Т.Хонгорзул: Иргэдийн суурь эрх хангагдаж байж сонголтоо зөв хийдэг болно
2020.06.23

Т.Хонгорзул: Иргэдийн суурь эрх хангагдаж байж сонголтоо зөв хийдэг болно

Vip76.mn сайт "Монгол төрийн түшээ" төслийн хүрээнд УИХ-ын гишүүн, Төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнээс сонгогдон ажиллаж байгаа түшээд ямар чадвар, шинжийг бүрдүүлсэн хүн байх тухай салбартаа олон жил ажилласан туршлагатай, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн, судлаач, эрдэмтдийн байр суурийг хүргэж байна. Энэ удаад "Focus on the family Mongolia" байгууллагын Тэргүүн, Клиник сэтгэл засалч, Сэтгэл судлаач Т.Хонгорзултай ярилцлаа.

Тэрээр 2001 оноос эхлэн өнөөдрийг хүртэл сэтгэл зүйн шинжлэх ухаанд тасралтгүй суралцаж байгаа бөгөөд 2017 оноос Филиппин Улсын Азийн Теологийн ахисан түвшний сургуулийн дэргэдэх Сэтгэл судлалын сургуулийн Клиник сэтгэл заслын чиглэлээр Докторын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа билээ.

Энэ хугацаанд "Сэтгэл зүйн хүний хөгжлийн Шинэ эхлэл" төвийг үүсгэн байгуулж мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч, сэтгэл зүйн засал, эмчилгээ хийж яваа юм. Бидний энэ удаад удирдагч, манлайлагч хүний сэтгэл зүйн онцлог хийгээд иргэдийн сонголтын талаар ярилцсан юм.


Ард түмэн ямар удирдагчийг сонгох ёстой вэ?

Ард түмэн итгэл хүлээлгэн удирдагчаа сонголоо ч тэдний итгэлийг даахгүй, хөсөрдүүлж байгаа нь иргэд дахин итгэхгүй байх, итгэл алдарч найдваргүй болох байдлыг үүсгэдэг. Ард түмэн сонгохдоо тэр хүний боловсрол, туршлага, харилцаа, зан чанар зэргийг харж чадаж байна уу гэдэг нь өрөөсгөл байна. Тухайн хүний хийж байсан ажил тэр хүнийг хэн бэ гэдгийг шууд тодорхойлдог. Ямар ч хүн өмнө нь хийж байсан зүйлээ гэнэт өөрчлөөд, хийж байгаагүй өөр зүйлийг хийгээд явах боломжгүй.

Сэтгэл зүйн онцлогоос харахад хүний өмнө нь хийж байсан зүйл богино хугацаанд гэнэт өөрчлөгддөггүй. Тиймээс иргэд, олон нийт сайн удирдагчийг таньж сонгох шалгуур бол өнөөдрийг хүртэл тухайн хүн юу хийж байсан бэ? салбартаа хийж бүтээсэн зүйл нь юу вэ? Хэлдэг шигээ хийдэг хүн мөн үү үгүй юу гэдгийг анхаарч харах ёстой. Мөн салбартаа хэр боловсорч, мэргэшиж, туршлагажсан бэ гэдэг нь чухал. Шал өөр салбарын хүн богино хугацаанд гэнэт өөрчлөгдөн шинэ зүйлийг хийнэ гэдэг боломжгүй. 

Удирдагч, манлайлагч болон сонгогдох гэж байгаа хүмүүс ихэнхдээ юуг хэрхэн хийх тухай яриад байдаг. Харин иргэд, сонгогч энэ ярианд автах бус энэ хүн яагаад энэ ажлыг хийх гээд байна вэ гэдгийг бодох хэрэгтэй.

Тухайн хүн аливаа ажлыг яагаад хийж байгаа вэ гэдэг зорилго, зөн хараа нь тухайн хүний ажилдаа хандах хандлагыг тодорхойлдог. Энэ хүн ямар үнэ цэн, үнэлэмжтэй, үнэт зүйлтэй хүн бэ гэдэг нь тухайн ажлыг яагаад хийж байгаа вэ гэдгийг тодорхойлно. Өөрөөр хэлбэл энэ албан тушаал, энэ эрх мэдлийг яагаад авах гээд байгаа вэ, энэ нь байгууллага, улс орны хөгжилд ямар хувь нэмэр оруулж чадах нь эндээс харагдах учраас иргэд, олон нийт сонголтоо хийхдээ үүнд анхаарах хэрэгтэй юм. 

Удирдагчид яагаад иргэдийн итгэлийг хөсөрдүүлээд байна вэ?

Үүнд 2 тал бий. Сэтгэл зүйн үүднээс тухайн хүн сайн зүйл хийсэн ч өмнөх хүмүүс юм хийж байгаагүй учраас энэ хүн ч хийхгүй байна гэж хардах, сэрдэх хандлага байдаг. Олон нийтийн тархинд сөрөг мэдээлэл, үл итгэлцэл бий болчихсон бол шинээр гарч ирж байгаа удирдагчид үл итгэх нөхцөл үүсдэг. Нөгөө талаар хийнэ гэж амлалт өгсөн хүн нь бодит байдал дээрээ биелүүлэхгүй байснаас болж олон нийтийн итгэл хөсөрдөх нөхцөл үүснэ. Удирдагч, манлайлагч ийм зүйл хийнэ гэж амалдаг ч тэр нь хийж, хүрэх боломжгүй бодит бус зорилт тавиад түүнийгээ биелүүлж чадахгүй тохиолдолд иргэдийн өндөр хүлээлтэнд хүрэхгүй, итгэл алдарч, энэ нь даамжирч цөхрөх, ирээдүйдээ итгэлгүй болж, амьдрал нь баталгаагүй аюулд орсон мэт мэдрэмжийг төрүүлж эхэлдэг.

