Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хооронд байгуулах зээлийн хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжлээ
2016.04.26

Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хооронд байгуулах зээлийн хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2015.04.26/ хуралдаан 10 цаг 50 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. 

БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 оны 5 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр Монгол Улсын нийгэм-эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, тулгамдсан зорилтуудыг шийдвэрлэхэд туслахаар 1.0 тэрбум ам.долларын зээл олгоход бэлэн буйгаа мэдэгдсэн билээ.

Энэ дагуу БНЭУ-аас 1.0 тэрбум ам.долларын хөнгөлттэй зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг сонгон санал боловсруулах ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 130 дугаар захирамжаар байгуулан ажиллаж байгаа хэмээн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Болор Байнгын хорооны гишүүдэд танилцуулсан юм. 

Монгол Улсын Засгийн газарт БНЭУ-ын Экспорт-Импорт банкнаас олгох зээлийн хэлэлцээрийг Энэтхэгийн талтай 2016 оны 3 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд хийж зээлийн нөхцөл, Экспорт-Импорт банкны зээлийн процедурын талаар хэлэлцэн, зээлийн нөхцөлийг дараах байдлаар тохиролцоод байгаа аж.

Зээлийн хүү жилийн 1.75 хувь, зээлийн хугацаа 20 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил юм байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, зээлийн эргэн төлөлтийн график, зориулалтыг тодорхой болгох, зориулалтын үндэслэл, тооцоо судалгааг нарийвчлан гаргах нь зүйтэй гэж, харин тус байнгын хорооны дарга Ч.Улаан, Ч.Хүрэлбаатар нарын гишүүд зээлийн зориулалтыг Засгийн газраас санал болгосны дагуу буюу зээлийн хөрөнгийг төмөр замын төслүүдийг санхүүжүүлэхээр тусгасныг дэмжих саналтай байлаа. Гишүүд ийнхүү хэлэлцсэний дараа зээлийн хэлэлцээрийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо. 

Дараа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.

Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар Сангийн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулав.

 

Ингээд байнгын хорооны гишүүдээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж, санал дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд оруулж танилцуулахаар тогтлоо.

Байнгын хорооны энэ удаагийн хуралдаанаар дараа нь бүс нутгийн иргэдийг цахилгаан эрчим хүчээр тогтвортой, найдвартай хангах, ахуйн хэрэглээний болон импортын цахилгаан эрчим хүчийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж тодорхой хэмжээгээр санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор Хөвсгөл аймгийн Ханх сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум болон Дорнод аймгийн Ульхан-Майхан, Хавирга, Сүхбаатар аймгийн Бичигт, Завхан аймгийн Арцсуурь, Дорноговь аймгийн Ханги, Ховд аймгийн Ярант, Өмнөговь аймгийн Шивээхүрэн хилийн боомтуудаар ОХУ болон БНХАУ-аас импортоор оруулж байгаа ахуйн хэрэглээний цахилгаан эрчим хүчийг Гаалийн албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр боловсруулсан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Гишүүд уг хуулийн төслүүдийн талаар зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжиж нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. 

Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2015.04.15-ны өдөр Худалдааны тухайхуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж, зарим зарчмын зөрүүтэй санал гаргасныг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэхээр шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.