Ж.Цэвээнжав:
Төрийн түшээг ухаанаар, хуулиар, шударга ёсоор шалгуур хийж сонгоорой
Vip76.mn сайт "Монгол төрийн түшээ" төслийн хүрээнд УИХ-ын гишүүн, Төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнээс сонгогдон ажиллаж байгаа түшээд ямар чадвар, шинжийг бүрдүүлсэн хүн байх тухай салбартаа олон жил ажилласан туршлагатай, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн, судлаач, эрдэмтдийн байр суурийг хүргэж байна. Энэ удаад ШУТИС-ийн Зөвлөх багш, Доктор, Профессор Ж.Цэвээнжавтай ярилцлаа.
Улсын Их Хурлын гишүүн гэж хэн бэ?
Товчоор хэлбэл хууль тогтооч хүнийг УИХ-ын гишүүн гэж хэлнэ. Төрийн түшээ, УИХ-ын гишүүн бол тухайн тойрогт ард түмнийг төлөөлж гарч ирсэн, хамгийн өндөр дээд албан тушаалд ажиллаж байгаа хүн юм. Учир нь тэр хүний ард сонгогч түмэн бий. Энэ бол төр. Монгол Улс бол эрх зүйт нийгэмтэй. Тиймээс хуулийг хувиралтгүй биелүүлэх ёстой.
хуулийг баталж байгаа нь УИХ-ын гишүүд. Түүнээс дээш тэнгэр л байдаг байх.
Ийм хариуцлагатай ажлыг л гишүүн хүн хийх ёстой. Нөгөө талаараа УИХ-ын гишүүн бол төлөөллийн субьект. Энэ утгаараа сонгогч түмэн, нийгмийн идэвхтэй хэсэг, эрдэмтэн судлаачдаас асуудаг. Юмыг алсуур хардаг хүн байх ёстой.
- Өндөр боловсролтой,
- Өндөр ёс суртахуунтай, юм үзэж нүд тайлсан,
- Амьдралын туршлагатай
- Хэлний мэдлэгтэй, Үүнийг нийгэм, олон улсын харилцаа шаардаж байна.
УИХ-ын гишүүн, парламентч хүнд байх ёстой шинжүүд юу вэ?
Юмыг холоос алсуур хардаг, уужим сэтгэлтэй, хоёргүй бодолтой, түмнээ боддог хүн байх ёстой. Ард иргэд бол өөрийгөө бодоод түмний дунд явж байхад болно.
Харин төрийн түшээ, түмний итгэл хүлээсэн хүн бол өөрийгөө биш төр түмнээ боддог байх ёстой юм.
УИХ-ын гишүүн хүн эрх ашгаа хэрхэн эрэмбэлэх ёстой вэ?
Төрийн түшээ хүн бол хамгийн түрүүнд эх орны эрх ашгаа дээдэлж, дараа нь эрдэм оюуг чухалчилж, цаашлаад эдийн засаг гээд бусад эрх ашгийн дараалал үүсэх байх. Төрийн түшээ, эрх мэдэлтэн эхлээд түмнийхээ эрх ашгийг боддог байх хэрэгтэй. Учир нь та бол дарга, удирдагч, манлайлагч. Түмэн танд итгэл хүлээлгэн эрх мэдлийг өгсөн учраас эхлээд түмнээ бодох ёстой.
Нийгмийн амьдралыг өнөөдөр харахад Монгол Улс зөв замаар явж байгаа. Их баялагтай, уудам нутагтай сайхан орон. Нийгэм төлөвшиж, улс хөгжиж байна. Жишээ нь зах зээлээс хойш ноолуураа зарж хүүхдээ сургуульд сургаж, хөдөлмөрөөрөө амьдрах их хүсэлтэй болсон. Нийгэм хөгжиж байна гэдэг нь ард иргэд дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж, түүнийгээ нийгэмдээ ажил хэрэг болгож байна.
Харин төрийн засаглал болохгүй байна. Давхар дээлтэй болоод Гүйцэтгэх засаглал нь УИХ-тайгаа нийлчихээд байна. УИХ нь Засгийн газартаа чиглэл өгч, хяналт тавьж ажиллуулах ёстой. Ажиллахад шаардлагатай эрх зүйн орчныг нь УИХ нь бүрдүүлэх үүрэгтэй. Хэн ч бай хуулийн өмнө тэгш эрхтэй. Дээгүүрээ татварыг оффшорддог ч бай, жирийн ажилтан ч бай бүгд хуулийн өмнө тэгш эрхтэй, үүрэгтэй байх ёстой.
Төрийн түшээ хүнд шударга байдал маш чухал. Миний ажигласнаар даргын ажил хийж байгаа хүмүүст шударга байдал алдагдах хандлагатай байна. Та шударга үнэнээс өчүүхэн хазайвал таны сүнс сүүдэр зайлж байгаа нь тэр. Шударга үнэнд итгэхгүй бол өөр итгэх зүйл огт байхгүй.
Та сонгогчийн хувьд сонгуульд саналаа өгөхдөө ямар шалгуурыг мөрдлөгө болгодог вэ?
Шударга ёсыг сахидаг, эрх ашгаа эрэмбэлдэг, соён гэгээрсэн, эх орон, ард түмнээ гэж боддог байх ёстой. Эх орон, ард түмнээ хүн бүр эрхэмлэн боддог байх ёстой. Нэн ялангуяа төр, нийгмийн зүтгэлтэн хүн эх орон, ард түмэн, газар шорооныхоо төлөө явдаг хүн байх ёстой юм. Мөн хүнийхээ хувьд тулхтай хүнийг бид олж сонгох ёстой юм. Сүүлийн үед бидэнд сурталчилгаа сайн хийсэн нөхдүүд л нэр дэвшээд, УИХ-ын гишүүн болох гэж зүтгээд байна.