Би сонгогдсоныхоо төлөө яахаараа ван болчихдог юм
УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2016.01.18

Би сонгогдсоныхоо төлөө яахаараа ван болчихдог юм

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй ярилцлаа. 

-Хүүхдийн мөнгийг зориуд улстөржүүлээд байна-

-Та өнгөрсөн долоо хоногт хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт ялгаварлахгүйгээр олгох тогтоолын төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүллээ. Өмнө нь хүүхдийн мөнгийг амьжиргааны төвшинтэй уялдуулж өгөхөөр болчихсон байсан. Сар хүрэхгүй хугацааны дараа шийдвэрээ өөрчилж байгаа нь хэр оновчтой юм бол. Эдийн засаг хүндрэлтэй байгаа үед эх үүсвэр бас байна уу?

-Эдийн засаг хүндрэлтэй байгаа учраас Сангийн яамнаас санал тавьж,хүүхдийн мөнгийг зорилтот бүлэг рүү чиглүүлэх талаар танай яамтай хамтран ажиллая гэсэн. Ингээд хоёр яам хамтран ажилласнаар зорилтот бүлгийн 1-17 дугаар эрэмбэлэгдсэн айл өрхийн хүүхдүүдэд хүүхдийн мөнгийг хэвээр олгоё. 18-аас дээш эрэмбэлэгдсэн айл өрхийн хүүхдүүдийг хамруулахгүй байх нь зүйтэй юм гэж үзсэн. 18-аас дээш бүлэгт хамрагдсан иргэд хүсвэл дахин судалгаанд хамрагдаад, хүүхдийн мөнгөө авах боломжтой гэсэн байдлаар асуудлыг шийдвэрлэсэн юм.

Харамсалтай нь үүнийг зориуд улстөржүүлэх хандлага байх шиг байна. Маш их хэмжээний буруу зөрүү, ташаа ойлголтуудыг нийгэмд бий болгосон. Түүнчлэн бүлэгт хамрагдсан өрхийн судалгааг үгүйсгэсэн, янз бүрийн санаатай, санамсаргүй цуу яриа их гарсан. Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав уулзаад, цаашид өрхийн мэдээллийн сангийн аль бүлэгт хамаарснаас үл хамааран хүүхдийн мөнгийг олгоё гэж шийдсэн. Үүний дагуу Засгийн газар хуралдаад, асуудлыг Их хуралд өргөн бариад байна.

Ямар шийдэл оруулж байгаа вэ гэхээр 1-20 дугаар бүлэгт хамрагдсан бүх хүүхдүүд мөнгөө авна. Харин судалгаанд хамрагдаагүй бол хүсэлтээ гаргаад, судалгаанд хамрагдсанаар хүүхдийн мөнгөө авах боломжтой. Өнөөдрийн байгаа батлагдсан мөнгөөр наймдугаар сарыг дуустал хүүхдийн мөнгийг олгоно. Төсөвт тодотгол хийх замаар хүүхдийн мөнгийг үлдсэн хугацаанд нь олгох боломжтой.

-Ер нь өнгөрсөн хугацаанд төрөөс үзүүлэх нийгмийн халамж буурсан уу, нэмэгдсэн үү?

-Нийгмийн халамжийн бодлогын хүрээг хумьж, үзүүлэх үйлчилгээг бууруулаагүй. Харин нийгмийн халамж, үйлчилгээний бодлогыг цэгцэлсэн. Бодлогын маань үзүүр зорилтот бүлэг рүү чиглэгдэж чадсан. Мэдээллийн маш том санг бий болгож чадлаа. Мөн нийгмийн халамжийн чиглэлийн хууль эрх зүйн зохицуулалтуудыг шинэчиллээ. Зөвхөн халамж ч бус нийгмийн даатгалд чиглэсэн хууль, тогтоомжуудын шинэчлэлийг богино хугацаанд хийж чадсан. Үүний үр дүнд бид богино хугацаанд нийгэмд маш олон эерэг үзүүлэлтүүдийг бий болгож чадсан гэж үзэж байгаа.

