2025.01.17

Ч.Ундрам: Малчин хүн өөрөө даатгуулдаг байх, тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай

УИХ-ын чуулганы /2025.01.17/-ны өдрийн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам: 

Энэ хууль Монгол Улсын хувьд маш чухал хууль. Хамгийн гол салбар болох ХАА болон ард, иргэдийн амьдралтай холбоотой.Өнөөдөр 10 малчин айлын зургаа нь арилжааны банкнаас зээлтэй. байгаа. Малчдыг хэрвээ зээл авах юм бол заавал малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан байх ёстой гэдэг ийм шаардлагыг тавих юм бол дахиад энэ хүмүүсийн зардал нь нэмэгдэнэ. Бидний хэрэгжүүлээд байгаа хүнсний хувьсгал, шинэ хоршоо хөтөлбөр шууд үүнтэй хамааралтай болж байгаа юм. Ер нь заавал ингэж даатгуулдаг болох биш, малчин хүн өөрөө даатгуулдаг байх, тогтолцоог бид нар бүрдүүлэх ёстой.

Энэ хуулийн өөрчлөлтөөр нөхөн олговор олгодог босго үзүүлэлтийг давхар даатгалын компанийн саналаар тогтоодог болох юм бол, үүн дээр нөгөө таазны үзүүлэлт байхгүй болсон гэж хариулж байна. Цаашдаа даатгалын компаниуд ашигт ажиллагаагаа бодоод яваандаа энэ босгыг өндөр болгож л таараа шүү дээ. Энэ 126 гишүүн дотор даатгалын компанитай, даатгалын компанийн ашиг сонирхолтой хүмүүс зөндөө байгаа. Энэ хүмүүс, энэ хуульд санал өгөх эрхгүй шүү гэдгийг би бас хариуцлагатайгаар хэлмээр байгаа юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn