Миний хэлж, тавьж буй асуудал бүгд үнэн
2016.03.24

Миний хэлж, тавьж буй асуудал бүгд үнэн

МАХН-ын нарийн бичгийн дарга байсан, ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбыг авлигын хэргээр шалгаж байгаа билээ. 

Хэргийг шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн ч нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байгаа юм. Харин намын даргадаа мөнгө авч өгч байгаад газар дээрээ гардуулсан Г.Шийлэгдамба намаасаа гарч, үнэнээ илчилсэн. Өдгөө эрүүгийн хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж байгаа тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан нэгэн мэдэгдлийг хүргэлээ. 

Тэрбээр "Намайг болон намын зарим хүмүүсээ донгодох талаар МАХН-ийн нөхөд маань өчигдөр хэвлэлээр мэдэгдлээ. Би амьд байгаа. Гагцхүү тэгээд дуугүй байж, миний талаар хэн нэгэн юу гэж хэлж, бичиж байгааг харж мэдсээр байна. Харин өнөөдөр ганц нэг зүйлийг бичье гэж бодлоо. Миний хэлж, тавьж буй асуудал бүгд үнэн юм. Итгэж үнэмшихгүй байгаа хүмүүсийн хувьд "Цензүргүй яриа" нэвтрүүлгийг дахиж үзэж болно. Хуулийн болон нийгмийн өмнө би бүх хариуцлагыг хүлээнэ. Монголын ирээдүйн улс төрийн ямарч намын амьдралд ийм асуудал үүсдэггүй байх ёстой. Эцэст нь хэлэхэд энэ бүхний цаана ямар нэгэн улс төрийн тохироо байхгүй, миний хувьд ямар нэгэн албан тушаалд очихгүй..." гэжээ.