Жишээ нь, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг УИХ-д өргөн барьж, батлуулсан. Үр дүнд нь өнөөдрийн байдлаар 600 мянга гаруй иргэн энэ хуулийн үйлчлэлд хамрагдаж, ажилласан жилээ нөхөн тооцуулж байна. Мөн Хамтын тэтгэврийн тухай хуулийг батлууллаа. Ахмад настны нийгмийн хамгааллын маш том бодлого. Хоёрдугаарт, нийгмийн даатгалын санд төлсөн мөнгөө өвлүүлэх асуудал их яригддаг. Энэ санд төлсөн мөнгөө өвлүүлэх чиглэлд томоохон алхам болсон.

-Тэтгэврийн даатгалын санг 3 их наяд төгрөгөөр мөнгөжүүлнэ-

-Тэтгэврийн даатгалын сангийн шинэчлэл гэхээр энэ сан хэзээ мөнгөжих вэ гэх асуулт анхаарал татдаг. Одоо болтол хоосон байгаа сан шүү дээ?

-Нийгмийн даатгалын сангийн тэтгэврийн даатгалын санд төвлөрүүлэх анхны мөнгийг байршуулах хуулийг УИХ-д өргөн барьсан. Тооцоо, судалгааг Монголбанк, Сангийн яамтай хамтарч хийсэн. Ингээд 1.8 их наяд төгрөгийн үнэт цаасаар баталгаажсан хуримтлал, дээр нь Монголбанкин дээр төвлөрсөн 650 тэрбум төгрөгтэй тэнцэх ипотекийн хөрөнгө. Нийтдээ 2.5 их наяд орчим төгрөгийг эхний ээлжинд тэтгэврийн санд байршуулах, оны эцэс гэхэд 3 их наяд төгрөгт хүрэхээр байгаа юм.

Үндсэндээ энэ онд 3 их наяд төгрөгийг тэтгэврийн даатгалын сангийн нэрийн дансанд байршуулах хууль гаргах гэж байна. Энэ хууль батлагдаад, хэрэгжээд эхэлбэл, тэтгэврийн даатгалын санд 1995 оноос хойш анх удаа 3 их наяд төгрөгтэй тэнцэх бодит мөнгөн хуримтлал орж ирнэ. Тооцооллоор тэтгэврийн санд 10 гаруй их наяд төгрөгийн өр бичилтээр үүсчихсэн байгаа. Хүмүүс тэтгэврийн даатгалын сангийн мөнгийг төр зарцуулаад, үрээд, алга болгочихсон юм шиг ярьдаг.

Гэтэл анх 1995 онд тэтгэврийн даатгалын сангийн хууль батлагдаад, 1999 онд нэрийн дансны хууль хэрэгжиж эхэлсэн. Тэр цагаас хойш энэ санд нэг ч төгрөг байгаагүй. Анхнаасаа хоосон байсан. Өнөөдрийн тэтгэврийн даатгалын тогтолцоо маань ажил хийж байгаа хүмүүсийн төлсөн шимтгэлийг тэтгэвэр авч байгаа хүмүүст өгдөг, эв санааны нэгдэлд суурилсан. Харин энэ хууль батлагдсанаар тэтгэврийн даатгалын тогтолцоо маань хагас хуримтлалын тогтолцоо руу шилжих анхны алхам болох юм. Цаашдаа бүрэн хуримтлалын тогтолцоо руу шилжүүлэх зорилт тавьж ажиллаж байна. Энэ хууль батлагдсанаар таны асууж байгаа мөнгөжүүлэх ажлын эхлэл амжилттай тавигдах юм. 

-Сан мөнгөжсөнөөр иргэдэд шууд мэдрэгдэх ач холбогдол нь юу юм бол? 

