Н.Энхбаярыг Шадар сайдад дэмжинэ
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2016.02.16

Н.Энхбаярыг Шадар сайдад дэмжинэ

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа нар мэдээлэл хийж, эрх баригч намууд гишүүдийнхээ ирцийг бүрдүүлж байж ээлжит бус чуулганыг эхлүүлэх ёстойг санууллаа.

Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ "УИХ-ын ээлжит бус чуулганы ирцийг хүргэхийн тулд гишүүдийн картыг хийх, гар утасны мессэжээр зөвшөөрөл авч картыг нь хийх үйлдэл гарч байна. Энэ бол УИХ-ын гишүүний бүрэн эрхэнд халдаж буй үйлдэл. Гишүүн өөрийн биеэр ирж хуралдааны ирцэд орох ёстой. Өмнөөс нь хэн нэгэн карт хийх, мессэжээр зөвшөөрөл авсан нэрийдлээр картыг нь хийдэг хууль бус үйлдлийг Монголын төр тогтоож болохгүй. Энэ бол Үндсэн хууль зөрчиж байгаа асуудал.

МАН-ын бүлэг намрын ээлжит чуулганаар хэлэлцэж амжаагүй асуудлуудыг ээлжит бус чуулганы хоёр долоо хоногийн хугацаанд хэлэлцэж амжихгүй гэж үзсэн. Энэ үүднээс ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлагагүй гэдгээ хэлж байсан. Намрын чуулган дөрвөн сар үргэлжлэхдээ 24 асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс 11-ийг нь хэлэлцсэн. Ээлжит бус чуулганы 14 хоногийн хугацаанд 24 асуудал хэлэлцэхээр орсон. Томоохон хуулиудыг богино хугацаанд "халтуурдах" байдлаар батлах нь улс орон болон ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө. Эдгээр хуулийн төслийг нухацтай, олон удаа сайтар хэлэлцэж байж шийдэх ёстой.

Харамсалтай нь парламентын зөвшилцөл, ойлголцлоор бус хүч түрэх байдлаар асуудлыг шийдэх гэж байгаатай МАН-ын бүлэг эвлэрэхгүй. Тийм учраас ээлжит бус чуулганд оролцохгүй байгаа. Нөгөө талаас эрх барьж байгаа нам эрхээ эдэлж байгаа бол үүргээ биелүүлэх хэрэгтэй. Ирц бүрдээд ээлжит бус чуулган эхлээд явбал бид оролцоно. Өнөөдөр МАН-ын бүлгийн 26 гишүүний 22 нь байна. Золголт эсвэл гадагшаа дотогшоо явсан зүйлгүй. Эрх баригчид ачаа үүрч байгаа бол үүрсэн шиг үүрч, хариуцлагаа хүлээсэн шиг хүлээх ёстой. Эрхээ эдэлдэг атлаа хариуцлага хүлээдэггүй, үүргээ биелүүлдэггүй байж таарахгүй" гэлээ. 

  Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө. 

-Танай намын бүлэг УИХ-ын даргыг огцруулах асуудлыг тавина гэж байсан. Энэ нь төр тогтворгүй байхад нөлөөлөх юм биш үү? 

-УИХ-ын дарга ёсзүйн биш хууль зөрчсөн олон удаагийн үйлдэл гаргасан. Тийм ч учраас УИХ-ын даргын асуудал яригдаж байна. ҮХЦ-ийн гишүүнийг хууль бусаар чөлөөлөх гэж байгаатай МАН-ын бүлэг эвлэрэхгүй. Ээлжит бус чуулганаар ч ҮХЦ-ийн гишүүнийг хууль бусаар огцруулах асуудал орсон. Асуудлыг олонхиороо хүч түрж шийдэж болохгүй. Хүч түрж, хууль зөрчдөг байдал газар авсан. Тийм болохоор хуулийн хүрээнд асуудлыг тавина. 

-Шадар сайдаар Н.Энхбаярыг томилохтой холбогдуулан танай бүлгийн гишүүдийг эсэргүүцэж байгаа гэсэн яриа байна. Энэ талаар? 

-Засгийн газрын томилгооны асуудалд МАН-ын бүлэг хөндлөнгөөс оролцох боломжгүй. Эрх баригч АН, “Шударга ёс” эвслийн бүлгийн шийдвэрлэх асуудал. Бид Засгийн газрын гишүүнээр  нэрийг нь дэвшүүлсэн эрхмүүдийг дэмжээд явна. Харин ажлаа сайн хийх хэрэгтэй. Хийж чадахгүй бол хариуцлага тооцно. ЭМС-ын сайдыг томилоогүй байна. Хэрвээ Шадар сайдад МАХН-ын дарга Н.Энхбаярын нэрийг дэвшүүлбэл дэмжээд явна.