Малчдын зээл, малын даатгалын асуудлаар санал солилцлоо
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Эдийн засгийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир нар өнгөрсөн даваа гаригт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулга, ХААН банкны гүйцэтгэх захирлын орлогч Д.Батсайхан, “Малын индексжүүлсэн даатгал” төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Я.Өлзийболд нарыг хүлээн авч уулзаж, малчдын зээлийн байдал, малын даатгалын төслийн хэрэгжилт, энэ чиглэлээр яамнаас барьж буй бодлого, үйл ажиллагааны талаар санал солилцов.
Одоогоор улсын хэмжээгээр ХААН банкинд 65,8 мянган малчин зээлтэй, нэг малчны зээлийн дундаж хэмжээ 917 мянган төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үеинйхээс харьцангуй бага юм. Тэдний 95.3 хувь нь зээлээ хугацаанд нь төлж байгаа, харин 4.7 хувь нь хугацаа хэтэрсэн. Энэ нь сумтайгаа холбоо барьж чадахгүй байгаа, малын түүхий эдийн үнэ унасан, хорогдол их гарсан зэргээс үүдэлтэй юм. Иймээс малчдыг зээлийн шимтгэлээс чөлөөлөх замаар хугацааг нь сунгах, Монголбанкинд хүсэлт тавьсны үндсэн дээр зээлээ нэг удаа сунгуулсан малчны зээлийг хоёр дахь удаагаа сунгах, өвс тэжээл худалдаж авахад нь зориулж бага хүүтэй зээл олгох, цас зуданд нэрвэгдсэн сумдын малчдад бэлэн мөнгөний тусламж үзүүлэх аян өрнүүлэх зэрэг арга хэмжээ авч буйгаа ХААН банкны гүйцэтгэх захирлын орлогч танилцуулав.
Тус банкны зүгээс цаашид малгүй болсон малчдыг малжуулах, сумдыг эрсдлийн сантай болгох, малчдыг сургалтад хамруулах замаар зээлийн үр өгөөжийг дээшлүүлэхэд анхаарч ирсэн өмнөх төсөл арга хэмжээгээ үргэлжлүүлнэ. Өнгөрсөн онд өөрийн хөрөнгөөр 150 айлд 38-40 толгой мал худалдан авч өгч малжуулсны зэрэгцээ баруун дөрвөн аймгийн 14 суманд тус бүр нэг сая төгрөг бүхий эрсдлийн сан байгуулсан бол энэ жил 35 сумыг ийм сантай болгох, мөн 19 аймагт малчдын сургалт зохион байгуулж энэ ажилд 50 гаруй сая төгрөг гаргахаар төлөвлөөд байгаа гэлээ. Түүнчлэн НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс цас зуданд нэрвэгдсэн гурван аймгийн хорогдсон малын сэг зэмийг устгах ажлыг зохион байгуулах, малын сэг зэмээ устгасан малчдад тусламж үзүүлэх зорилгоор нэг сая орчим ам.долларыг зарцуулах ажлыг ХААН банк дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлэв.
Манай улсын гурван аймагт хэрэгжиж байгаа “Малын индексжүүлсэн даатгал” төслийн цар хүрээг тэлэхэд Дэлхийн банк 10 сая ам.долларын нэмэлт санхүүжилт олгохоор болсны үндсэн дээр энэ жилээс таван аймгийг төсөлд нэмж хамруулахаар болсон. Улмаар 2013 он гэхэд үндэсний хэмжээнд малын даатгалын хөтөлбөртэй болох юм. Харин энэ чиглэлээр эрх зүйн бие даасан орчинтой болох нь чухал байгаа. Малчид өнгөрсөн хугацаанд энэ төрлийн даатгалд давхардсан тоогоор хоёр сая орчим малаа даатгуулж, 760 сая орчим төгрөгийн нөхөн төлбөр аваад байгаа гэж уг төслийг хэрэгжүүлэх нэгжийн захирал танилцуулав.
Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай банкны байгууллагууд малчдын зээлийн хугацааг сунгах, хүүгийн шимтгэлийг чөлөөлөх төдий биш тэднийг аж ахуйн нэгжийн хувьд авч үзэж, зээлийн ангиллыг сайжруулах, эрсдлээс сэргийлэх, үйлдвэржүүлэхэд анхаарах нь чухал юм. Түүнчлэн малжуулах бодлогыг үйлдвэржүүлэхтэй хамтад авч үзэх, хандивлагч орнууд, олон улсын байгууллагаас малчдад үзүүлж байгаа тусламж дэмжлэгийг зөв зангидах чиглэлээр хамтарч ажиллах шаардлагатай байгааг онцолж байлаа.
Уулзалтад оролцсон УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан мал аж ахуйн үйлдвэрлэлийг чанаржуулах, малчдын орлогыг найдвартай тогтмол байлгах, даатгалын тогтолцоотой уялдуулах замаар эрсдлийг даван туулахад цогц байдлаар хандахад салбарын яам бодлогыг нэгтгэн зангидахад анхаарч, энэ чиглэлээр зөв бодлого гаргаж түүнийгээ зөв хэрэгжүүлэх, УИХ ч энэ асуудалд анхаарч ажлын хэсэг гаргаж болох юм гэдгийг санал болгож байв.
УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир зах зээлийн жам ёсоор малчид авсан зээлээ төлөх үүрэгтэй ч байгалийн давагдашгүй хүчин зүйл нүүрлэсэн энэ жилийн тухайд тэдний зээлийн үлдэгдэл, хүү, торгуулийн асуудалд нааштай анхаарч банкны эрсдлийн сангаас шийдэх боломжтой,
УИХ-ын дарга эцэст нь хэлэхдээ, ХААН банк эрсдлийг тооцож зээл гаргасан байж таарна, бас байгалийн давагдашгүй хүчин зүйлийг ч тооцсон байх учиртай тул банк бас эрсдэл хүлээх ёстой. Банкны зүгээс малчдад боломж олгох талаар анхаарч байгаа нь сайн хэрэг. Гэхдээ зээлийн ангиллыг дахин харж үзэх, хугацааг нь сунгах, алданги анзыг зогсоох, хүү, торгуулийг хөнгөлөх талаар бодолцох байх гэдэгт найдаж буйгаа илэрхийлээ.
УИХ-ын дарга нэг жилийн өмнө арилжааны зарим банкны удирдлагуудтай уулзаж, малчдын зээлийн асуудлаар санал солилцож байсан юм.