-2030 он хүртэл одоогийн байгаа тогтолцоогоороо явна. Өнөөдөр шимтгэл төлж байгаа иргэдийн шимтгэлээр тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийг тавьдаг эв санааны нэгдлийн зарчим 2030 он хүртэл хадгалагдах юм. Энэ хооронд орж ирсэн мөнгө маань Ирээдүйн тэтгэврийн нөөц сан болно. Энэ сангаас улсын чанартай томоохон хөрөнгө оруулалт, жишээ нь ипотекийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, зам, барилга, улсын чанартай хөрөнгө оруулалт руу орно. Тэндээ эргэлтэнд ороод, өсч, үржээд, 2030 он хүртэл мөнгө хуримтлуулна. Улмаар 2030 онд энэ сан маань тэтгэврийн даатгалын санд нэгтгэгдээд, тэтгэврийн даатгалын сан маань тэр сангаасаа тэтгэврээ тавьж, олгодог тогтолцоо руу орно. Өнөөдрийн шимтгэл төлж байгаа иргэдийн хувьд 2030 оноос эхлээд яг өөрийнхөө нэрийн дансан дээр бодит мөнгөн хэлбэрээр хуримтлагддаг тогтолцоо руу шилжих юм. 

-Яагаад 2030 он гэж?

-Яагаад гэхээр 2030 он хүртэл хүн амын насжилтын цонх үе буюу хамгийн тааламжтай цаг үе таарч байгаа. Өнөөдөр нийт хүн амд эзэлж байгаа хөдөлмөрийн насны хүний тоо 60 хувьтай байна. Энэ бол хамгийн өндөр үзүүлэлт. Яг ийм тааламжтай үед ирээдүйн тэтгэврийн нөөц санг бий болгож байгаа юм. Боломжтой цаг үедээ өнөөдрийн баялаг бүтээгээд, нийгмийн даатгалын шимтгэлээр тэтгэвэр авч байгаа иргэдийнхээ тэтгэврийг тавих эв санааны нэгдлийн зарчмаа хадгална.

Үүний нөгөө талд ирээдүйн тэтгэврийн нөөц сангаа давхар бий болгож, тэр сангаасаа шаардлагатай, чухал хөрөнгө оруулалтуудыг хийж, хөрөнгийг нь арвижуулах юм. 2030 он гэхэд хүн ам насжилт руугаа шилжиж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, нийт хүн амд эзлэх тэтгэврийн насны хүн ам 7 хувьд хүрнэ. Одоо бол дөнгөж 3 орчим хувьтай байгаа. Тэгэхээр хоёр дахин өснө гэсэн үг. Тэр хэмжээгээр ачаалал бий болно. Тэр үед нь ирээдүйн тэтгэврийн нөөц сан маань тодорхой хуримтлалтай болчихсон, тэтгэврийн ачааллыг хуваалцах боломжтой болох юм.

-Тэр болтол сангийн мөнгөнд хэн ч гар хүрэхгүй нь?

-Хэн ч хүрэхгүй. Харин урт хугацааны, зөв менежмент бүхий хөрөнгө оруулалтад зарцуулагдах сан байх юм.

-Цэц иргэний хувийн өмч гэдэг ойлголтыг устгасан-

-Ипотекийн зээлтэй холбоотой хуулийг хэлэлцлээ. Та ямар бодолтой байна вэ?

-Би ипотекийн зээлийг үргэлжлүүлж олгохыг 200 хувь дэмжиж байгаа. Өнөөдөр ипотекийн хөтөлбөрийг зогсоох нь үнэхээр утгагүй. Үндсэн хуулийн цэц маань дүгнэлтийг гаргахдаа ард нь гарах эдийн засгийн сөрөг үр дагаврыг тооцоогүй юм шиг байна лээ. Тухайн үеийн нөхцөл байдлыг харж байгаад л шийдвэр гаргасан чинь нийгэмд маш том сөрөг нөлөөллийг бий болгочихсон. Тийм учраас энэ асуудлыг маш богино хугацаанд шийдэж, шинэ хуулийг гаргах ёстой.

