Монгол Улс нүүрсэн толгойтой, зэсэн биетэй хангалттай олон жил явлаа
МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, эдийн засагч Б. Цогтгэрэлтэй
2016.03.30

Монгол Улс нүүрсэн толгойтой, зэсэн биетэй хангалттай олон жил явлаа

Монгол Улсын эдийн засгийн өнгөрсөн цагийн сургамж, өнөөдөр тулгамдаж буй сорилт, эндээс ирээдүйд гарах шийдлийг эрсэн “Эдийн Засгийн форум” Төрийн ордонд хуралдаж байна.

Салбар салбарын эрдэмтэн судлаач, тэр дундаа эдийн засгийн чиглэлийн эрдэмтэн судлаачдын үгийг дуулж, санал бодлоо хуваалцаж буй энэ удаагийн форум эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, гадаад хөрөнгө оруулалт буурсан эгзэгтэй цаг үед болж буй юм. Чуулганы зочноор оролцож буй МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, эдийн засагч Б. Цогтгэрэлтэй ярилцлаа.   

-Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд та ямар үнэлэлт дүгнэлт өгөв. Зээлийн хүү, банк санхүүгийн системийн өөрчлөлт гэх мэтээр маш олон сэдэв эдийн засгийн хүрээнд өрнөж эхэллээ? 

-Гол асуудал нь эрэлт хэрэгцээнд байгаа юм. Эрэлтэд тулгуурласан биш хэрэгцээнд тааруулсан эдийн засгийг тэлчихсэн. Тэрнээс болоод тэлэлтийн хямрал гэгч нь үүсээд байна. Маш их хөөс үүсчихлээ. Тухайлбал, барилгын салбарын эрэлт 5000 байхад, эрэлтээс давсан буюу 20, 30 мянгаар нь барьчихаар цаана нь эдгээр барилгууд борлогдохгүй хямрал үүсчихээд байгаа гэсэн үг. 

Урт хугацааны судалгаа багатай, төрийн бодлого цэгцтэй, тогтвортой биш байгаагаас энэ бүхэн үүсч байгаа юм. Одоо бид энэ байдлаас яаж гарах вэ. Эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг нэн тэргүүнд хийх ёстой. Хоёрдугаарт, банк санхүүгийн систем буюу мөнгө хүүлэх системийг өөрчлөх нь зөв. Ийм өндөр хүүтэйгээр дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж чадахгүй. 20-оос дээш хувийн хүүтэй улс орон байхгүй. Ихэнхи нь 12-15 хувь руу орчихсон. Тиймээс малчны зээл, ипотекийн зээлийн хүүг бууруулчихлаа гэж ярих хэрэггүй юм. Энэ чинь зүгээр л дэлхий дахинд байгаа зээлийн хүү. Бизнесийг тэтгэхийн тулд хүүгээ шат дараатай бууруулаад явах нь зөв юм. 

-Монгол Улсын алдаа нь зөвхөн уул уурхайгаас эдийн засгаа хамааралтай байлгасан явдал гэдгийг чуулганд оролцож буй гадны эдийн засагчид онцолж байна? 

-Үнэхээр тийм. Сүүлийн 7-8 жил нүүрсэн толгойтой, зэсэн биетэй л явлаа. Энэ бүгдийг өөрчлөх ёстой. Бусад салбар бас байдаг гэдгийг одоо ярих цаг нь болсон. Мянга, мянган жил тасралтгүй явж байгаа хүнс, хөдөө аж ахуйн салбар байна. Энэ салбараас ямар их ашиг олох вэ гэдгийг олж харахгүй байгаа. 

Хамгийн багадаа л 10 тэрбум ам.долларын потенциал байдаг. Энэ салбарынхаа учрыг олоод хөгжүүлчихэж чадахгүй байгаа нь туйлын харамсалтай. Уул уурхай, эрдэс баялгийн үнийн уналт бидэнд нэг зүйлээр давуу тал бий болголоо. Бусад салбараа хөгжүүлэх, тэр тусмаа хүнс хөдөө аж ахуйн чиглэлээ хөгжүүлэх боломжийг бий болгож өглөө. 

-Өнөө жилийн форумын зорилт нь тун сүржин. Сургамж, сорилт, шийдэл. Тэгвэл бид өнгөрсөн хугацаанд ямар зүйлээс сургамж авч, хэр олон сорилтыг давж гарав? 

