Ж.Баттөр:

Ярьдаг биш хийж байгаа хүнийг сонгоход бид алдахгүй


6 минут уншина
Ж.Баттөр: Ярьдаг биш хийж байгаа хүнийг сонгоход бид алдахгүй

Vip76.mn сайт "Монгол төрийн түшээ" төслийн хүрээнд УИХ-ын гишүүн, Төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнээс сонгогдон ажиллаж байгаа түшээд ямар чадвар, шинжийг бүрдүүлсэн хүн байх тухай салбартаа олон жил ажилласан туршлагатай, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн, судлаач, эрдэмтдийн байр суурийг хүргэж байна. Энэ удаад МУИС-ийн Олон Улсын Харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн Багш, Доктор, Дэд профессор Ж.Баттөртэй ярилцлаа.


УИХ-ын гишүүн гэж хэн бэ?

Олон хүн “УИХ-ын гишүүн их сайн хүн байх ёстой. Эх орон, ард түмнийхээ төлөө өөрийгөө зориулж ажилладаг хүн байх ёстой” гэсэн хүлээлттэй байдаг. Үнэндээ УИХ-ын гишүүн бол Монгол Улсад тулгамдаж байгаа асуудлыг урт хугацаанд, тогтвортой шийдвэрлэж чадах арга замыг харилцан ярилцах замаар олж, түүнийгээ хууль болгон батлуулдаг хүн юм. Өөрөөр хэлбэл, жижигхэн 76 Монгол улсыг төлөөлсөн хүмүүс юм. Тэр хүн үүнийхээ төлөө үүрэг хариуцлагаа хүлээх чадвартай байх ёстой.

Гэтэл өнөөдөр бодит байдал дээр харагдаж байгаа зүйл бол:

  • УИХ-ын гишүүн гэхээр маш олон удаа сонгогддог мөртлөө юу ч хийдэггүй хүмүүс,
  • Нийгмийн өөрчлөлт, шинэчлэлт, эрэлтийг ойлгодоггүй нөхдүүд,
  • Өмнө нь хийж байсан зүйлсээ л хийдэг хүмүүс болчихоод байгаа юм.

Эсвэл хэтэрхий залуу, ямар ч амьдралын туршлагагүй хүмүүс УИХ-ын гишүүн болоод байна. Харин дунд үеийнхэн буюу амьдралын баялаг туршлагатай, мэдлэг боловсролтой, тогтвортой амьдралтай болсон бидний үеийнхэн үр хүүхдээ аль болох л гадагшаа явуулаад сургаж, хүний зэрэгт хүргэх гэж төрийн үйл хэрэгт оролцох биш амьдралын төлөө зүтгээд явж байна.

УИХ-ын гишүүн, парламентч хүнд байх ёстой шинжүүд юу вэ?

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд харахад УИХ-ын гишүүн гэдэг бол маш чухал, өндөр алба хашиж байгаа хүн юм байна. 

Гэхдээ бидний ойлгож авч буй хамгийн гол сургамж бол УИХ-ын гишүүн буруу ажиллавал, эх орон ард түмнээ гэсэн зүрх сэтгэлгүй ажиллавал, эргээд улс орон, ард түмэн ирээдүйдээ итгэх итгэлгүй болдог болдог юм байна. Өнөөдөр чухамдаа ийм гажуудал үүсээд байна. Энэ их замбараагүй, ороо бусгаа байдлыг хараад миний үеийнхэн “Бидний үе ч өнгөрч. Дараагийн үе маань яана даа, бидний үр хойчис маань яана даа” гэдэг. Үгүй юм. Уг нь бид л засаад явах ёстой гэж боддогдог.

Монголчууд сүүлийн 300 гаруй жилийн дараа анх удаа өөрөө өөрийгөө аваад явж байгаа чухал үйл явц одоо явагдаж байна. Муучлах зүйл их байгаа ч энэ бол их чухал үе. Хэн нэгний эрхшээлд бус, өөрсдөө биеэ даагаад, улс орноо аваад явж байгаа учраас хөлөө олохгүй, сайжрахгүй байгаа мэт харагдаж байгаа зүйлс байна.

