УИХ-ын даргыг огцруулахыг МАН өнөөдөр шаардана
МАН-ын гишүүн Я.Содбаатар
2016.02.18

УИХ-ын даргыг огцруулахыг МАН өнөөдөр шаардана

Ээлжит бус чуулганыг өнөөдөр нээх ёстой байсан. Гэвч МАН-ынхан хуралдааны танхимд орж ирсэнгүй. Энэ асуудлаар МАН-ын гишүүн Я.Содбаатараас тодрууллаа.  

-Ээлжит бус чуулганд АН ирцээ бүрдүүлчихвэл оролцоно гэж МАН мэдэгдсэн. Гэтэл АН ирцээ бүрдүүлчихсэн байхад орж ирсэнгүй. Яагаад орж ирсэнгүй вэ?

-АН-ынхан чуулганы ирцээ бүрдүүлвэл орно.

-Ирцээ бүрдүүлчихсэн байсан шүү дээ?

-Бүрдүүлээгүй байсан.

-Танай намынхан чуулганд оролцож ирцээ бүрдүүлэх үүрэгтэй биз дээ?

-Олонхийн үүрэг. Бид 25-лаа байж байгаа.

-Тэгвэл та яагаад хуралдаа орж болохгүй гэж? Бүлгийн шийдвэрийг хараад байна уу?

-Бүлгийн шийдвэрийг хүлээгээгүй. Бид чуулганы хуралд оролцвол хуралдаанаар хэлэлцэх эхний асуудал нь Үндсэн хууль зөрчсөн болчих гээд байна. Үндсэн хууль зөрчсөн асуудал дээр УИХ-ын гишүүн орохгүй байх хуультай.

-Яагаад Үндсэн хууль зөрчсөн гэж?

-УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг УИХ-ын Дэгийн тухай хуульд зааснаар УИХ дахь намын бүлгүүд харилцан тохирч байж шийддэг. Харамсалтай нь УИХ-ын даргын захирамж гарахдаа ямар нэг нам, эвсэлтэй зөвшилцөөгүй учраас АН-аас бусад намын бүлэг орохгүй байна. Хоёрдугаарт, ээлжит бус чуулганаар хэлэлцэх хуваарьт 24 асуудал багтсан. Эдгээр асуудал нь заавал ээлжит бус чуулганаар хэлэлцэх ёстой асуудал мөн үү гэдэг нь эргэлзээтэй. Ялангуяа Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эргүүлэн татах тухай хууль болон Үндсэн хуулийн цэцийн маргаан шийдвэрлэх тухай хууль нь Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргасан. Тиймээс Үндсэн хууль зөрчсөн асуудал дээр МАН-ын бүлэг оролцох нь Үндсэн хууль зөрчсөн асуудал болчихож байгаа юм. Тиймээс энэ хууль зөрчсөн асуудлыг УИХ-ын чуулганаар хүч түрэн оруулж ирэхийг болиулах шаардлага тавьсан.

-Таны үгээр бол АН өөрөө Үндсэн хууль зөрчиж байна гэсэн үг үү?

-Хэрэв Үндсэн хууль зөрчиж байгааг нь ҮХЦ болон бусад байгууллага тогтоосон байхад түүнийг УИХ-аар хэлэлцвэл ҮХ-ийг зөрчсөнд тооцдог.

-Тэгвэл цэцийн асуудлыг эргүүлэн татчихвал танай намынхан ээлжит бус чуулганд оролцох юм уу?

-Ер нь ээлжит бус чуулган хуралдах зайлшгүй шаардлагатай асуудал гэж байдаг. Гэтэл ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр оруулж ирж байгаа асуудал нь 10-хан хоногт шуурхай хэлэлцэх нь тохиромжгүй. Хэрэв эдгээр хуулийг баталвал цоорхой шүүрхий хуулиуд гарна. Тиймээс Үндсэн хуульд нийцүүлж ажиллах ёстой. Түүнээс гадна өнөөдөр УИХ-ын даргыг огцруулах асуудлыг тавина.