-Бид маш их сургамж авсан. Өвдөлтийг хангалттай мэдэрлээ. Цаашдаа ямар сорилт тулгарч байгааг ард түмэндээ хэлэх ёстой. Нэлээд олон жилийн хүндрэл эдийн засагт бий болчихоод байна. Дан ганц энэ дөрвөн жилээр хүндрэлийг хэмжиж болохгүй. Хоёр ч сонгуулийн хугацаанд үргэлжилсэн хүндрэл үргэлжилж байна. Бид бүх зүйл дээр зардлынхаа бүтцийг өөрчлөх хэрэгтэй болчихоод байна. Мөнгө их олж байсан үедээ тулгуурлаад бүх зүйлийнхээ зардлыг өндөр төлөвлөж ирсэн. Гэтэл одоо тэр зардлаа нөхөж чадахгүйд хүрч, түүнийг нь гүйцэх санхүүгийн урсгал байхгүй болчихсон. Хөрөнгө оруулалт ч гэсэн нэмэгдэхгүй нь тодорхой болчихлоо. Тиймээс хаа хаанаа зардлаа хэмнэх ёстой. Дээрээс нь өрсөлдөх чадвараа нэмэгдүүлье.

Өрсөлдөх чадвар буюу дотоодын үнэ цэнийн хэлхээг бий болгох хэрэгтэй байна. Гадаад үнэ цэнийн хэлхээний нэг эд эс нь болж хавчуулагдаж чадвал хүссэн ч эс хүссэн ч чирэгдээд, татагдаад явчихна. Хэт популизм эдийн засагт асар их хохирол учруулж байгаа. одоо бодит байдлыг дүгнэж ярилцах нь зөв. Том төсөл явж л байвал явуулах нь зөв шүү дээ. Хэрхэн яаж илүү нягтарч, тэр мөнгөөс эдийн засагтаа хэрхэн илүү ихийг шингээх вэ гэдгээ ярилцмаар байна. 

Гарч байгаа доллар, зарцуулж байгаа ам.доллар бүрээс ихийг шингээж авах нь зөв. Уудаг цаас гэж байдаг даа. Үзэгний бэх асгарахаар шингээж авдаг цаас. Яг түүн шиг маш их мөнгөний урсгал ороод ирэхэд түүнээс бид ихийг шингээж авах ёстой юм. Чингис, Самурай бондоо зөв зарцуулж, ингэснээр уул уурхайн асар том төсөлд ядахдаа л цементийг нь, шаарыг нь нийлүүлмээр байна. Барилгын туслах материалыг ядахдаа Монгол Улс 100 хувь нийлүүлдэг болчихвол эдийн засагт шингэх шингэц нь нэмэгдэнэ. Хоосон тоо л яваад байхаас биш мөнгөний урсгалыг тогтоох, шингээж үлдээх талаар манайхан хангалтгүй байгааг нуугаад яахав. 

-Бонд босгоод бүтээн байгуулалт хийгээд дотоодын үйлдвэрээ дэмжихээр өр зээл ихэслээ гэж улстөржүүлэх юм байна шүү дээ. Өр тавихаас айгаад л суугаад байвал бид ямар байдлаар урагшаа явах юм? 


-Жижиг эдийн засагт юуг зээлээр санхүүжүүлэх вэ, юуг орлогоор, бас хуримтлалаар санхүүжүүлэх вэ гэдгээ бодох ёстой юм. Ийм улстөржсөн орчинд авсан мөнгөө зөвхөн дэд бүтцийг сайжруулах чиглэлд зарцуулаад байвал утгагүй. Зам барихыг буруу гэж хэлээгүй. Стратегийн чухал замуудаа барих нь зөв. Богино хугацааны зээлийг хамгийн богино хугацаанд эргээд ээлээ өгч чадах зүйлд зарцуулвал зүгээр. 

Дэд бүтцийн бүтээн байгуулалтад урт хугацааны, 30-40 жилийн хугацаатай зээлийг зарцуулах нь зүгээр юм. Тэгэхгүй болохоор хүмүүс өр гэж хараад улстөржүүлээд байгаа юм. Ноолуурын салбар, махны салбарт хэрвээ фокусаа тааруулвал гурван жилийн хугацаанд экспортод гаргах боломж бүрдэх байсан. Экспортын орлогоор эргээд зээлээ төлөөд явчихна. Замд дан ганц хийчихээр их олон жилийн дараа ашгаа өгнө дөө. Нөгөө талаар эвдэрхий машины импортыг тэтгэсэн зүйл болчих гээд байгаа юм. 

Зам анхдагч биш учраас өнгөрсөн хугацаанд авсан зээлд шүүмжлэлтэй хандсан зүйл бий. Гэхдээ бид арай өрөнд орчихоогүй байна. Бондын санхүүжилтээс зээл авсан үйлдвэрүүд хөл дээрээ зогсч эхэлсэн. Хэрвээ хүүгээ цаг хугацаанд нь төлөөд явах эдийн засгийн боломжийг бий болгож чадаагүй бол эмзэглэл тэнд л гарна. Хэдэн зуун сая, тэрбум ам.долларын зээлийг төлөх мөнгөгүй дахиад зээл авах замаар төлөөд явбал шүүмжлэхээс аргагүй. Ер нь дараа дараагийн удаад бид зээл авахдаа урт хугацааны, хямд эх үүсвэртэй зээл авах ёстой юм. нэлээд цэгцтэй бодлоготой, үр дүнтэй хяналттай авах нь зүйтэй.