Татвараас бултагсдыг өршөөх үү, эс өршөөх үү?
ТАТВАРЫН ӨРШӨӨЛИЙН ТАЛААР ДЭЛХИЙН ТУРШЛАГА
Татвараа дутуу төлсөн, торгуулиас төлөхөөс эхлээд эрүүгийн хариуцлагад татагдах магадлалтай, байнгын түгшүүр дор амьдардаг бизнес эрхлэгчийн хувьд “татварын өршөөл” гэдэг бол аврал. Гэхдээ татварын өршөөл нь төрийн зүгээс зүгээр нэг өршөөх биш, зарим тохиолдолд эерэг үр дүн авчирдаг зүйл юм.
ЯАХ ГЭЖ ТАТВАРЫН ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛДЭГ ВЭ?
Татварын өршөөл гэдэг нь татвараа хугацаанд нь төлөөгүй хүнийг хуулийн хариуцлагад таталгүй татвараа нөхөн төлөх боломжийг олгож байгаа хэрэг юм.
Дэлхийн практикт татварын өршөөлийн маш олон хувилбар бий. Өршөөлийг төр болон орон нутгийн захиргаа үзүүлж болно. Татварын тодорхой нэг төрөл (орлогын албан татвар, нийгмийн хамгааллын санд өгөх мөнгө), мөн татвар төлөгчдийн аль нэг бүлэгт (таксины жолооч, эсвэл жижиг бизнес эрхлэгч гэх мэт) үзүүлдэг өршөөл бий. Өршөөлөөр төрөөс илрүүлсэн төлөгдөөгүй татвар, шүүхийн байгууллагад очсон татварын өр, татварын байгууллагын өмнө нь илрүүлж чадаагүй татварын өрийн асуудлыг авч үздэг. Өршөөлийн нөхцлийн дагуу татварын бүх өрийг алдангитай нь хамт авах, нууцалсан хуучин орлогыг шинэ болгон татвар ногдуулах зэргээр авч болдог. Татварын өрийг бүтнээр нь, эсвэл хэсэгчлэн өгдөг. Голдуу өршөөлийн хөтөлбөрт хамрагдаагүй татвар үл төлөгчдөд нэмэлт торгууль ногдуулдаг. Энэ мэтээр өршөөлийн хөтөлбөр нь төрөл бүрийн нөхцөлтэй байж болох ч зайлшгүй нөхцөл нь төрд татвараа нөхөн төлөх.
Гэхдээ энэ бүхэн татвар төлөгчдөд ямар хэрэгтэй юм бэ гэсэн асуулт гарна. Хариулт энгийн. Компани татварын өрийн асуудалгүй болсноор бүх хуримтлалаа хууль ёсны болгож ямар нэгэн хуулийн хариуцлагад татах вий гэж айлгүйгээр татварын түүхээ шинээр эхлэх боломжтой болно. Мэдээж тааламжгүй зүйл бий. Нэгдүгээрт хэдийгээр хүсэхгүй байгаа ч татварын өрөө төлөх хэрэгтэй. Хоёрдугаарт татварын байгууллагууд өмнө нь татварын өртэй байсныг тань далимдуулаад цаашдаа амар заяа үзүүлэхгүй.
Харин төр яах гэж татварын өршөөл үзүүлдэг вэ? Татварын өршөөл нь юун түрүүнд татварын өрөөр төсвийн орлогоо нэмэгдүүлэх ач холбогдолтой. Түүнчлэн эдийн засгийн сүүдэртэй секторт нуугдаж байсан бизнес эрхлэгчдийг эдийн засгийн хууль ёсны орчинд оруулснаар татвар төлөгчдийн тоог нэмэгдүүлдэг. Татвар төлөгчид нэмэгдсэнээр төсвийн орлого нэмэгдэх учир энэ нь цаашдаа татварын босгыг намсгах, ингэснээр татвараас бултагчид цөөрнө гэсэн үзэл ноёрхдог. Түүнээс гадна өршөөлийн нөхцлөөр тухайн бизнесмен гадаадад хуримтлуулсан мөнгөө хууль ёсны болгосноор тухайн орны эдийн засагт хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж үздэг.
Гэхдээ татварын өршөөлд сөрөг талууд бий.
... Татвараас бултагчдыг өршөөх нь нэг талаар шударгаар татвараа төлөгчдийг шийтгэсэн хэрэг болдог. Өршөөлд хамрагдсан хүн дараагийн өршөөл болтол татвараа дахин нуух хандлагатай байдаг. Тиймээс төр өршөөл үзүүлэхдээ нөхцлийг нь сайтар бодолцох хэрэгтэй гэсэн үг ...
