Шүүх байгуулах тухай болон холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах төслүүдийг хэлэлцэхээр болов
Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.04.27.Лхагва гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 08 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, энэ өдрийн хуралдаанаар 17 асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.
Эвслийн бүлэг Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг
хэлэлцэхээс завсарлага авав
Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлт /Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/-ийг хэлэлцэв. Энэ талаарх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагваа танилцуулсан юм.
Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар иргэн Д.Банзрагч, Ц.Намсрай нарын гаргасан мэдээллийн дагуу Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад "хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно.” гэж тус тус заасан нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, Хорин нзгдүгээр зүйлийн 2, 3, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ. Цэцийн дунд дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан оролцсон байна.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүунийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно.” гэж заасны “... 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар ...” гэж заасан нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд ... шууд ... сонгоно.”,
Хорин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.” гэснийг тус тус зөрчсөн байна гэж дүгнэсэн байна. Мөн Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэц шийдвэрлэж, сонгуулийн хувь тэнцүүлэх тогтолцооны суурь зохицуулалт өөрчлөгдсөнтэй уялдуулан дагалдаж өөрчлөгдөх зарим заалт тус хуульд байгаа болохыг дурджээ. Харин Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно.” гэж заасан нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй байна гэж үзжээ.
Иймээс Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар ...” гэсэн заалтын үйлчлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат нар танилцуулсан юм. Эдгээр байнгын хороод өчигдрийн хуралдаанаараа цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлтийг хэлэлцээд хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзжээ. Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг илтэд зөрчсөн гэж үзэж буй тул дэгийн хуулийн дагуу санал хураалтад оролцох боломжгүйгээ мэдэгдсэн бол Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Р.Гончигдорж нар ийм үндэслэлээр санал хураалтад оролцоогүй аж.
Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийн талаарх цэцийн гишүүний танилцуулга, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан хуралдаан даргалагч асуулт асуух гишүүдийн нэрсийг авах үед Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ “Шударга ёс” эвслийн бүлэг цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэх байсан ч гишүүдийн ирц бүрдээгүйгээс хэлэлцэж амжаагүй тул уг дүгнэлтийг бүлгийн хурлаар хэлэлцэж нэгдсэн байр суурьт хүрэх шаардлагатай байгаа учраас 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргав. Эвслийн бүлгийн завсарлага авах саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Бакей өнөөдрийн чуулганы эхэнд эцсийн найруулгыг нь сонссон Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн холбогдох заалтыг санууллаа. Харин хуралдаан даргалагч эвслийн бүлэгт завсарлага өгье, гэхдээ 5 хоногийн хугацаатай өгөх боломжгүй. Иймээс “Шударга ёс” эвсэл бүлгээ яаралтай хуралдуулж асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатайг сануулав.
Шүүх байгуулах тухай болон холбогдох хуулиудад
өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг дэмжив
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулсан юм.
Үндсэн хуульд “Шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно” гэж заасныг үндэслэн Улсын Их Хурлаас 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Шүүх байгуулах тухай хуулийг шинэчлэн баталсан. Энэ хуулиар шүүхийн тогтолцоо нэгдмэл байх зарчмыг тогтоож, хяналтын шатны шүүхээс бусад шүүхийг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалтыг баримтлан нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтрал, суурьшлын харилцан уялдсан тогтолцоо, шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны тоог харгалзан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харьяалуулан эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулсан.
Гэвч Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн нэг, хоёр дахь хэсгийн 1-8 дах заалт, 2 дугаар зүйлийн нэг, хоёр дахь хэсгийн 1, 2, 4 дэх заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгохоор шийдвэрлэсэн тул Шүүх байгуулах тухай хуулийн дээрх зүйл, заалттай холбогдон үүсэж буй асуудлыг нэг мөр шийдвэрлэх зорилгоор энэ хуулийн төслийг боловсруулжээ.
Энэхүү хуулийн төслөөр одоо үйл ажиллагаа явуулж байгаа давж заалдах шатны 19 шүүх 26 болж, дүүргийн 8 шүүх 16 болж, нийтдээ 15 шүүх шинээр байгуулагдах юм байна. Шинээр 13 аймагт байгуулагдах давж заалдах шатны шүүхийн шүүн таслах хэвийн ажиллагааг хангахад шаардлагатай 52 давж заалдах шатны шүүгч, шүүхийн захиргааны ажилтны орон тоо, шүүхийн тасралтгүй үйл ажиллагааг хангах техник зохион байгуулалтын ажилд нийтдээ 10,4 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.
Иймээс улс орны эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн нөхцөлд хуулийг дараах байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг хууль санаачлагч илтгэлдээ дурдав. Үүнд:
- Давж заалдах шатны шүүхэд ажиллаж байгаа шүүгчдийг нүүлгэж аймаг бүрт /Орхон, Дархан-Уул аймгаас бусад/ ерөнхий шүүгч-1, иргэний-1, эрүүгийн-1, нийт 3 шүүгч ажиллуулна. Ингэснээр шүүгчдийн тоог нэмэгдүүлэхгүйгээр 13 аймагт байгуулагдах давж заалдах шатны шүүхэд 38 шүүгч буюу орон нутгийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн 55,8 хувийг нүүлгэн шилжүүлнэ.
- Хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй тул ойролцоо аймгийн шүүхээс бүрэлдэхүүнийг томилон шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг хангана. Процессийн хуулиудад бүрэлдэхүүнтэй холбоотойгоор зохих өөрчлөлтүүдийг оруулна.
