МЭЗЧ: Монгол мөрөөдөл гэж юу вэ?
МЭЗЧ-ны салбар хуралдаан “Монгол мөрөөдөл” сэдвээр үргэлжилж байна.
Хуралдааны хөтлөгчөөр Эрдэнэс Таван Толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, панелистаар Монгол ТВ-ийн захирал Ч.Номин, Хавдар судлалын үндэсний төвийн доктор Г.Үнэнбат, “Сант” сургуулийн захирал З.Энхмөнх, Харвардын АУИС-ийн судлаач Б.Батзаяа нар оролцож байна.
Энэхүү хуралдаанаар залуучууд өөрсдийн мөрөөдөлдөө хүрэх итгэлийг төрүүлэх, улс төрийн түвшинд залуучуудын оролцоог дээшлүүлж, тэдний мөрөөдөлтэй уялдсан аливаа асуудлуудыг төрийн бодлогын хэмжээнд шийдвэрлэх арга замуудыг толорхойлох зорилготой юм. Манлайлагч залуусын оролцож буй энэхүү салбар хуралдааныг сонсохоор танхим дүүрэн зочид иржээ. Ингээд панелистуудын хэлсэн гол санааг хүргэе.
МОНГОЛ МӨРӨӨДӨЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Б.Бямбасайхан “АНУ-д Америк мөрөөдөл гэдэг ойлголт байдаг. Энэ нь санхүүгийн эрх чөлөө юм. Монгол мөрөөдөл гэдгийг би хувьдаа санхүүгийн эрх чөлөө байх юм болов уу гэж ойлгодог” хэмээгээд оролцогчдоос “Монгол мөрөөдөл” гэж юу вэ хэмээх асуултыг асуулаа.
Ч.Номин: Миний хувьд Монгол мөрөөдөл гэж юу вэ гэдгийг тодорхойлох түвшний хүн биш гэж бодож байна. Гэхдээ сүүлийн долоо хоног энд панелистаар оролцохын тулд Монгол мөрөөдөл гэж юу вэ гэж бодлоо. Тэгээд өнөөдрийн хуралдаанд оролцож байгаа бүгд Монгол мөрөөдлөө хамт тодорхойлъё гэв.
Г.Үнэнбат: Монгол мөрөөдөл гэхээр зөвхөн хувь хүний мөрөөдөл гэхээс илүү улс орны, нийгмийн, багийн зэрэг олон төрлийн мөрөөдлийг хэлэх болов уу.
Б.Батзаяа: Судалгааны ажил хийж байсан туршлагаасаа хараад үзвэл Монгол гэдэг улсын нэр гадныханд тээр хол байдаг. Монгол залуус нарийн мэргэжил рүү хүч түрэн орж, өөртөө итгэлтэй, тухайн мэргэжлийг өөрийн болгон эзэмших юмсан гэж хүсээд, гадаадын байгууллагуудад туршлага хуримтлуулаад эх орондоо ирж, старт-ап байгуулж, сурсан мэдсэнээ зориулаасай гэж хүсдэг гэв.
З.Энхмөнх: Миний хувьд Монгол залуус боловсролтой, мэдлэг, чадвартай, аливаа зүйлсийг эв нэгдлээр хийж чаддаг байх нь Монгол мөрөөдөл юм.
МӨРӨӨДЛИЙГ ХЭМЖИХ ХЭРЭГТЭЙ ЮУ?
Ч.Номин: Миний хувьд Монгол мөрөөдлийг хоёр өнцгөөс харж байна. Нэг нь түрүүний хэлсэн шиг санхүүгийн эрх чөлөө. Эргэн тойрны залуусаасаа асуухад өглөө ажилдаа явдаг, орой гэртээ яардаг, байртай, унаатай болмоор байна гэж хариулсан. Нөгөө талаасаа би Монгол мөрөөдлийг арай өөрөөр харж байна. Миний хувьд ээж хүн учраас өөрийнхөө үр хүүхдийнхөө төлөө явж байгаа юм. Ингэхдээөөрийнхөө потенциалыг 100 хувь ашиглаж чадах, эрүүл тогтвортой нийгэмд хүүхдээ амьдруулах мөрөөдөлтэй байгаа юм байна гэж ойлгосон.
Коммунизмын үед хүн бүрт ижил боломж өгч байсан нь үнэн. Энэ үед бүх юм тэнцүү байсан болов уу гэж бодож байна.
Би юу гэж харж байна вэ гэхээр одоо бид хүүхдүүддээ өөрийнхөө чадлаар ирээдүйг бүтээх итгэлийг өгөх хэрэгтэй юм шиг.
Ижилхэн боломжтой нийгэмд өөрийнхөө чадлаар цойлж гар ирэх боломжийг хүүхдүүддээ олгох нь Монгол мөрөөдөл болов уу.
Б.Батзаяа: АНУ-ын оюутнууд харьцангуй өөртөө итгэлтэй, мөрөөдөл нь тодорхой байдаг. Харин Монгол оюутнуудтай ярихаар тэр нь тодорхой биш. Амжилтад хүрсэн хүнийг наад хүн чинь угаасаа өөр төрсөн гэж ярих оюутнууд олон бий. Биологийн үүднээс аваад үзвэл Билл Гейтс ч адилхан. Гэхдээ тухайн хүн өөртөө итгэлтэй, зорилгоо тодорхойлчихсон. Түүнийхээ төлөө шантралгүй явсан, өөрөө өөртөө тусална гэдгээ хатуу ойлгочихсон байдаг. Ийм ялгаа байдаг юм болов уу гэж бодож байна.