Орон нутагт ээлтэй хотын залуу
Нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны дарга Н.Учрал
2015.12.28

Орон нутагт ээлтэй хотын залуу

Бид зөв залуу хүнийг дэмжих хэрэгтэй гэж үздэг. Энэ ч агуулгаар Н.Учралыг "Монгол төрийн түшээ" хэлэлцүүлгийн хүрээнд "vip76.mn" цахим хуудас, "Vip Expert" сэтгүүлийн редакциас онцолж байна. Залуу хүний ойворгон зан түүнд үгүй болов уу. Учир нь тэр үзэж харсан, уншиж судалсан зүйл ихтэй эрдэмтэй залуу. Тиймээс ч тэр хэрээрээ даруу төлөв, ухаалаг нэгэн гэж үнэлж байна. 

Улс төрийн туршлага харьцангуй багатай байж мэдэх ч хэтийн зорилгоо биелүүлэх явцдаа шаардлагатай бүхнийг суралцаж, туршлагажиж яваа. Манай төрд үгүйлэгдэж буй шинэ уур амьсгалыг өөрийн дайчин, зоримог чанараараа нөхөх чадвартай нэгэн байж болох юм. 

Англид бизнесийн удирдлагаар магистр, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарт түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан. АНУ-ын Харвардын Их Сургууль, NLP олон улсын сургагч бэлтгэх академи, Английн бизнесийн ассамблейн дээд курст тус тус мэргэжил дээшлүүлсэн нь түүнийг өндөр боловсролтой улс төрч гэж тодорхойлоход хүргэж байна.

Хөдөөгөөс хөгжил эхэлнэ

Хэнтий аймагт хэд хэдэн төсөл хэрэгжүүлсэн.

Эдүгээ Монголын сумдууд жил ирэх тутам эзгүйрч байгааг статистик тоо баримтаас харж болно. Тэр байтугай удахгүй Монгол улс малчидгүй болох аюултайг ч судлаачид сануулдаг. Н.Учрал их сургуулийн хоёрдугаарт курст байхаасаа л уг асуудлыг сонирхон судалж “Зах хязгаар нутгаас Монголын хөгжил эхэлнэ” сэдвээр эрдэм шинжилгээний өгүүллүүд бичиж байв.

Тэрээр орон нутагт эзэнгүй байшингууд барих бус, мэдлэг боловсролтой хүмүүсийг илгээснээр хөгжил явагдана гэж үздэг.

Энэ ч үүднээс "Бүсийн нэмэгдлийн тухай" хууль баталж, өндөр цалин олгох хэрэгтэй, ингэснээр хотын төвлөрөл арилна гэсэн санааг дэвшүүлжээ.

Харин өнөөдөр орон нутгийг хөгжүүлэх өөрийн үйл хэргийг эхлүүлээд явж байна. Гурван жилийн өмнөөс “Сумандаа сайхан амьдаръя” нэртэй теле-төсөл хэрэгжүүлж Монголын 8 аймгийн 100 гаруй сумдад уран бүтээлчдээ ажиллуулжээ.

Уг төслийн хүрээнд гурван гол зорилт дэвшүүлэн тавьжээ.

Нэгдүгээрт, суманд яаж сайхан амьдарч болдгийг харуулах

Хоёрдугаарт, өрхийн үйлдвэрлэлийн туршлага солилцуулах

Гуравдугаарт, Монголын өнөөгийн нийгэм эдийн засгийн амьдрал, сум орон нутгийн хөгжлийг архивт хадгалан үлдээх зорилт тавьжээ.

Уг төслийнхөө хүрээнд энэ онд Хэнтий аймгийн бүх, тосгон сумаар явж 7000 гаруй хүнтэй уулзалт хийж санал бодлыг нь сонсов. Тэрээр иргэн болгон өөрт оногдсон газартаа өрхийн үйлдвэрлэгч болж органик хүнс хэрэглэх боломжтойг анзаарчээ.

Дараа нь тусгай судалгааны баг гарган аавынхаа төрж өссөн энэ аймгийн хөгжлийн концепцийг гаргаж “Ногоон Хэнтий” хөгжлийн хөтөлбөрийг боловсруулан тодорхой ажлуудыг төлөвлөжээ. Хөтөлбөрийн гол зорилго импортгүй, ажилгүйдэлгүй Хэнтийг бий болгоход оршино. Үнэндээ Монгол улсын иргэн бүр түрээсгүй газартай байна гэдэг дэлхийн ихэнх улс оронд байдаггүй ховор боломж аж.

