Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2023.11.23) Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өргөн мэдүүллээ.
Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх, үзэл баримтлалд тусгасан бодлогын баримт бичигт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, Улсын дээд шүүхтэй зөвшилцсөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шаардлага, шалгууруудыг харгалзан Шүүх байгуулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Шүүхийн шатлалын үндсэн тогтолцоог хөндөхгүйгээр шүүхийн харьяалал, байрших газар, зохион байгуулалтыг өөрчлөх замаар иргэний шүүхэд хандах эрхийн баталгааг хангах, иргэнд үзүүлэх шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн бүтээмжтэй, үр нөлөөтэй анхан болон давж заалдах шатны шүүх байгуулах нь хуулийн төслийн зорилго юм байна.
Төсөлд анхан болон давж заалдах шатны шүүхийг байгуулахтай холбоотой зарчмын хэд хэдэн өөрчлөлтийг тусгажээ. Тухайлбал, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн зохион байгуулалтыг хэвээр хадгалах нь зүйтэй хэмээн төсөл санаачлагч үзсэн байна. Харин 2015 оны Шүүх байгуулах тухай хуулиар байгуулсан одоогийн 21 аймгийн давж заалдах шатны шүүхүүдээс Орхон, Дархан-Уул аймгуудын эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх тусдаа байгуулагдсан байгааг бусад 19 аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхтэй адил зарчмаар тус хоёр аймагт эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх болгон нэгтгэж, нийт 21 шүүх болгон өөрчлөн байгуулахаар төсөлд тусгасан байна.
Түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийг хэвээр үлдээх, нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүхийг байгуулахаар тусгасан байна.Ингэснээр хүчин төгөлдөр үйлчилж буй Шүүх байгуулах тухай хуулиар байгуулсан давж заалдах шатны 26 шүүхийг 25 шүүх болгон өөрчлөн байгуулахаар тусгажээ.
Дүүргийн анхан шатны шүүхийн тухайд Эрүүгийн хэргийн тойргийн 3, иргэний хэргийн тойргийн 3 буюу тойргийн нийт 6 шүүхийг байгуулж, нутаг дэвсгэрийн алслагдмал байдлыг харгалзан Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн одоогийн зохион байгуулалтыг хэвээр үлдээнэ. Багахангай, Налайх дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийг тойргийн зарчмаар байгуулж, Налайх дүүрэгт байршуулах юм байна.
Нийслэлийн хэмжээнд дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх 1, Нийслэл дэх гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 1 байх нь зүйтэй хэмээн үзэж, төсөлд холбогдох зохицуулалтыг тусгажээ.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх болон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны нийт 22 шүүх, тэдгээрийн байршлыг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа 2015 оны Шүүх байгуулах тухай хуулиар тогтоосны дагуу хэвээр хадгалах нь зүйтэй гэж үзсэн болохыг Б.Энхбаяр сайд Улсын Их Хурлын даргад танилцуулсан.
Одоо байгаа 21 аймаг дахь сум дундын анхан шатны иргэний хэргийн анхан шатны 21, эрүүгийн хэргийн анхан шатны 21, нийт 42 шүүхүүдийг зохион байгуулалтын хувьд нэгтгэж, шүүхийн ажил үүргийн хуваарь, орон тоог оновчтой тогтоох зорилгоор сум дундын анхан шатны 21 шүүх болгон өөрчлөн байгуулахаар тусгав. Ингэснээр 21 аймаг дахь сум дундын анхан шатны 21 шүүх нь тухайн шүүгчийн ачааллыг харгалзан, дотроо шүүн таслах ажлын төрлөөр дагнасан, танхимын зохион байгуулалттай байх асуудал нь Монгол Улсын шүүхийн тухай хуулиар нээлттэй болох аж. Харин одоо байгаа сум дахь сум дундын 8 шүүхийн байршил, нутаг дэвсгэрийн харьяаллыг хэвээр үлдээх нь зохистой хэмээн үзэж, төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан байна.
Ингэснээр анхан шатны 90 шүүх 61 болох аж. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Шүүх байгуулах тухай хуулийн дагуу байгуулсан анхан болон давж заалдах шатны нийт 116 шүүх 86 болно.
Хуулийн төсөлтэй холбогдуулан 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай хууль/Шинэчилсэн найруулга/-ийг хүчингүй болсонд тооцох тухай, Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус боловсруулжээ.