Гишүүд үндсэн хууль зөрчсөн чуулганд оролцохгүй байх эрхтэй
УИХ-ын ээлжит бус чуулганыг хоёр ч удаа зарлаад нээлтээ хийж чадахгүй байна. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос тодруулахад
“Ундсэн хууль зөрчсөн асуудлаар чуулганы хуралдаан хийх гэж байгаа учраас чуулганы хуралд оролцохгүй байна. УИХ үйл ажиллагаандаа гагцхүү хуулийг дээдлэн ажиллах учиртай. УИХ-ын гишүүд ч хуулийг дээдлэн ажиллана гэдгээ тангарагладаг. Үндсэн хуулийг зөрчсөн гэдгийг Цэцийн найман гишүүн бичээд ирүүлсэн шүү дээ. Үүнд Үндсэн хуулийн 65.4-дэх хэсэгт Цэцийн дарга, гишүүн хууль зөрчсөн анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн эгүүлэн татна гэж заасан. Анх илгээсэн байгууллага нь Улсын дээд шүүх. Гэтэл Улсын Дээд шүүхээс 'Тусгайлсан саналгүй’ гэсэн. Хууль зөрчсөн гэдгийг тогтоох байгууллага бол шүүх. Хууль зөрчсөн гэдгийг УИХ-ын Тамгын газрын дарга тогтоочихоод байгаа шүү дээ. Цэцийн шийдвэр гарсан байх учиртай ч мөн л гараагүй шүү дээ. Эдгээр үндэслэл нь хууль зөрчсөн хангалттай үндэслэл. Бид энэ асуудлыг хойшлуулах, оруулахгүй байх саналыг удаа дараа тавьж байсан. УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн асуудлаар чуулганы хуралдаанд оролцохгүй байж болно гэж УИХ-ын Дэгийн тухай хуульд заасан. Энэ заалтын дагуу бид оролцохгуй байна” гэж бүлгийнхээ байр суурийг илэрхийлсэн юм.