Ний нуугүй хэлэхэд манай Монголын өнөөдрийн явж байгаа хөгжил бол Латин Америкийн орнуудыг санагдуулдаг. Улсын удирдлага нь мафижсан байдалтай, төрийн эрх мэдэл дээр удаан хугацаанд гарчихсан. Хүмүүсийг хуурч мэхэлдэг. Энэ нь хэвшил болчихсон. Жишээ нь өнгөрсөн жил Бразил улсын шинэ Ерөнхийлөгч сонгогдонгуутаа хүүхдээ АНУ-д суух Элч сайдаар явуулсан. Өөрийн ойр байх гол гол албан тушаалуудад ах дүү нараа томилдог. Ингэхээр тухайн улс хөгжих, урагшлах тухай ярих ч хэрэггүй болж байгаа юм.

Өнөөдөр Монголын Гадаад Харилцааны яаманд гэхэд дийлэнх нь их хурлын гишүүдийн хүүхдүүд, хүргэн бэрүүд нь болсныг хэвлэл мэдээллээр ихээхэн бичиж байна. АНУ, Азиас Япон, Өмнөд Солонгос, Тайвань гээд бүгд л хувь хүний оролдого зүтгэл л улс орны хөгжилийн үндэс байсан гэж үздэг. Дээр нь манайд баян хоосны ялгаа ихсээд 2 туйл болж байна. Ингээд ирэхээр ард түмэн нь аль болох гадагшаа гарч явах, улс орондоо амьдрах итгэл, найдваргүй болдог.

Надад байдаг нэг бодол бол УИХ-ын гишүүн болж байгаа хүмүүст дөнгөж тангарагаа өргөснийх нь дараа түргэвчилсэн сургалтанд хамруулчих хэрэгтэй байгаа юм.  Монгол Улсын гадаад бодлого, аюулгүй байдал, олон улстай харилцах, “Төрийн хар хайрцаг”-ны бодлого, Монгол Улсын хөгжил яг хаашаа явж байна, олон улсын байгууллагуудтай ямар түвшинд хамртан ажиллаж байгаа, тэд биднийг хэрхэн үнэлж хардаг,  уламжлал залгамж нь юу болох тухай түргэвчилэн зааж өгмөөр санагдаад байдаг юм.

Тэгэхгүй болохоор өнөөдөр зарим УИХ-ын гишүүдийн чуулганы хуралдаан дээр ярьж байгаа зүйлс нь өмнөх, тэрний өмнөх парламентын үед ч яригдаж байсан зүйлийг дахин яриад л, энгийн ойлгомжтой зүйлийг хуулийн ажлын хэсгийнхэнээс асуугаад, шийдэл ярихгүй өмнө нь яаж ирснээ мэдэхгүй, цаашид яахаа шийдвэрлэж чадахгүй байна л даа. 

Одоо УИХ-ын гишүүдийн чадамж, хууль тогтоох үйл явцын төлөвшлийг дараагийн шатанд гаргах хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн хүн эрх ашгаа хэрхэн эрэмбэлэх ёстой вэ? 

Хүн эрх мэдлийг аваад, амсаад үзчихлээрээ түүнээсээ болих сонирхолгүй байдаг. Яагаад гэвэл, эрх мэдэл аваад, тэр хүний гарын үсгээр асар их хөрөнгө мөнгөтэй ажил шийдэгдээд ирэхээр энэ ажлаа тавих хүсэлгүй болдог. Энэ нь хүмүүний мөн чанартай холбоотой.  

