С.Бямбахорлоо:
Шинжлэх ухаан, эрдэм мэдлэг улс орны хөгжлийн суурь
Бид жил хүрэхгүй хугацааны дараа монголчууд бид дараагийн төрийн түшээд болох парламентын гишүүдээ сонгох болно. Онцлог нь нэр дэвшигчийг сонгохоос гадна улс төрийн намд мандатаа атгуулан сонгох юм. Тиймээс 2024 оны УИХ-ын сонгууль их хариуцлага, хэрсүү байдлыг сонгогчдоос шаардах болно. Vip76.mn сайтаас таны сонгосон төрийн түшээ хэрхэн ажилласан талаар санал асуулгыг эхлүүлээд байгаа бөгөөд таны дараагийн сонголтод туслах үүднээс “Монгол төрийн түшээ” гэж хэн болох талаар улс төр судлаач, эрдэмтэн багш, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдийн ярилцлагыг хүргэж байна. Энэ удаад Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны ерөнхийлөгч, Профессор С.Бямбахорлоотой ярилцлаа.
XX зууныг дэлхийн хэмжээнд үйлдвэржилтийн зуун хэмээн тодотгодог. Тэгвэл XXI зуунд хүн төрөлхтний хөгжил дэвшилд зарчмын болоод агуулгын ихээхэн өөрчлөлт гарч, шинжлэх ухаанд түшиглэсэн нийгэм, мэдлэгт суурилсан эдийн засгийн эрин үе эхэлсэн хэмээн үздэг боллоо. Энэ зууны хандлага капитал баялагт бус улс орнууд эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад мэдлэгийг түшиглэдэг, мэдлэгээ үүсгэдэг, арилжаалдаг эдийн засгийн шинэ хандлагууд бий болсон. “Улс орон, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд Боловсрол, Шинжлэх ухааны байгууллагууд тэдгээрийг бүрдүүлж буй хүний нөөцийн оролцоо хамгаас чухал” гэдгийг тус холбооны ерөнхийлөгч онцолсон юм.
Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны үйл ажиллагааны чиглэл болоод бодлогоос яриагаа эхлүүлье?
Цаг минут тутам даяарчлагдаж буй нийгэмд дотоод болон гадаадын улс оронд сурч боловсрон, судалгаа шинжилгээний ажил эрхэлж буй олон зуун оюунлаг залуу судлаач, эрдэмтэн нарыг нэгэн дээвэр дор нэгтгэсэн байгууллага бол “Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо” ТББ юм. Манай холбоо нь анхлан 2006 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй. Залуу эрдэмтдийг эвлэлдэн нэгдэх, хамтран ажиллах, эрх ашгийг нь хамгаалах, бүтээл туурвилыг нь олон нийтэл болон олон улсад хүргэх зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Анагаах ухаан, техник технологи, газар зүй, биологи, хөдөө аж ахуй, эдийн засаг, нийгэм гэсэн салбар холбоодод маань нийтдээ 40 хүртэлх насны, 600 гаруй гишүүд бүртгэлтэй байдаг.
Холбоонд маань ихэвчлэн эрдэм шинжилгээний хүрээлэн болон их дээд сургуулийн багш нар гишүүнчлэлтэй. Гэхдээ олон нийтэд нээлттэй байгууллага. МЗЭХ нь сард нэг удаа тогтмол үйл ажиллагаа зохион байгуулдаг. Манай холбооны брэнд болсон арга хэмжээнээс сонирхуулбал, “ХҮРЭЛТОГООТ” эрдэм шинжилгээний бага хурал, “Best Paper Awards” эрдэм шинжилгээний өгүүллийн уралдаан, Залуу эрдэмтийн зангиагүй уулзалт гэхчлэн дурдаж болно.
Миний хувьд 2021 оноос эхлэн тус холбооны ерөнхийлөгчид томилогдсон. Санхүү эдийн засгийн их сургуульд /СЭЗИС/ нягтлан бодогч, эдийн засгийн чиглэлээр хичээлүүдийг заадаг бөгөөд 2016 оноос эхлэн тус сургуулийн дэд захирал, ахисан түвшний профессороор ажиллаж байна.
Шинжлэх ухааны салбарын залуучуудаас бүрдсэн тус холбооны үнэт зүйл, онцгойрох байдал юу бол ?
