Эрх баригчид ирцээ бүрдүүлчихвэл бид орно
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос зарим зүйлийг тодрууллаа.
-Ирэх пүрэв гарагийн чуулганы нээлтэд МАН-ын бүлгийн гишүүд оролцох уу? Эсвэл АН-ын гишүүдийн ирц бүрдэхийг дахиад л хүлээх үү?
-Бидний байр суурь тодорхой байгаа. Олон суудал авч, эрх барьж байгаа улс төрийн хүчин гишүүдийнхээ ирцийг бүрдүүлж, ачаагаа үүрээд, хариуцлагаа хүлээгээд явах ёстой. Зөвхөн эрхээ эдэлдэг байх ёсгүй. УИХ-ын дарга, сайд нарыг томилох зэрэг асуудалд эрх баригчдын ирц дандаа 100 хувь байдаг. Хамгийн сүүлийн жишээг хэлье. Сар шинийн өмнө Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд Монгол Улсын Их Хурлын ирц бүрэн эрхийнхээ хугацаанд анх удаа 76 болж дээд амжилт тогтоосон. Ингээд сандал ширээний асуудал ярихаараа гишүүдийнх нь ирц бүрддэг.
Гэтэл улс орны хөгжилтэй холбоотой, байнга л яриад байдаг чухал асуудлыг хэлэлцэх гэхээр эрх баригчдын өөрсдийнх нь ирц бүрддэггүй.
Ийм хариуцлагагүй эрх баригчид байж болохгүй. МАН-ын бүлэг “Эхлээд эрх баригчид маань ирцээ бүрдүүлчих. Ирцээ бүрдүүлээд чуулганы нээлтээ хийчихвэл бид оролцоод явна” гэдгээ илэрхийлсэн. Тиймээс чуулганы хуралдаандаа оролцоод явна.
-Ээлжит бус чуулган товлосон хугацаандаа нээлтээ хийж чадаагүй. Хариуцлагын асуудал яригдах уу?
-Хариуцлага тооцох заалт байхгүй. УИХ-ын ээлжит болон ээлжит бус чуулганыг хуралдуулахын тулд УИХ-ын дарга захирамж гаргадаг. Захирамж гаргахаасаа өмнө УИХ дахь нам, эвслийн бүлэг, олонх цөөнхтэй зөвшилцөж байж ямар асуудал хэлэлцэхээ шийддэг. Юу нь нэн яаралтай хэлэлцэх асуудал вэ гэдгийг тодорхойлж, ойлголтод хүрч байж асуудлыг хэлэлцэх ёстой. Харамсалтай нь, бусад нам, эвслийн бүлэгтэйгээ зөвшилцөөгүй. Гэнэт баасан гарагт ээлжит бус чуулганыг хуралдуулах захирамж гаргасан. Ээлжит чуулганаараа ч хэлэлцэж дийлдэггүй асуудлуудыг ээлжит бус чуулганаар төлөвлөн жагсаасан байх жишээтэй.
-Тэгвэл Шадар сайдад нэр дэвшигчийн талаар танай бүлэг дахин ярилцсан уу?
-Бид 2012 оноос хойш томилогдож байгаа сайд нарыг бүгдийг нь дэмжиж байсан. Эсэргүүцсэн байгаагүй. Тийм болохоор сайдаар оруулж ирэх хүнийг дэмжээд явна.