2014, 2015 оны шүүн таслах ажиллагааны тайлангаас харвал 2-3 аймаг дунд байрлах давж заалдах шатны эрүүгийн хэргийн нэг шүүгчид дундажаар 31 хэрэг, иргэний нэг шүүгчид дундажаар 24 хэрэг тус тус ноогдож байна. Шинээр байгуулагдах Орхон, Дархан-Уул аймгаас бусад аймгийн давж заалдах шатны шүүхэд шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй тул шүүн таслах ажиллагааны тайлантай уялдуулан томилолтоор ажиллах шүүгчийн тоо, давтамж өнөөгийнхөөс 3 дахин нэмэгдэж, үүнд 145 сая төгрөгийн нэмэлт хөрөнгө шаардлагатай болно.
- Хуулийн төслөөр аймаг бүрт давж заалдах шатны шүүх, дүүрэг бүрт дагнасан шүүх байгуулснаар одоо үйл ажиллагаа явуулж буй анхан болон давж заалдах шатны 99 шүүх нийт 114 болж, шүүхийн тоо 15-аар нэмэгдэх хэдий ч “Шүүгчийн орон тоо батлах тухай” УИХ-ын 2015 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан 693 орон тоог нэмэгдүүлэхгүй байхаар тооцож төслийг шинэчлэн боловсрууллаа. Төсөлд Шүүн таслах ажиллагааны 2014, 2015 оны тайлан, нэг шүүгчид ноогдох хэргийн ачааллыг харгалзан үзэж ажлын ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс ачаалал бага зарим орон нутгийн шүүхийн шүүгчдийн тоог хасаж, ачаалал ихтэй шүүхийн шүүгчдийн орон тоог нэмэх байдлаар тусгалаа.
Дээрх байдлаар хуулийг хэрэгжүүлснээр төсөвт ихээхэн хүндрэл учруулахгүйгээр хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлж, Шүүх байгуулах тухай хуулийг хэрэгжүүлэх боломжтой болох юм. Улмаар давж заалдах шатны шүүхийг иргэдэд ойртуулж, шударга шүүхээр шүүлгэх иргэний үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах үндсэн хуулийн суурь зарчим хангагдана гэдгийг тэрээр онцолсон юм.
Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсантай холбогдуулан Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Шүүгчийн орон тоог батлах тухай” Улсын Их Хурлын 2015 оны 59 дүгээр тогтоолыг шинэчлэн батлах тухай тогтоолын төслүүдийг боловсруулжээ.
Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн талаарх тус байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат танилцуулсан юм.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Ш.Түвдэндорж, Д.Лүндээжанцан нар үг хэлж хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийллээ. Ингээд байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үдээс хойш үргэлжлүүлнэ
Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ оны 02 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхэлж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат танилцуулсан юм.
Хууль зүйн байнгын хороо 04 дүгээр сарын 06, 13, 20-ны өдрүүдийн хуралдаанаараа Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан саналуудыг нэгбүрчлэн хэлэлцэж, дараах чиглэлээр өөрчлөлт оруулах саналыг нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтжээ. Үүнд:
-хуулийн нэрийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль” гэж өөрчлөх;
-хэргийн бодит үнэнийг тогтоох зарчмыг төсөлд нэмж тусгах;
-төслийн "ялтан” гэсэн нэр томьёог “ял шийтгүүлсэн этгээд” гэж өөрчлөх;
-эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох эрх зүйн үндсийг тодорхой болгож, өмгөөлөгчийн үйл ажиллагаа явуулах баталгааг хуульчилсан зохицуулалт нэмэх;
-зорчих эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэх нөхцөлийг нарийвчлан заах;
-шүүгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа тухайн аймаг, нийслэл, дүүргийн нутаг дэвсгэрт байгаа цагдан хорих байранд цагдан хорихоор шийдвэр гаргадаг байх;
-яллагдагчийн цагдан хоригдож байгаа газрыг өөрчлөн өөр газар шилжүүлэх тодорхой үндэслэлийг заах;
-яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох шинэ үндэслэл, шалтгаан бий болсон тохиолдолд оролцогчдийн санал, хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх;
-нотлох баримттай холбоотой заалтуудыг боловсронгуй болгож, энэ хуульд заасны дагуу оролцогчоос прокурор, мөрдөгчид гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг олж авсан эх сурвалжийг зааж хэлээгүй бол дангаараа нотлох баримт болохгүй байх, эрэн сурвалжилах нууц ажиллагаагаар олж авсан баримт, мэдээллийг үнэлэх;
-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авах, шалгах ажиллагааг өргөжүүлж, хойшлуулшгүй ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтны мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх хэмжээг хязгаарлах;
-Хяналтын шатны шүүхийн шийдвэрт гаргасан гомдол, эсэргүүцлийг хянан хэлэлцэх Эрүүгийн хэргийн танхимын хуралдааныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шйдвэрлэх тухай хуулийн нэр томьёотой нийцүүлэн “Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан” гэж өөрчлөх;
-хууль бус ажиллагаатай холбогдож гарсан, шүүхээр тогтоогдсон хохирлыг төр хариуцах зэрэг.
Мөн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэр томьёо, найруулгыг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ гүйцээн боловсруулах нь зүйтэй гэж үзсэн байна.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү, Ц.Даваасүрэн, Д.Лүндээжанцан, Б.Бат-Эрдэнэ, Ё.Отгонбаяр нар байнгын хорооны дарга болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан санал хэлсэн юм.
Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 195, найруулгын чанартай 187 саналын томьёоллоор санал хураалт явуулах байсан гишүүдийн ирц хангалтгүйгээс чуулганы нэгдсэн хуралдааныг 14 цагаас үргэлжлүүлэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.