2025.01.14
Б.Бат-Эрдэнэ: Малын индексжүүлсэн даатгалыг албан журмын даатгал болгох гэж байгаа юм уу?
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2025.01.14/-ний өдрийн хуралдаанаар “Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ талаар хэлэлцлээ.
Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 12-р зүйлд ийм заалт байна. Малчинд үзүүлэх санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ буюу арилжааны банкны зохицуулалттай асуудал дээр Зээл гэсэн үг. 12.3.5 “Малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан байх гэдэг заалтыг шинээр оруулж ирж байна.Уг нь энэхүү хуулийн зорилт нь малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох, төрөөс тавих хяналт, даатгалын эрсдэлийг хуваарилах, нөхөн төлбөр төлөх, малын давхар даатгал, даатгагч болон даатгуулагчийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байгаа. Арилжааны банкны асуудал бол арилжааны банкны асуудал. Барьцаагаа авч байгаа. Арилжааны банк дотооддоо тухайн зээл олголттой холбоотойгоор ямар журам гаргана тэр журмаар л явах ёстой. Саяхан жолоочийн даатгалтай холбоотой асуудал нийгэмд үүссэн. Жолоочийн даатгалын 2011 оны хуульд албан журмын даатгал гэдгээр нь хуульчлаад өгчихсөн. Үүнийг харахаар үндсэн суурь шалтгааны нэг нь малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлагыг урьдчилан тандан судлах үнэлгээний тайлангийн ерөнхий мэдээлэл дээр нийт малчин өрхийн 11-18% хамрагддаг ба нийт малын 7-10%-ийг даатгуулж байгаа нь төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлогын зорилтыг хангахгүй байгаа тул хууль тогтоомжид тодорхой өөрчлөлт шинэчлэлтийг хийх шаардлагатай байна гэсэн. Арилжааны банкнуудын зээл олголттой процессоор дамжуулаад малын индексжүүлсэн даатгалыг албан журмын даатгал болгох гэж байгаа юм уу? Энэ чинь банкны асуудал шүү. Төрийн банкнаас олгогдож байгаа зээл биш. Малын индексжүүлсэн даатгалд заавал хамрагдсан байх ёстой гэсэн заалт оруулж ирээд дараа нь тодорхой төлбөр мөнгөтэй хураамжтай холбоотой асуудал шинэчлэх гээд явчихвал асуудал үүсгэнэ. Банкны асуудлыг банканд нь үлдээ. Хоёрдугаарт нь Үндэсний статистикийн хорооноос хагас жилийн мал тооллогын түүвэр судалгааг зохион байгуулж, малын хорогдлын дүн мэдээ гарсны дараа малчдад олгох нөхөн төлбөрийг тооцож дараа оны 10 дугаар сард нөхөн төлбөр олгогдог. Энэхүү хугацаанд зудын эрсдэл болж дууссаны дараа намар нөхөн төлбөр олгогдож байгаа нь зудад өртсөн малчдад гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, сөрөн тэсвэрлэх боломжийг бууруулж байна гэсэн байна. Үүнийг та нар хуулин дээр ямар зохицуулалт, ямар зүйл заалтаар оруулж өгөх боломжтойгоор хийж байгаа юм бэ? Гуравдугаарт нь гамшигт үзэгдэл болж байх үед эрсдэлийг бууруулах зорилгоор малын индексжүүлсэн даатгалын нөхөн төлбөрийн тодорхой хувийг малчдад урьдчилж олгох. Ингэхдээ статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын сар бүрийн мэдээнд үндэслэн босог үзүүлэлтийг 50%-иас дээш давах нь тодорхой болсон тохиолдолд нөхөн төлбөрөөс урьдчилан олгох. Хагас жилийн түүвэр судалгааны дүн мэдээ эцэслэн гарсны дараа нөхөн төлбөрийг эцэслэх байдлаар зохицуулах боломжтой хэмээн заасан. Үүнийг хуулин дээр ямар зүйл заалтаар, ямар боломжоор оруулж ирж байгаа вэ?
Түүний асуултад ажлын хэсэг хариуллаа.