Социализмын үед хүний хувийн өмч гэдэг ойлголт байгаагүй, харин амины өмч гэж байсан. Амины өмчийг зарж, үрж болдоггүй. Мөн ашиглаж болохгүй. Янз бүрийн байдлаар ашиглах гэж оролдвол дамын наймааны хэрэгт ордог, амины өмчөө багахан өсгөчихөөр нударган баян болж хувирдаг тогтолцоо байлаа. 1990 онд ардчилал ялснаас хойш хувийн өмч гэдэг ойлголт бий болсон. Хувийн өмчийг хүн захиран зарцуулах эрхтэй. Мөн зарж үрж болдог, барьцаалж болдог тогтолцоо. Гэтэл саяын Үндсэн хуулийн цэцийн шийдвэр хувийн өмчийн статусыг байхгүй болгосон. Буцаагаад амины өмч болгоод хувиргачихсан.

-Ардын намынхан ипотекийн зээлийг зогсоочихсон юм уу?

-Ардын намынхан сая чуулган дээр асуудлыг бүгд дэмжлээ. Гэхдээ наанаа кноп дарж байгаа ч цаанаа бол бага зэрэг дургүй байх шиг байна лээ. Сонгуулийн жил гарчихлаа, улс төрийн оноо нь Ардчилсан нам дээр бууна гэсэн хандлагаар хараад байх шиг байна. Энэ аль нэг намын улс төрийн онооны асуудал биш. Гол нь нийгэмд л эерэг үр дүн авчирна шүү дээ.

-Энэ хууль батлагдсанаар ипотекийн найман хувийн зээлд хамрагдсан иргэдийн зээл 5 хувь болж буурах уу? 

-Таван хувь руу шилжүүлэх тал дээр ярьж байгаа. Ер нь бол шилжих байх.

-Ипотекийн зээлийн хүүг таван хувь болгоно гэхээр АН сонгуулийн ажлаа эхэллээ л гэж хараад байх шиг байна. Түүнчлэн хүүхдийн мөнгийг ч бас сонгууль дөхөж байгаа учраас таалагдах бодлого хийгээд байна уу гэх байдлаар хардаад байх шиг?  

-Ардчилсан нам энэ бодлогыг аль 2012 онд хэрэгжүүлээд эхэлчихсэн. Тухайн үед зогсоочихсон байсан хүүхдийн мөнгийг 20 мянга болгож, олгож эхэлсэн. Энэ бодлогын үргэлжлэл. Үүнийг зорилтот бүлэг рүү өгөх үү, нийтэд нь өгөх үү гэдгийг сая шийдлээ. Түүнээс биш хүүхдийн мөнгө олгохыг зогсоох гэсэн ямар нэгэн үйл ажиллагаа болоогүй. Зорилтот бүлэг рүү шилжүүлэхэд нийгэм сэтгэл зүйн хувьд бүрэн бэлтгэлгүй байна гэж үзсэн учраас хуучнаар нь олгоё л гэж байгаа.

Ер нь бол Ардчилсан нам оноо авах асуудлыг сонгуулиас өмнө хийх гэж байна гэсэн байдлаар харж болохгүй.

-Яагаад?

-Ардчилсан нам засгийн эрх аваад гурван жил зургаан сар л болж байна. Энэ гурван жил гарангийн хугацаанд АН маш олон шинэчлэлүүдийг хийж чадлаа. Аймгуудыг хатуу хучилттай замаар нийслэлтэй холболоо. Орон сууцны ипотекийн 8 хувийн зээлийг маш амжилттай хэрэгжүүллээ. Түүхэндээ анх удаа АН-ын засаглаж байх үед 76 мянган айл орон сууцтай боллоо. Энэ хэмжээгээр агаарын бохирдол буурч байгаа. Энэ хэмжээгээр хүмүүсийн амьдрах орчин, амьдрал сайжирч байна. Зөвхөн Улаанбаатар хотоор жишээ авахад сүүлийн гурван жилд яаж өөрчлөгдөв. Бүгдийг нь засаг хийчихсэн гэж хэлэхгүй ч Улаанбаатар хот сүүлийн гурван жилд үсрэнгүй хөгжлөө. Аймгийн төвүүдэд хэзээ есөн давхар барилга барьдаг байсан юм. Хэзээ аймгийн төвд 16 давхар барилга баригдаж байсан юм. Одоо дийлэнх аймагт орон сууцны хорооллууд бий болчихлоо.

Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт, харсаар байхад хэдийгээр эдийн засгийн таагүй нөхцөл байдалтай байгаа ч өөрчлөгдөж, сайжирч  байна. Энэ бол зөв бодлогын үр дүн. Хэдийгээр хүнд хэцүү байсан ч АН-ын засгийн газрууд эдийн засгийн зөв бодлого хэрэгжүүлж, тогтвортой ажиллаж чадсаны үр дүнд хямралыг хохирол багатай даван туулж байна.

Улаанбаатар хэзээ махны үнэ ингэтлээ буурч байсан юм бэ. Инфляци өнөөдөр 1.9 хувьтай байна. Ингэтлээ буурч байсан түүх байхгүй. Төсвийн алдагдал хэвийн хэмжээндээ хүрлээ, гадаад худалдааны баланс ашигтай тал руугаа эргэчихлээ. Ингээд аваад үзэхээр бид эдийн засгийн зөв бодлого хэрэгжүүлж чадсан. Ийм бодлого явуулчихсан нам. Тийм учраас сонгуулийн өмнө оноо авах гээд улайраад байх шаардлага алга.

-Ардчилсан нам харин ч МАН-аас хавьгүй тогтвортой-

-Танай нам засаглаад, сайн бүтээн байгуулалт хийсэн гэж байгаа ч дотроо эвтэй, найртай байж чаддаггүй шүү дээ. Засгаа огцруулдаг, фракц бүлэглэл гээд хуваагддаг. Ийм шүүмжлэл их өрнөдөг?

-Ил тод байсны муу гэж юу байх вэ дээ. Нуугдмал байсны сайн зүйл гэж хаана байна вэ. Ардын нам бол дотроо Ардчилсан намаас олон фракцтай. Увсын фракц, хотын фракц гээд л. Тэрийгээ маш чадварлаг нууж чаддаг. Ардчилсан намд тодорхой хэдэн фракцууд бий. Гэхдээ тэдний үйл ажиллагаа нь ил тод байдаг. Үүгээр нь харахаараа хүмүүс АН-ынхан дотроо зөрчилтэй гэх зэргээр хараад байдаг.

Гэтэл яг үнэндээ АН Ардын намаас ч илүү тогтвортой байна. Ардын нам маань өнөөдөр хоёр хуваагдчихаад л явж байгаа шүү дээ. Тэгэхээр Ардчилсан нам илүү тогтвортой, нээлттэй, шударга явж чадаж байгаа. Мэдээж улс орны том бодлого авч яваа намын хувьд улс төрийн ч тэр, нийгэм, эдийн засгийн ч тэр алдаа гарч байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ алдаанаасаа оноо нь илүү байж чадсан гэж би бодож байгаа. 

-Сонгуулийн өмнө дахиад засаг огцруулах вий гээд бас тодорхой хэмжээнд болгоомжлол байж л байна?

-Одоо Их хурлын 76 гишүүн хариуцлагаа ойлгож байгаа байх. Өнөөдөр аль нэг Засгийн газрыг огцруулаад, солиод юу хийж,юу хожих юм. Юу ч хийж, хожиж чадахгүй. Аль аль талдаа үүнийгээ ойлгож байгаа. Тийм учраас ийм процесс болно гэж харахгүй байна. Тэртээ тэргүй сонгууль эхэлчихлээ. Сонгуулийн кампанит ажлын дундуур ийм эрсдэлтэй алхмыг нэг нь хийгээд, нөгөө нь хийлгээд байж байна гэж бодохгүй байна.

-Гэхдээ АН-ынхан өөрсдөө бас нэг Засгийн газраа унагаасан шүү дээ?

