Цэцийн дарга Амарсанаа АН-ыг үүсгэн байгуулагчдын нэг
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2016.02.18

Цэцийн дарга Амарсанаа АН-ыг үүсгэн байгуулагчдын нэг

УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт маргааш өглөө 9:00 цагт товлогдоод байна. Уг нь өнгөрсөн даваа гарагт эхлэх байсан ч ирц бүрдээгүйн улмаас ээлжит бус чуулган хойшлогдсон билээ. Харин энэ удаад АН-ынхан ирцээ 100 хувь бүрдүүлснээр чуулганы хуралдааныг маргаашнаас эхлэн хуралдуулах боломжтой гэж үзэж байгаа.

Ээлжит бус чуулганыг нээсний дараа шууд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эргүүлэн татах тухай Дээд шүүхийн саналыг хэлэлцэх юм. Уг асуудлыг намрын чуулганы төгсгөлд хэлэлцэх байсан ч МАН-ын бүлэг завсарлага авсан билээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Я.Содбаатараас тодрууллаа.

-УИХ-ын ээлжит бус чуулган өнгөрсөн даваа гарагт нээлтээ хийх байсан ч ирц хүрээгүй гэх шалтгаанаар хойшиллоо. Танай намын бүлэг “бойкот” зарлаад оролцоогүй. Өнөөдөр чуулганы хуралдаанд оролцох уу?

-Энэ удаагийн ээлжит бус чуулганаар 26 асуудал хэлэлцэхээр УИХ-ын даргын захирамж гаргасан. Ээлжит бус чуулган зарлах дэг бий. Тодруулбал, төсвийн тодотгол, нэн яаралтай дэгээр хэлэлцэх асуудал гэх мэт. Хоёр чуулганы дунд зайлшгүй цаг хугацааны хувьд хэлэлцэх асуудал байвал ээлжит бус чуулган зарладаг. Одоо хэлэлцэх гэж буй асуудалд нэн яаралтайгаар хэлэлцэх асуудал алга гэж бид үзэж байна. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг өөрчлөх зорилго агуулж байгаа.

Намрын чуулган завсарласан энэ үед Үндсэн хуулийн цэц УИХ-ын даргыг Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэж магадгүй учраас үүнтэй холбогдуулж Үндсэн хуулийн цэцийг өөрийн албан тушаалаар далайлгаж дарамталж байна гэж бид үзэж байна. Манай намын бүлгийн 22 гишүүн ажлаа хийж байна. Намрын чуулган дөрвөн сар гаруй хугацаанд хуралдсан. Энэ хугацаанд хэлэлцэх ёстой асуудлынхаа 10-аадхныг нь баталсан. Үлдсэнийг нь ээлжит бус чуулганаар хэлэлцэх гэж байна. Нэг ёсондоо дөрвөн сар хуралдаад баталж чадаагүй хуулийн төслүүдийг ээлжит бусаар хэлэлцэх нь “халтуурдсан” хэрэг болно.

-Цэцийн даргыг чөлөөлүүлэхгүйн тулд та бүхэн хуралдаа суухгүй байгаа юм биш үү?

-Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эргүүлэн татах гурван шалтгаан бий. Нэгдүгээрт, тухайн гишүүн хууль зөрчсөн, гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон байх. Хоёрдугаарт, тухайн цэцийн гишүүд УИХ-д хандах ёстой, гуравдугаарт, анх томилохыг санал болгосон байгууллага нь эргүүлэн татахыг дэмжсэн байх ёстой. Улсын Дээд шүүх 25 гишүүнтэй. Тэд хуралдаагүй. Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг энэ асуудалд “Тусгайлсан санал байхгүй” гэсэн албан бичиг ирүүлсэн.

Цэц дархлаатай байх ёстой. Цэцийн дарга Амарсанаа АН-ыг үүсгэн байгуулагчдын нэг. Тус намаас Хууль зүйн сайд болж байсан. Хууль зөрчин цэцийн гишүүдийг чөлөөлдөг жишиг тогтчихно гэж үзэж байгаа учраас бид болгоомжилж байгаа юм. Цэц хараат бусаар ажиллаж чадахгүйд хүрнэ. Чөлөөлөх гээд байгаа цэцийн дөрвөн гишүүний гурав нь АН-ынх. Гэхдээ фракцын хувьд З.Энхболдын талынх биш байх.