Татварын өршөөл огт байх ёсгүй гэж үздэг хүмүүс ч бий.
Татварын өршөөлийн дэлхийн туршлага нэлээд баялаг, сайн, муу олон түүхтэй. Өргөн хүрээнд өршөөл үзүүлсэн орнуудад Аргентин, Бельги, Энэтхэг, Ирланд, Пакистан, Филиппин, Франц, ӨАБНУ-ыг багтаадаг. Өршөөл болгон хүссэн үр дүнг авчирч байгаагүй. Амжилттай татварын өршөөлийн сонгодог жишээ бол 1988 онд Ирландад хэрэгжүүлсэн хөтөлбөр. Өршөөлөөс нийтдээ ДНБ-ий 2,5 хувьтай тэнцэх орлого олсон нь төсвийн алдагдлаа нөхөөд цаана нь илүү гарах мөнгө байлаа.
АНУ-д мужийн түвшинд үе үе өршөөдөг. 1988 онд Луйзана, Вискинсон мужуудад явагдсан. 1982-1997 онуудад 35 муж өршөөлийн хөтөлбөр хэрэгжүүлжээ. Үр дүнд нь нийтдээ 2,1 тэрбум долларын татварын өр цуглуулжээ. Тоо баримтаас харахад хэрэв цаашдаа татвараа нуувал яасан ч өршөөхгүй гэсэн нөхцөлтэй татварын өр цуглуулах нь хамгийн үр дүнтэй хувилбар болж байна. 1997 онд Бүгд найрамдах намынхан улсын хэмжээнд өршөөл үзүүлэх санал гаргав. Нийтдээ 240 тэрбум доллар цуглана гэж хүлээж байв. Гэвч Сангийн яам үүний эсрэг байлаа. 1998 онд Конгрессын татварын асуудал хариуцсан нэгдсэн хорооноос өршөөлийн сэдвээр илтгэл гаргасан нь өршөөлийн эсрэг уур амьсгал бүрдэв. Тус хороо нь илтгэлдээ өршөөл нь татвар төлөх сонирхлыг бууруулах учраас эхний жилд 4,2 тэрбум долларын татварын өр цуглуулж болох ч дараагийн 9 жилд сангийн хөрөнгө 8 тэрбум доллараар багасна гэсэн тооцоо гаргаснаар өршөөлийн тухай санаа хэрэгжихээ больжээ.
ЭНЭТХЭГИЙН ЖИШЭЭ
Олон улсад үлгэр жишээ болохоор өршөөлийг үзүүлсэн өөр нэг орон бол Энэтхэг. Яагаад гэвэл Энэтхэг нь эдийн засаг либералчлагдаж байгаа ч сүүдрийн эдийн засаг, авлигал газар авсан орон гэдгээрээ Монголтой нэлээн төстэй. Ингээд 1997 онд Энэтхэгийн хэрэгжүүлсэн, VDIS (Voluntary Disclosure of Income Scheme) нэрээр түүхэнд үлдсэн татварын өршөөлийн түүхийг сонирхоё.
... Төсвийн орлогыг нэмэх, татвар төлөгчдийн тоог ихэсгэх зорилгоор Энэтхэгийн Засгийн газар ойролцоогоор 10 жилд нэг удаа өршөөл үзүүлдэг. Энэ тохиолдолд татвар төлөгч нь дараагийн өршөөл хүртэл татвараа нуух муу зан сурдаг учраас ийм давтамжийн үр дүн таару ...
Гэхдээ 1997 онд Ерөнхий сайд П.Чидамбарамагийн санаачилсан өршөөл маш амжилттай болж, өршөөлд 466 мянган татвар төлөгч хамрагдсанаар 2,5 тэрбум доллар цугларчээ. Энэ нь төлөвлөсөн тооноос 1,5 дахин их болж, үүнээс өмнө хэрэгжүүлсэн таван өршөөлийн нийт орлогыг давж гарчээ. Мөн 8,2 тэрбум долларын хувьцааг эдийн засгийн эргэлтэнд оруулжээ.
Эдийн засгийг либералчилахаас өмнө 97,5 хувь байсан татварын босгыг 30 хувь болгосон нь амжилтын нууц байв. Түүнээс гадна тухайн хүний олон жилийн өмнө өмчилсөн нуугдмал хөрөнгөнд татвар ногдуулахдаа өнөөг хүртэл инфляциас болж тогтмол өсч ирсэн үнийг үл харгалзан зөвхөн анхных нь үнээр татвар боджээ.