-Аливаа нам дотроо зохицуулалт, реформ хийх зүйл байх. Тэр нь улс орны нийгэм, эдийн засгийг доргиогоод, ямар нэгэн эрсдэл дагуулсан бол нэг өөр. Өнөөдөр ямар ч байсан шинэчлэлийн болон шийдлийн Засгийн газар аль аль нь хийх ёстой ажлаа хийсэн. Залгамж чанараа хадгалсан. Нийгэмд засаг солигдлоо гээд ямар нэгэн эрсдэл, хямралыг бий болгоогүй. Ер нь тэгээд өнөөдрийн эдийн засгийн хямрал, хүндрэлийг бид бий болгоогүй. Үүний нэг гол гэрч нь би өөрөө сууж байна. Намайг анх Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын ажлыг хүлээж авахад манай салбар л гэхэд нэг их наяд гаруй төгрөгийн өр, авлагатай байсан. Иргэдэд олгох 21 мянган төгрөг нь дутуу олгогдсон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадуудад олгох сая төгрөг нь дутуу олгогдчихсон. Эхний нэг жилд үүнийг гүйцээж олгохын төлөө л ажилласан. Ийм их хэмжээний өр авлага үлдээчихээд явсан улс. Тэгээд өнөөдөр бүх юм сайхан, авдар сав нь дүүрэн, сайхан юмыг хүлээлгээд өгчихсөн юм шиг худлаа ярьдагаа болих хэрэгтэй.

Өнөөдрийн чуулган дээр Д.Хаянхярваа гишүүн Н.Батбаяр гишүүн рүү дайраад л байна. Улс орны эдийн засгийг самарч хаячихаад гээд л. Гэтэл яг самарсан хүн нь манай Д.Хаянхярваа өөрөө шүү дээ. Хамгийн сүүлд нь бүр ичгүүр сонжуургүйгээр өөрийнхөө тойргийн гишүүдэд сая төгрөгийг аваачиж тараасан. Яг нарийн яривал энэ чинь ашиг сонирхлын зөрчил, хуулийн байгууллага шалгах ёстой шд. Үнэхээр тийм шударга, мундаг хүн байсан юм бол өөр тойргийн иргэдийн мөнгийг өгөхгүй яасан юм. Тэгээгүй ш дээ.Яг сонгуулийн үеэр Дарханыхаа иргэдийн мөнгийг л өгсөн. Гэх зэргээр яриад байвал олон зүйл бий. Тэр болгоныг гаргаж тавиад, хэрүүл хийгээд байх сонирхол алга.

Би энэ Засгийн газар Чингис бондын зарцуулалтыг маш зөв хийсэн гэж үзэж байгаа.Аймгийн төвүүдийг хараарай. Машинтай байтугай явган ч явах аргагүй, бүдэрч уначих гээд л хэцүү байсан. Яваад очиход ёлтойх ч гэрэлгүй, харанхуй аймгийн төвүүд олон л байсан. Одоо бүгд хотоос дутуугүй авто замтай, гэрэлтүүлэгтэй болсон.

-Яах вэ зөв зарцуулдаг байж. Одоо тэгээд өрөө яаж дарах вэ?

-Өр авлага гэдэг зүйл аль ч улс оронд байдаг. Дэлхийн нэг номерын эдийн засагтай Америк л гэхэд өнөөдөр өчнөөн өртэй байгаа. Азид тэргүүлээд байгаа Япон ч бас өчнөөн өр авлагатай. Өр авлагагүй улс орон гэж байхгүй. Тэгэхээр өр, авлага гэдэг эдийн засагт байдаг л нэг үзүүлэлт. Үүнийг аймшгийн юм болгож харуулах гээд л,боль л доо. Манайд одоо үүсчихээд байгаа хэдэн тэрбум долларын өр бол үнэндээ юу ч биш. Асар их баялгийн нөөц, асар их уудам газар нутаг байж байна. Нийгэм эдийн засгийн зөв бодлого явуулаад, үйлдвэржүүлж чадвал энэ өр юу ч биш.

-Баабар Баянголд дахиж хоншоороо ч цухуйлгаагүй хүн-

-Сүүлд нийтлэлч Баабар та хоёр хэвлэлээр нэлээд муудалцах шиг боллоо. Яг юу болоод өнгөрчихөв өө. Баабар таньд өс санаад байна уу, та Баабарт өс санаад байна уу? 

