Бизнесийн зөвлөлийн гуравдугаар сарын уулзалт болов
2016.03.29

Бизнесийн зөвлөлийн гуравдугаар сарын уулзалт болов

Энэ сарын 28-нд  “Blue Sky Hotel”-д Монголын бизнесийн зөвлөлийн сар бүрийн ээлжит хурал боллоо. Хурал болгоноор аль нэг салбар, эсвэл асуудлыг сонгон илтгэл тавьж, санал бодлоо солилцдог, мөн шинээр элссэн гишүүн компаниудыг танилцуулдаг уламжлалтай билээ. Энэ удаагийн хуралд гурван илтгэл тавигдав.

Хурлын эхэнд тус зөвлөлийн гүйцэтгэх захирал Жим Двайер дөрөвдүгээр сарын 21-нд болох зөвлөлийн нэрэмжит анхны чуулга уулзалтын талаар оролцогчдод дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэрээр чуулга уулзалтыг ямар компаниуд санхүүжүүлж байгаа, бусад адил төстэй чуулга уулзалтаас юугаараа онцлог талаар ярьсан юм. Уг чуулга уулзалтыг Монголд бизнесийн орчныг сайжруулах, худалдааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор зохион байгуулах юм байна. 

Жим Двайер

Дараа нь 2011 онд Монголд төлөөлөгчийн газраа нээсэн “GM Cummins Mongolia” компаний төлөөлөгч өөрийн компаний үйл ажиллагааг танилцууллаа. Энэ компани нь 97 жилийн өмнө байгуулагдсан, суудлын авто машинаас эхлээд уул уурхайн хүнд механизм хүртэлх машинуудын мотор, моторын эд ангийн үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг аж. Тус компани Komatsu, RAM, Tata, Foton, Hyundai зэрэг дэлхийн авто машин үйлдвэрлэгч томоохон компаниудтай хамтарч ажилладаг юм байна.

“GM Cummins Mongolia” компани саяхан Улаанбаатар хотын захад, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн баазыг байгуулжээ.

Хоёр дахь илтгэгч болох Монголын Бизнесийн Зөвлөлийн гишүүн байгууллага “Черчилль” компанийн гүйцэтгэх захирал Барри Эванс  хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлын талаар сонирхолтой илтгэл тавилаа. Тэрээр хүмүүсийн амьдралд өдөр тутам байдаг ч анзаардаггүй, хэрэгжүүлдэггүй эрүүл ахуйн дүрмийн талаар ярьж, олон ашигтай зөвлөгөө өгсөн юм.

Барри Эванс

“GM Cummins Mongolia” компанийн ерөнхий менежер Стив Роуз

Бизнесийн зөвлөлийн гишүүдийн сонирхлыг хамгийн их татсан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагааны Монголд болох АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын талаархи илтгэл байлаа. П.Цагаан  АСЕМ-ын уулзалтын бэлтгэл ажлын талаар танилцууллаа. АСЕМ-ын чуулга уулзалтад ойролцоогоор 4500 зочин, түүний дотор 50 орчим орны төрийн тэргүүнүүд оролцох төлөвтэй байна. Монгол Улсын нэр хүнд, хариуцлагын томоохон шалгуур болох энэ уулзалтыг амжилттай зохион байгуулж, зочдын тав тухтай, аюулгүй байрлах бололцоог хангах зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга П.Цагаанаар ахлуулсан зургаан ажлын хэсэг ажиллаж байгаа юм байна.

П.Цагаан

П.Цагаан илтгэлийнхээ дараа Бизнесийн зөвлөлийн гишүүдээс АСЕМ-ын уулзалттай холбогдуулан санал бодлыг нь сонсов. Гишүүн байгууллагууд ямар байдлаар виз олгож байгаа, уулзалтыг яагаад наадмын үеэр зохион байгуулах болсон тухай асуулт тавьсан юм. Түүнчлэн уулзалтын үеэр Улаанбаатарт өргөн хэмжээний хамгаалалт ажиллахаар жижиг бизнесийн байгууллагуудын ашиг орлогыг бууруулах вий гэж санаа зовниж буйгаа илэрхийллээ. Ерөнхийдөө бизнесийн зөвлөлийн гишүүн байгууллагууд АСЕМ-ын уулзалтын зохион байгуулалтын талаар мэдээлэл маш дутмаг байгаа талаар ярилаа. П.Цагаан мэдээлэл дутмаг байгаа гэдэгтэй санал нийлж, энэ талаарх арга хэмжээг авна гэж хэллээ. Ийм маягаар илтгэл цаг гаруй үргэлжилсэн юм.

Монголын бизнесийн зөвлөл бүл нэмэв

Монголын бизнесийн зөвлөл сар бүрийн уулзалтаар шинэ гишүүдээ танилцуулдаг. Энэ удаа хоёр компани шинээр элсчээ. Тэдний нэг болох “Prosum” компаний төлөөлөлтэй ярилцсанаа хүргэе.

“Prosum” компанийн маркетинг хариуцсан захирал Д.Эрдэнэ

- Компанийхаа талаар товчхон танилцуулаач

Манай “Prosum” компани нь үндэсний хөрөнгө оруулалттай, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Хүнсний бүтээгдэхүүн болон сурталчилгааны хэрэгслийн худалдаа эрхэлдэг. Европоос сайн чанарын амттанууд, кофе, цай, жүүс зэрэг шингэн хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг.

Бидний худалдаалдаг сурталчилгааны хэрэгслүүд бол голдуу бичиг, хэрэгсэл байдаг. Өөрөөр хэлбэл үйлчлүүлэгч компаний лого, уриа зэргийг байрлуулсан бал, дэвтэр зэрэг юм. Энэ чиглэлээр бид Европын салбартаа тэргүүлдэг “Сенотор” үйлдвэр, мөн Итали, Швейцарийн үйлдвэрүүдтэй хамтарч ажилладаг.

Энэ төрлийн зах зээл Монголд хараахан төлөвшөөгүй байна. Бичгийн хэрэгсэл дээр компаний лого болон компанитайгаа холбоотой бусад контентыг байрлуулах нь сурталчилгааны үр дүнтэй, хямд төсөр арга байдаг. Дэлхийн жишгээр хямралтай үед компаниуд маркетингдаа ийм төрлийн сурталчилгааны сувгуудыг сонгодог. Балыг дор хаяж хэдэн сар, цаашлаад 2-3 жил ашигладаг. Энэ хооронд балан дээр байрлуулсан лого, уриа нь өөрийн компанийг хэрэглэгчдийн бодол санаанд хоногшуулж, холбогдох мэссэжийг хүргэж байдаг.

- Монголын бизнесийн зөвлөлд элссэний давуу тал нь юу вэ?

Бизнесийн зөвлөл бол өөрийн гэсэн хүрээлэл үүсгэсэн байгууллага. Энэ байгууллагад элссэн компаниудын хувьд мэдээлэл авах, ажил хэрэгч хүмүүстэй танилцах, санаа бодлоо хуваалцах ач холбогдолтой.