Малын индексжүүлсэн даатгал – зудын өөдөөс барих зэвсэг
2016.01.19

Малын индексжүүлсэн даатгал – зудын өөдөөс барих зэвсэг

ЯАГААД ХУУЛЬ ХЭРЭГТЭЙ БОЛОВ?

Мал бол баталгаагүй хөрөнгө. Газар, байшин шиг салхи шуурганд тэсвэртэй байж чадахгүй. Мөнгө, хувьцаа шиг хадгалах боломжгүй. Гэхдээ мал аж ахуй бол монголчуудын оршин тогтнох үндэс.

Хамгийн эрс тэс уур амьсгалтай манай оронд хамгийн хамгаалалт муутай эдийн засгийн салбар нь мал аж ахуй.

... Мал төрийн хамгаалалтад байна гэж Үндсэн хуулинд заасан ч хэд хэдэн удаагийн зуднаар олон сая мал хорогдож, мянга мянган малчин өрх үгүйрч хоосорсон ...

Тухайлбал 1999-2001 онд гурван жил дараалан нүүрлэсэн их хүйтрэл, зуднаар Монгол Улс 11,2 сая толгой мал буюу 333 тэрбум төгрөгний хохирол амсч байсан бол 2010 зуднаар 12 сая толгой мал хорогдож 620 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Үүнээс болж 2001 онд 12000 өрх малгүй болж, малчин өрхийн 50 хувь малынхаа талыг зуданд алдсан бол 2010 онд 8700 өрх малгүй болж 41500 өрх буюу малчин өрхийн 25 хувь нь малынхаа талыг хорогдуулжээ. Өөрөөр хэлбэл Монгол эдийн засгийнхаа 4,4 хувийг алдав.

Тиймээс малыг хамгаалах, малчид нэг өвлийн дотор хотоо харлуулахгүй байх арга олох хэрэгтэй болов. Энэ арга нь даатгал байв. 2005-2012 онд олон улсын санхүүгийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр “Малын индексжүүлсэн даатгалын төсөл” хэрэгжиж эхэлсэн. Дараа нь 2014 оны хавар УИХ “Малын индексжүүлсэн даатгалын тухай” хуулийг баталж 2015 оны 1 сарын 1 –ээс хэрэгжиж эхэлснээр байгаль эх хатуу ширүүн аашлахад малаа хамгаалах зэвсэгтэй болсон юм.

Дорж 100 хоньтой. Тэрээр өвс, тэжээлээ сайтар базаасан ч ирэх өвөл хүнд болж магадгүй гэж бодоод малаа даатгуулав. Үнэхээр тэр жил хүнд өвөл боллоо. Хичнээн хичээсэн ч Доржийн 100 хониноос 10 нь хорогдов. Доржийн сум нийт 2000 толгой малтай бөгөөд үүнээс 200 нь буюу 10 хувь нь өвлийг давж чадсангүй. Хаврын хахир цаг дуусч зунтай залгахад Дорж хоригдсон 10 хониныхоо нөхөн төлбөрийг даатгалын компаниас авлаа.

Харин хөрш зэргэлдээ суманд арай гайгүй өвөл болсон ч тэнд амьдардаг Доржийн ах Даваагийн 150 хониноос 15 нь хорогджээ. Харин Даваагийн сумын 3000 гаруй хониноос 100 гаруй хонь буюу 5 орчим хувь хорогдов.  Гэхдээ Даваа 15 хониныхоо нөхөн төлбөрийг авсангүй.

... Яагаад гэвэл тухайн малчны харъяалагддаг суманд малын хоригдол 6 хувиас хэтрэхгүй бол эрсдлийн бага түвшин гэж үзээд малчин эрсдлээ өөрөө хариуцдаг хуультай болохыг Дорж олж мэдэв ...

Цаашлаад Дорж “Малын индексжүүлсэн даатгалын тухай” хуулийг сонирхон судалж, нутгийнхандаа хуулийн ач холбогдлыг таниулдаг болов. Хуулийг судлах явцад олон сонирхолтой зүйлс гарч ирлээ. Тухайлбал олон мянган мал зэрэг хорогдвол даатгалын компани тэр их нөхөн төлбөрийг өгч чадахгүй дампуурахад хүрнэ. Тиймээс Төрийн өмчит “Хөдөө аж ахуйн давхар даатгал”нэртэй компанид даатгалын компаниуд өөрийн эрсдлийг даатгах боломжтой. Өөрөөр хэлбэл хувийн хэвшил эрсдлээ төрд шилжүүлж байна гэсэн үг.

Гэтэл 2001, 2010 оных шиг айхтар зуд болж олон мянга биш, олон сая мал хорогдвол тэр давхар даатгалын компани нь бас л нөхөн төлбөрийг олгож дийлэхгүй. Энэ тохиолдолд Монгол улс эрсдлийг олон улсын даатгалын компаниудад шилжүүлнэ. Одоогоор Монголын Засгийн газар “Liberty Syndicates”, “SCOR”, “Swiss” болон “Qatar reinsurance” зэрэг дэлхийн томоохон даатгалын компаниудтай гэрээ байгуулсан байна.

... Ингэснээр Дорж өөрийн 100 хонийг даатгуулснаар сэтгэл амар өвөлжиж, хохирол гарсан ч хувийн компаниар, төрөөр, тэр байтугай олон улсын компаниар хүртэл хохирлоо төлүүлж болно гэдгийг олж мэджээ ...
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.