Б.Гарамгайбаатар Хэнтий аймагт ажиллаж байна
УИХ-ын намрын ээлжит чуулган завсарласан энэ хугацаанд УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар Хэнтий аймагт ажиллаж байна.
Тэрбээр Хэнтий аймгийн зургаан суманд ажиллаж өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажил болон тус аймагт хийсэн бүтээн байгуулалтын ажлаа тайлагнаж, ард иргэдийн саналыг сонсож байна. Тэрбээр энэ сарын нэгний өдөр Хэнтий аймгийн Батноров сумын долоодугаар баг Бэрх тосгонд ажиллаж нутгийн иргэдтэй уулзалт зохион байгууллаа. Бэрх тосгоны хувьд 60-аад онд ашиглалтад орж байсан Бэрхийн уурхайг түшиглэн байгуулагдсан томоохон тосгон юм. Бэрх тосгон нийт 2400 орчим хүн амтай бөгөөд бүртгэлтэй хүн амын тал орчим хувь нь тосгондоо оршин суудаг аж.
Энэ үеэр иргэдээс Бэрх тосгоныг сумын статустай болгох боломж хэр байгаа талаар асууж байлаа. Учир нь Бэрх тосгон бусад багуудыг бодвол харьцангуй олон хүн амтай бөгөөд хөгжлийн хувьд ч сумын хэмжээнд очих боломжтой гэж үздэг аж. Энэ асуултад УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар "Бэрх тосгоныг өнөөдөр шууд сум болгох боломж байхгүй. Бидэнд Бор-Өндөрийг сум болгосон туршлага бий.
Ингэхдээ маш олон жил хөөцөлдсөн. Тосгоныг хот болгох асуудал Засаг захиргаа, нутаг дэвсгэр нэгжийн удирдлагын тухай хуулийн дагуу шийдэгддэг учраас албан хүсэлтээ гаргаж болно. Ингэхдээ иргэд өөрсдөө тогтвор суурьшилтай оршин сууж ажиллаж байж өөрсдөө санаачилга гаргах ёстой" гэсэн тайлбарыг өглөө. Мөн 1072 хувьцаа хүчинтэй байгаа эсэх болон тэрхүү хувьцааг ашиглаж болох талаар асууж байв. Б.Гарамгайбаатар гишүүний тайлбарласнаар 1072 ширхэг хувьцаа иргэдийн нэрийн дансанд байгаа бөгөөд Тавантолгой эргэлтэд орж хувьцаа иргэдэд ашигтай болсон үед хэрэглэх нь зүйтэй гэсэн юм.