-Шууд хэлэхэд сөрөг энергитэй хүнтэй би харьцах дургүй. Зүгээр бодит үнэн юу вэ гэдгийг би хэлсэн. Өөрийгөө нэг их мундаг гээд нийгэмд ойлгуулчихсан хүн бодит байдал дээр ийм өчүүхэн хүн байдаг гэдгийг л баримтаар гаргаад тавьчихсан. Өөр зүйл байхгүй. Түүнээс биш бид хоёрт булаацалдаад байгаа зүйл байхгүй. Би тэр хүний ямар нэгэн хувийн болон хувьсгалынх нь эрх ашигт хөндөлсөөд, оролцоод байсан зүйлгүй. Харин ч тэгж яривал 1996 онд тухайн үеийн УИХ-ын сонгуулиар Баянгол дүүргийн 63 дугаар тойрог дээр Баабарыг УИХ-ын гишүүн болоход нь дэмжин ажиллаж, штабыг нь удирдаж явсан.

Тэгээд тэр хүн сонгогдоод л алга болсон. Дахиж Баянголд хоншоороо ч цухуйлгаагүй. Дараа нь Сангийн сайд энэ тэр болоод, өчнөөн л төрийн өндөр албан тушаал хашаад явсан. Тийм учраас тэр хүн лав надад хар буруу санаад, өс хонзон зангидсан зүйл байхгүй гэж бодож байна.Миний хувьд ч тэрнээс нэг их эмзэглээд, айгаад байх шаардлага байхгүй. Өөрийнх нь хийсэн алдаа, буруу зөрүү юмыг шалгадаг байгууллагууд нь шалгаад гаргаад ирэх биз. Би үнэн ярьсан байна уу, тэр хүн үнэн ярьсан байна уу гэдгийг цаг хугацаа харуулчих байх.

-Таныг Баянгол дүүрэгт Эрдэнийн вант улс байгуулчихсан гээд байгаа юм биш үү? 

-Энэ завшааныг ашиглаад нэг зүйл хэлчихье. Би бол улстөрч хүн. Улс төрд 26 жил явж байна. Аль ч улс төрийн хүчин олонхи болохын төлөө, эрх мэдэл авахын төлөө явдаг. Эрх мэдлээрээ дамжуулж бодлого хэрэгжүүлэхийн төлөө байдаг. Тэгээд би Баянгол дүүргийн Ардчилсан намын даргын хувьд манай нам энэ дүүргийн Иргэдийн хуралд олонхи болсон. Би өөрөө Баянгол дүүргээс сонгогдсоныхоо төлөө яахаараа ван болдог юм. Би яахаараа эзэн болчихдог юм. Над руу дайрч болно, гэхдээ Баянгол дүүргийн 230 мянган иргэнийг доромжилж болохгүй.

Тэр хүмүүс чинь тэнэг биш. Хэн нэгэн хүнд захирагдаад, хэн нэгний хэлснээр явж байдаг хүмүүс юм уу. Үгүй ш дээ. Бүгдийг хардаг, ялгадаг, ухаантай хүмүүс. Тэгж яривал манай Баянгол дүүргийн иргэдийн дийлэнх нь оюунлаг, дундаж давхаргын улс байдаг. Ийм нөхцөл байдал зүгээр л нэг Эрдэнийн өөрийнх нь ахалж байгаа Баянгол дүүргийн АН олонхи болсны төлөө, тэр дотор нь миний хамаатан садан болох гурав, дөрвөн хүн орсны төлөө Баянгол дүүргийг Эрдэнэ өмчилчихсөн юм шиг дайрч болохгүй. Тэгээд юу гэсэн үг юм. Аль нэг аймаг, дүүрэгт аль нэг нам яллаа. Тэгээд тэр аймаг тухайн ялсан намын даргын хошуу, эзэмшил, өмч хөрөнгө болчихдог юм уу. Тийм утгагүй юм ярьдагаа болих л ёстой.