Түүний эцэг “Их засаг” их сургуулийг үүсгэн байгуулагч, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн гэгддэг Монгол Улсын гавъяат багш, доктор, профессор Н.Ням-Осор нь төрж, өссөн Хэнтий аймагтаа олон зүйлийг хийж бүтээсэн.

...Н.Учрал аавынхаа үйл хэргийг үргэжлүүлж “Хан хэнтийн хүү” хөгжлийн санг байгуулж тус аймгийн оюутнуудаас гадаадад тэтгэлгээр сургаж оюуны хөрөнгө оруулалт хийдэг...

Мөн Хэнтий аймгийн бүх багшийг сургагч багш болгох зорилт тавьж эхний ээлжинд 60 гаруй багшийг сургагч багшаар бэлдээд байна.

Шинжлэх ухаан ба төр

Тэр Монголын Залуу багш нарын холбооны Ерөнхийлөгч.

Дэлхий дахин мэдлэгт түшиглэсэн эдийн засгийн хөгжлийн загварыг сонгочихоод байхад Монголын төр шинжлэх ухаанаа бүр хаячихсан.

Тэр өөрийн олж авсан шинжлэх ухааны мэдлэгээ төрдөө өргөх хүсэлтэй.

Төрийн бодлогын шинжлэх ухаанч чанар алдагдсанаар хууль тогтоогчид нь зөв шийдвэр гаргах чадваргүй болж тогтолцоо нь бүх түвшиндээ ганхаж эхэлсэн. Монголд төр түшихээр мэдлэг, боловсролтой хүмүүс нь байна.

Гагцхүү шинжлэх ухааны мөр хөөсөн хүмүүс өөрийн сурсан мэдсэнээрээ улс орныхоо хөгжилд хувь нэмэр болж, түүгээрээ амьдрах боломж нь алга.

...Н.Учралын улс төрд орсон нэгэн том шалтгаан бол Монголын төрд шинжлэх ухаанч уур амьсгал тогтоож, энэ боломжийг бусаддаа нээж өгөхөд өөрийн хувь нэмрийг оруулах...

Хэрэв түүний улс төрийн үүргийг тодорхойлох юм бол сайн менежер гээд бүгдийг өөрөө хийнэ гэж зүтгэхгүй, харин мэдлэгтэй, авьяастай хүмүүсийг цуглуулж ажиллуулж чаддаг байхыг зорьдог.

Өнөөдөр зочид буудлын нэгдүгээр давхарт хичээллэдэг, 100-хан оюутантай, урлаг, спортын заал, номын сангүй дээд сургууль байна гэдэг санаа зовоосон асуудал.

Түүний улс төрд орох болсон хоёр дахь шалтгаан нь олон улсын хэмжээнд Монголын боловсролыг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд өөрийн гэсэн стандарттай болгох юм.

Шинэ үеийн улс төрч

Тэр улс төрчийн имижээ бүрдүүлж явна.

Монголын улс төрд шинэ уур амьсгал үгүйлэгдэж байгаа. Тэр эцэг, эхийн мөнгөнд дулдуйдаж улс төрд шургалах гэсэн нэг биш.

Түүнд улс орноо хөгжүүлэх өөрийн гэсэн санал, санаачилга, хэрэгжүүлж буй ажлууд бий.

Түүний баримталдаг гол зарчим нь шинжлэх ухаанч, хуулинд захирагддаг, ёс зүйтэй байх.

...Тэр өөрөө нийгмийн өндөр идэвхтэй, сэхээтэн гэр бүлээс гаралтай, орчин үеийн дэлхийн боловсролыг эзэмшсэн хүний хувьд аливаа асуудалд шинжлэх ухаанчаар хандаж чаддаг...

Түүнийг МАН-ын шинэ үеийн төлөөлөл гэж намын нөхдүүд үнэлдэг.

Эрхэм уншигч та "Монгол төрийн түшээ" хэлэлцүүлгийн хүрээнд онцлон танилцуулж буй улс төрчдийн тухай нийтлэлийг уншихыг хүсвэл энд дарна уу. 

"Монгол төрийн түшээ" хэлэлцүүлгийн хүрээнд онцлож буй 21 улс төрч, “vip76.mn” цахим хуудас, “Vip Expert” сэтгүүлийн редакци, 2015 он