Энэтхэгийн татвар төлөгчид тэгж шударгаар татварын өрөө төлнө гэдэгт хэн ч итгэхгүй байсан юм. Бизнесменүүд алтан гулдмай, үнэт зүйлсээ хууль ёсны болгож байв. Калькутта хотын нэгэн гэр бүл нийт 1,5 тонн жин дарах мөнгөн зоос, эдлэлүүдээ ил гаргажээ. Делигийн зарим оршин суугчид олон жилийн турш татварын байгууллагаас нуусан заанууддаа татвар төлж байв.
П.Чидамбарама
Гэхдээ Засгийн газар бизнес эрхлэгчид гадаадад хуримтлуулсан хөрөнгөө ил гаргана гэж найдсан нь талаар өнгөрөв.
Өршөөл үзүүлэхдээ Сангийн яам өргөн хэмжээний кампанит ажил өрнүүлж 7 сая долларыг зарцуулжээ. Хөтөлбөрийн гол уриа нь “30 хувийн татвар – 100 хувийн ёс суртахуун” гэсэн үг байв.
Калькутта хотын нэгэн гэр бүл нийт 1,5 тонн жин дарах мөнгөн зоос, эдлэлүүдээ ил гаргажээ.
6 сарын дотор татварын өрөө төлөх болзол тавьсан ч ихэнх компаниуд сүүлийн 2 долоо хоногт татвараа төлжээ. Зарим тохиолдолд татварын байцаагчийн шахалтаар өгч байв. Асуудал мэдээж байсан. Өршөөлийн хугацаа дуусахаас өмнө зарим нэгэн эргэлзээтэй татварын баримтуудаар хэрэг үүсчээ. Учир нь олон хүн зориудаар мөнгөн эдлэл худалдан авч, түүнийгээ хэдэн арван жилийн өмнө худалдаж авсан хэмээн ногдох татварыг бага тогтоолгох оролдлого хийж байв. Эцэст нь мөнгөнд эдлэлд татвар ногдуулахдаа өмнө нь худалдаж авсан гэх нотолгоо байхгүй бол зөвхөн зах зээлийн үнийг харгалзана гэсэн журам гарчээ.
Түүнчлэн татварын байгууллагад очсон бизнес эрхлэгчдийн орлогын мэдээлэл хөндлөнгийн хүний гарт очих вий гэсэн болгоомжлол байлаа. Гэхдээ эрх баригчид мэдээллийн нууцыг чандлан хадгалаад зогсохгүй татварын баримтыг хадгалах тусгай агуулах барьж, хэрэв татварын байцаагч бусдын орлогын мэдээллийг дэлгэвэл хатуу шийтгэнэ гэж амлав.
... Харамсалтай нь өнөөг хүртэл Энэтхэг улс хэтэрхий их хүн амтай, нүсэр эдийн засгаасаа болоод татварын систем нь хөгжөөгүй байна. Одоогийн байдлаар хүн амын зөвхөн 1,3 хувь нь орлогын албан татвар төлдөг ...
ЯМАР ТОХИОЛДОЛД ТАТВАРЫН ӨРШӨӨЛ ҮР ДҮНТЭЙ ВЭ?
Олон улсын туршлагаас харахад өршөөлийг хэрэгжүүлэхдээ дараах нөхцлүүдийг зайлшгүй харгалзах хэрэгтэй гэж эдийн засагчид үздэг:
- Шийтгэхгүй гэдэг баталгаа
- Мэдээллийн нууцлал
- Өршөөлийг зөвхөн нэг удаа хэрэгжүүлэх
- Өргөн хэмжээний ухуулан таниулах ажил
- Хэрэв хоёр дахь удаа татвараас бултвал хатуу цээрлүүлэх
Татварын өршөөлөөр сүүдрийн эдийн засагт нуугдсан хөрөнгийг эргэлтэнд оруулахын тулд тухайн улсын татварын систем төгс, ойлгомжтой байх хэрэгтэй. Татварын өр цуглуулах ажил нь хөрөнгийг хүчээр хураасан шинжтэй байж болохгүй. Тэгэхгүй бол татвар төлөгч төртэй хамтарч ажиллахаас татгалзахад хүрдэг. Татварын байгууллага хүчээр мөнгө хураахдаа биш, татвар төлөгчдөд зөвлөсөн, тусалсан байдлаар ажиллах ёстой.