Би нэг л зүйлд итгэдэг. Тухайн улс орны хөгжил дэвшил нь иргэд олон нийтийн боловсролын түвшнээс улбаатай гэдэгт. Эрдэм шинжилгээний ажил гэдэг нь боловсрол, мэдлэг бүтээх процесс юм. Нэг ёсондоо, мэдлэгийн үйлдвэрлэл ч гэхэд буруудахгүй. Олон улсад эрдэм шинжилгээний бүтээл, шинжлэх ухаан руугаа хийсэн хөрөнгө оруулалт нь тухайн улс орны хөгжлийн суурь болдог.
БНСУ дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 4%-ийг шинжлэх ухааныхаа салбарт хөрөнгө оруулдаг бол Монгол Улс 0.2%-тай байна.
Төрийн түшээ гэж ямар хүнийг хэлэх вэ?
Ерөнхийд нь авч үзвэл бодлого боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлэх процесс юм. Гүйцэтгэх засаглал, шүүх засаглал, хууль тогтоох засаглалд оролцож, олон нийтийг төлөөлөн бодлого боловсруулж буй хүмүүсийг төрийн түшээ хэмээн тодотгох нь зөв болов уу. Нөгөө талаар зөвхөн хууль тогтоох засаглал буюу УИХ-ын гишүүдийг төрийн түшээ ч гэж ойлгож болно. Нэг ёсондоо, олон нийтийн эрх ашигт чиглэсэн бодлого боловсруулагчид юм.
Төрийн түшээ хүнд ямар зан чанар, чадварууд байх ёстой вэ?
Хамгийн гол нь судалгаанд суурилсан, үндэслэлтэй шийдвэрүүдийг гаргадаг байх чадвар нэн чухал. Ингэхдээ тодорхой түвшний эрдмийн зэргүүдийг хамгаалсан байж гэмээ нь судалгаанд суурилсан оновчтой шийдвэрүүдийг гаргах чадамжтай байна. БНХАУ-ын парламентын гишүүдийн 50 орчим хувь нь эрдмийн зэрэг, цол хамгаалсан хүмүүс байдаг. БНСУ, Япон зэрэг орнууд ч мөн ялгаагүй. Энэ нь олон нийтэд таалагдах бус улс орны ирээдүйн хөгжлийн чиг хандлага руу чиглэсэн шийдвэр гаргалтад өндөр ач холбогдолтой.
Дашрамд хэлэхэд, залуу эрдэмтэн судлаачид маань эрх баригч намын мөрийн хөтөлбөрт социологийн судалгаа хийсэн. Энэ дүнгээс аваад үзэхээр мөрийн хөтөлбөрийн биелэлт 25%-тай гарсан байдаг. Мөрийн хөтөлбөр гэдэг нь тухайн намын гол цөм, баримт бичиг байх ёстой шүү дээ. Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт ийм хангалтгүй түвшинд байгаа нь сонгогч олныг хуурч байгаагаас өөрцгүй юм.
Та сонгогч иргэний хувьд өөрийн сонгох төрийн түшээдэд ямар шалгуур тавих вэ?
Төрийн хар хүнд байх ёстой хамгийн чухал үзүүлэлт нь өндөр түвшний боловсрол. Үүний дараа улс орныхоо төлөө цохилох чин сэтгэл. Сэтгэл зүтгэл байв ч боловсрол мэдлэг, мэдээлэл хомс бол учир дутагдалтай.
Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны ерөнхийлөгч, Профессор С.Бямбахорлоо
Улс төрд /төрийн албанд/ залуу үе хүч түрж байна. Залуус шинэчлэл хийх тухай их ярьж байгаа ч төрийн залгамж чанарыг төдийлөн чухалчлахгүй байна. Энэ зөв үү?
Улс орны хөгжил дөрвөн жилийн циклээр үргэлжилдэг үйл ажиллагаа биш юм. Гагцхүү бодит амьдрал дээр хэрэгждэг бодлогыг судалгаа шинжилгээ дээр суурилсны дүнд гаргадаг байх учиртай. Өнөөдрийн хөгжлийн бодлогууд хэтэрхий тунхгийн шинж чанартай болчихсон.
