байдаг. 
Аль нэг улс төрийн хүчин дангаараа, бодлогоо гаргаад, түүнийхээ төлөө зүтгэсэн үед уналт зогсох, хямрал засрах, өсөх хандлага гардаг. Тиймээс би дээрх дүгнэлтийг хийсэн. Ингээд бодохоор аль нэг тал нь бодлогоо хэрэгжүүлэх эрхтэй, түүнийхээ төлөө зүтгэдэг. Нөгөө тал нь хууль бус, буруу үйл ажиллагааг нь сэрэмжлүүлж, шүүмжлээд засаад явдаг тогтолцоо руу орох ёстой.