Би тоодоггүй л дээ. Гэхдээ утгагүй юмыг дэвэргээд байх хэрэггүй. Өөр юм олоод намайг шүүмжил лдээ. Өөр юмаар муул лдаа. Өөр юм олдохгүй учраас ганц хэлж, ярьж чадах нь энэ л байхгүй юу. 

-Ер нь Баянгол дүүрэгт Эрдэнэ, Одонтуяа гэдэг хоёр хүнд хууль үйлчилдэггүй тал байна уу?

-Нотолгоогоо л гаргаад ир. Ямар хууль үйлчлэхгүй байгаа юм. Ямар хууль зөрчсөн юм. Өнөөдөр би энд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байна. Одонтуяа АН-ын бүлгийн дэд даргаар ажиллаж байна. Бид тэнд очиж ямар хууль бус ямар үйлдэл хийсэн юм бэ. Наад зах нь замын хөдөлгөөний дүрмийн зөрчил ч гаргаагүй. 

Харин ч бид Баянгол дүүрэг дээр улсын төсвөөс аль болох ахиу хөрөнгө татчих юм сан, аль болох олон сургууль, цэцэрлэг барьчих юм сан гэж л ажиллаж байна.  Энэ нь л буруу биш бол өөр бид хоёрт хууль зөрчсөн үйлдэл байхгүй.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв дөрөвдүгээр сараас баригдана-

-Сэтгүүлч Л.Болормаа агсан таны талаар нийтлэл бичсэн байсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв барих мөнгийг өөрийнхөө хамаатнуудын бизнес болгочихсон гэх утгатай. Тэр үнэн юм уу?

-Ямар ч тийм нотлох баримт байхгүй. Тэр бол зохиол байсан. Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдах гэж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн хөрөнгөөр барилга барьчихсан юм шиг ярьсан. Харамсалтай нь энэ мөнгө одоо болтол орж ирээгүй байгаа. Энэ ажил дөнгөж эхэлж байгаа. 30 сая ам.доллар буюу 60 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирэх юм. Үүгээр нэг ээлжиндээ 300-350 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлэх хөгжлийн төвийг байгуулахаар ажиллаж байна.

Саяхан санамж бичигт гарын үсэг зурсан. Хятадын тал гүйцэтгэгч компани гүйцэтгэгч компани болон зураг төсөл бүх юмаа өөрсдөө хийхээр шийдсэн. Буцалтгүй тусламж учраас бид үүнд оролцох боломж хязгаарлагдмал байгаа. Монголын тал 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шийдсэн. Үүгээр тухайн баригдах төвийн инженерийн шугам сүлжээ буюу дулаан, цэвэр, бохирын асуудлыг шийднэ. Энэ хөрөнгө улсын төсөв дээр суугаад, батлагдсан. Одоо ажил хийгдэж байгаа.

-Тэр төвийнх нь газар дээр “Шонхор Тауэр”-ыг барьчихсан юм биш үү?

-Үгүй. “Шонхор Тауэр” бол тухайн байгууллагын өөрсдийнх нь хөрөнгө оруулалтаар боссон, тухайн бизнесийн компанийн өөрсдийнх нь ажлын үр дүн. Тэнд ямар ч гадны, эсвэл ямар нэгэн төсвийн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулагдсан хөрөнгө оруулаагүй. Тэр газрыг анх зориулалтаар авахдаа “Төгс Эрдэм” сангийн сургалт, оффис үйлчилгээний зориулалтаар авсан. Алга дарам л газар шүү дээ. Хүүхдийн парк руу сөөм ч ороогүй. Нарийхан, өндөр барилга.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв нь тэгээд хаана баригдах юм бэ. Газар нь байгаа юм уу?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв маань Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдана. Гурван га газар шийдэгдсэн. Одоо инженерийн шугам сүлжээг байгуулах тендер нь зарлагдсан. Төвийн барилгын ажлыг дөрөвдүгээр сараас эхлүүлэхээр Хятадын талтай тохиролцоод явж байна.

-Ярилцсанд баярлалаа.