“Алсын хараа-2050” хөгжлийн баримт бичгийг дурдаж болно. Дээр хэлсэнчлэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт ийм хангалтгүй байхад 2050 он гэхэд бид зорилгодоо яаж хүрэх вэ. Алсын хараагаа тодорхойлж байгаа бол эхлээд нэгээс таван жилээр үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг хэрэгжүүлээд, таван жилээс дээш хугацаанд стратеги төлөвлөгөөгөө хэрэгжүүлэн тухайлсан жилээрээ үйл ажиллагааныхаа төсвийг баталж, түүн рүүгээ чиглэсэн ажлуудыг хийж гэмээ нь 2050 он гэхэд Азийн бар улс байх төсөөлөл буумаар байлтай. Үүнд залгамж чанар нэн чухал. Өмнө хийгдэж байсан зүйлийг тэр чигт нь арчаад шинээр эхэлнэ гэдэг боломжгүй.
ОУ-ын үнэлгээний байгууллагын дүн мэдээнд, Монгол Улсын Засгийн газрын тогтворгүй байдал буюу залгамж чанарын асуудал нь улсынхаа эдийн засаг, хөгжилд “чөдөр, тушаа” болж буйг дурдсан. Нам солигдох бүрд бодлогын баримт бичгүүд хувьсан өөрчлөгдөх нь хөгжил дэвшлээс улам алсруулдаг.
Төрийн түшээдэд итгэх иргэдийн итгэл жил ирэх тутам суларч буйг олон судалгаа харуулдаг. Тэгвэл итгэлийг сэргээх үндсэн нөхцөлийг хэрхэн харж байна?
Эхлээд мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн байдал, амлалтдаа хэрхэн хүрсэн эсэхийг харна. Гүйцэтгэх, шүүх, хууль тогтоох засаглал тус бүр өөрсдийн үүрэг оролцоотой. Нэг ёсондоо, монгол төрийн түшээ нь хууль тогтоох засаглалын гол сегмент. Түүнээс иргэдэд очиж үйлчлэх үүрэггүй. Үүнийг иргэд олон нийт маань ойлгох учиртай. Гурил, будаа тарааснаараа сайн гишүүн байна гэдэг ташаа ойлголтоос салах цаг нь ирсэн.
Иргэд олон нийтийн төрд итгэх итгэлийг сэргээхийн тулд системээр нь өөрчлөх зайлшгүй шаардлага байна. Учир нь парламентын гишүүн нь сонгодог тёромынхоо хүрээнд гүйцэтгэх засаглалын буюу сайд байх ёсгүй юм. Засгийн газраа хянах байгууллага нь Улсын Их Хурал. Тэгтэл өнөөдрийн парламентад давхар дээлтэй гишүүд их байна. Энэ нь, өөрөө ажил хийчхээд өөртөө дүн тавьж, өөрийгөө хянахтай агаар нэг ойлголт юм.
УИХ-аас Үндэсний аудитын газрын удирдлагын томилгоог хийлээ гэж бодъё. Аудитын газар нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудад хяналт тавих эрх бүхий байгууллага. Засгийн газар өөрт нь хяналт тавих байгууллагын удирдлагын томилгоог хийж байна. Энэ нь маш том тогтолцооны алдаа.
Тиймээс, иргэд олон нийтийн төрд итгэх итгэлийг сэргээхийн тулд системийг бүхэлд нь зөв голдирол оруулах, хараат бус байдлыг нь сэргээх, давхар дээлийг халах зэрэг асуудлуудыг шат дараатай шийдэх нь чухал болов уу. Өнөөдрийн энэ тогтолцоо үргэлжилбэл бурхан байсан ч үл итгэнэ.
Өнөөгийн парламентын онцлог, давуу болон сул талыг хэрхэн хардаг вэ?
Давуу тал нь нэг нам, нэг фракцын бүлэг хүмүүс бодлогоо хэрэгжүүлээд явах боломжтой. Учир нь сөрөг хүчин сул байгаа энэ цагт, хийе гэснээ хийх бүрэн боломж байна. Сул тал нь ямар нэгэн бодлого, төлөвлөлтгүй поп шийдвэрүүдийг гаргаж байна.
Ярилцсан танд баярлалаа.