Монгол Улсын нийт иргэдийг харахад суурь хэрэгцээ нь хангагдахгүй байна. Ингэхээр иргэдийн хөгжих, өөрийгөө хөгжүүлэх хэрэгцээнд ч хүрэх болоогүй байна. Тиймээс наад захын хоол хүнс, амьдрах орон байр хангагдахгүй болохоор иргэд санаа зоволттой болж, итгэл найдвар алдарч эхэлсэн. Энэ хэрэгцээ хангагдахгүй болохоор иргэд сурч боловсрох, хөгжихөд анхаарч чадахгүй байна. Энэ нь иргэд, олон нийтэд аюултай, сөрөг сэтгэл хөдлөл, мэдрэмжийг бий болгоод байна. 

Төрийн түшээ, удирдагч хүнд байх ёстой шинжүүд юу вэ?

Хамгийн түрүүнд тухайн хүний өнөөдрийг хүртэл хийж бүтээсэн зүйл нь юу болохыг харах ёстой. Мөн мэдлэг, туршлага, зан чанар зэргийг нь харж сонголтоо хийх ёстой юм. Аливаа удирдагч хүн хувийн ашиг сонирхлоос илүү бусдын ашиг сонирхол, байгууллага, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах чин хүсэл, эрмэлзэлтэй байх нь чухал. Дараагийн дугаарт тухайн удирдагчийн зан харилцаа маш чухал. Бусадтай харилцах, бусдыг үнэлэхдээ хэрхэн дүгнэж байгааг анхаарах ёстой.

Сэтгэл судлалын ухаанд хүний төрөлхийн зан ааш, авир гэнэтхэн өөрчлөгдөх боломжгүй гэж үздэг.

Мөн итгэл даах чадварыг харах ёстой. Тэр хүнд өмнө нь итгэл үзүүлэхэд бусдын болон олон нийтийн, иргэдийн өмнө амалсанаа хийж чадаагүй, итгэлийг нь алдаж байсан бол тухайн хүнд дахин итгэж, уучлаад сонгох нь зөв үү буруу юу гэдгийг иргэд дүгнэж, цэгнэх хэрэгтэй. Одоо нэг уучлая, энэ хүн өөрчлөгдөх байлгүй дээ гэж хандаад л байх юм бол бид төөрөгдөлд орж байна гэсэн үг. Ид шидээр л биш бол тухайн хүн богино хугацаанд өөрчлөгдөх боломжгүй юм. Үүний дараа тухайн удирдагч олон нийт, хамтран ажиллагсдынхаа дунд ямар нэр хүндтэй, хэрхэн үнэлэгддэг зэргийг харах ёстой юм. 

Удирдагч хүн эрх ашгаа хэрхэн эрэмбэлэх ёстой вэ? 

Аливаа байгууллага, хамт олныг удирдаж байгаа хүн бол ямарваа нэг шийдвэр гаргахдаа өөрийнхөө үзэл бодол, өөрт хамаарах ашгийг харах бус энэ шийдвэр байгууллагын нэр хүнд, үйл ажиллагааны тогтвортой байдлыг өсгөж чадах уу гэдгийг л хамгийн түрүүнд харах ёстой. Түүнээс биш олон арван хүн удирдаад, итгэл найдварыг нь аваад, тэднийг тэргүүлээд явж байгаа хүн өөрийн нэр хүнд, амбиц, өөрт хамааралтай зүйлсээ тэргүүнд тавиад байвал хийж байгаа ажилд нь ирээдүй байхгүй байна л гэдгийг тодорхойлоод өгч байгаа юм.

Тиймээс удирдагч хүний эрх ашгийг эрэмбийн тэргүүнд өөрөө биш бусдынх байх ёстой. 

Та сонгогч иргэнийхээ хувьд сонголтоо хийхдээ удирдагч болох хүндээ хамгийн түрүүнд ямар шалгуур тавих вэ?

Тухайн салбартаа мэргэшсэн, боловсорсон, салбараа мэддэг, олон жил ажилласан туршлагатай эсэх зэргийг харах хэрэгтэй. Мөн гарал үүсэл, төрж өссөн эцэг эхийн гэр бүлийн байдал болон одоогийн өөрийн бүтээн босгосон гэр бүлийн байдлыг харах ёстой. Учир нь энэ хүн өөрийн гэр бүлийг бүрэн бүтэн байлгаж авч явж чадаж байна уу? Энэ бол тухайн хүний зан чанартай холбоотой юм.

Төгсгөлд нь хэлэхэд тухайн хүн өмнө нь огт хийж байгаагүй зүйлээ хийнэ гэж таны өмнө дүр бүтээж, богино хугацаанд өөрчлөгдөөд амалсанаа биелүүлнэ гэвэл боломжгүй гэдгийг санах хэрэгтэй.