УИХ-ын дэд дарга болно гэж хөөрцөглөөд явах нас, цаг ч биш
УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
-Та эвслийн бүлгээс гарах уу?
-Би одоогоор шийдвэрээ гаргаагүй байгаа.
-Та “Шударга ёс” эвслийн бүлгээс гарвал Засгийн газрын үйл ажиллагаанд нөлөөлөх үү?
-Нөлөөлнө. Засгийн газар шууд огцорно. Өөрөөр хэлбэл, миний бүлгээсээ гарах шийдвэр эвслийн бүлгийг задлаад зогсохгүй Засгийн газрыг огцруулах хэмжээнд очих эрсдэл байгаа учраас би бодож байна.
-УИХ-ын дэд дарга Л.Цогийг бүлгээсээ гарах шийдвэрийг намдаа эхэлж мэдэгдээгүй учраас хариуцлага тооцно гэж танай намын холбогдох албан тушаалтан мэдэгдсэн. УИХ-ын дэд даргад таны нэрийг дэвшүүлнэ гэх мэдээлэл байсан?
-Бүлэг дэд даргаа томилуулдаг. Хуулиараа бүлэг нэг УИХ-ын дэд даргатай байх ёстой. Нэгэнтээ Л.Цог дарга бүлгээсээ гарч байгаа учраас орны хүнийг томилж таарна. Улс төрийн соёлоор Л.Цог дарга дэд даргын албан тушаалаа өгөх байх. Бүлгээс гарчихаад албан тушаал хашиж болохгүй. Түүнээс хариуцлага тооцоод авч байгаа юм биш. Намайг УИХ-ын дэд дарга болгоно гэдэг ор үндэсгүй мэдээлэл. Хэн ч намайг болгоно гэдэг саналыг гаргаагүй, би болъё гэдэг санал ч тавиагүй. УИХ-ын дэд дарга болох ч үгүй. Ямар нэг албан тушаалд очих бол юу хийх юм, юу бүтээх юм гэдэг тодорхой байх ёстой. Өөрөөр хэлбэл, тэр албан тушаалд очвол юм хийх хүн л очих хэрэгтэй. Надад УИХ-ын дэд дарга болоод юу хийх нь ойлгомжгүй байна. Тэгээд ч миний хувьд дэд дарга болно гэдэг хууртаад, хөөрцөглөөд явах нас ч биш, цаг ч биш.
-Та Ерөнхий сайдыг халз мэтгэлцээнд ирэхгүй бол бүлгээсээ гарч Засгийн газрыг унагах уу?
-Тэр мэтгэлцээндээ ирнэ. Тойрогт нэр дэвших юм билээ. Тойрогтоо ажиллах үед нь очиж хүлээж байгаад мэтгэлцэнэ дээ. Иргэдтэй уулзалт хийх байлгүй, иргэдийнх нь дунд зогсож байгаад мэтгэлцчихье. Мэтгэлцээнээс зугатаана гэдэг өөрөө утгагүй. Юунд нь айгаад байгаа юм.
Дашрамд, тэрээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз мэтгэлцээнд дуудаад буй. Халз мэтгэлцээн өнөөдөр 19.00 цагт болох байсан. Гэвч Ерөнхий сайд халз мэтгэлцээнд оролцох эсэх талаар хариу өгөөгүй тул хугацааг ирэх дөрөвдүгээр сарын 23 болгон нэг сараар хойшлуулжээ.