УИХ-ын гишүүд дараагийн сонгуульд дахин сонгогдохын тулд популизм руу ороод байна. Энэ их амлалт, гоё зүйлээр ярьж хуурахыг популизм гэж байгаа юм. Нийгмийн олон асуудлаас нэгийг нь сонгож аваад түүнийгээ л яриад байдаг. Гэсэн ч тэрийгээ шийддэггүй. Хүмүүсийн анхаарлыг тийш хандуулж, өөртөө эсвэл өөрийн нам эвсэлд бус өөр хүнд, өөр намд, өөр ерөнхийлөгчөг рүү бурууг нь тохдог. Өнөөдөр харамсалтай нь манайд популизмийн үндсэн сэдэв нь Монгол улсын эдийн засгийн хамгийн чухал салбар болох  уул уурхай болоод байна. 

УИХ-ын гишүүн хүн эрх мэдлийн шунал гэдэг зүйлийг бус хуулиа мөрддөг, дагадаг, биелүүлэгч байх ёстой.

Тэд эрх мэдлээ зөв эрэмбэлэх ёстойгоо маш сайн мэдэж байгаа. Харин яагаад өнөөдөр ингэж чадахгүй, өөрийн хамаарал бүхий эдгээдийг төрийн эрх барих, хэрэгжүүлэх, мэдээлэлд ойр байлгадаг вэ? л гэдэг асуудал байна.

Өнөөдөр ард түмэн энэ нийгэмд амьдрах хүсэлгүй болж байна. Аль болох гадагшаа гарч амьдрах сонирхолтой болсон байна. Энэ бол маш аюултай. Бид цөөхөн хүн амтай. Улс орон эзгүйрэх эрсдэл бий. Ард түмэн нь гадагшаа ингэж ихээрээ гарч байгаа нь УИХ-ын хийж байгаа ялзралын эсрэг нийгмээс хариу үзүүлж байгаа үйлдэл юм.

Та сонгогчийн хувьд сонгуульд саналаа өгөхдөө ямар шалгуурыг мөрдлөгө болгодог вэ?

Энэ бол их төвөгтэй асуудал. Аливаа улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 10,000 ам.долларт хүрч байвал улс төрчдийн наад захын амлалт биелэх боломжтой гэж үздэг. Манай улсад нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) ойролцоогоор 4100 орчим ам.доллар байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн гэдэг нь аливаа улсын нэг жилийн дотор үйлдвэрлэсэн нийт бүтээгдэхүүн, үйлчилгээний өртгийг хүн амын тоонд нь хуваагаад гаргаж буй мөнгөн дүн юм.

Ийм байхад ямар ч сайхан юм яриад байгаа хүнийг харж горьдоод, хүлээгээд ч нэмэргүй. Бодит үнэн бол энэ.

Иргэд бодит бүтээн байгуулалтад орголцож, нийгмийн халамжийг тодорхой түвшинд хүргэж, олон жил ажилласан хүний чадварыг үнэлж чаддаг болж байж л ийм болно. 30, 40 жил эмч хийсэн хүн өнөөдөр 600 -800,000 төгрөгийн тэтгэвэр авч байна.

Бид хүссэн ч, хүсээгүй ч эдийн засгаа сайжруулж, ДНБ-ээ өсгөж байж төр нь хариуцлагатай болж, иргэдийн ухамсар өөрчлөгдөж, цалин мөнгөтэй нь холбоотой асуудал учраас иргэд сонголтоо хийхдээ хариуцлагатай, ухамсартай ханддаг болж эхэлнэ. 

Харин хамаагүй их зүйл амалж, яриад байхаар буруу мэдээлэл олон нийтэд хүрч, тэр ярианд итгэж эхэлдэг. Жишээлбэл саяхан Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний дэлхийн төв болно гэж байсан. Тэр үед баахан хүүхэд эрчим хүчний салбарт суралцсан. Уул уурхай хөгжиж, гайхамшигтай болно гэсээр байдал уул уурхайн чиглэлийн мэргэжлээр олон мянган хүүхэд сурсан. Өнөөдөр тэр амлаад байсан ажлын байр, тухайн салбарын хөгжил хаана байна вэ? Ийм худал үгэнд итгэж хүлээн авах шаардлагагүй. 

Юм хийдэг хүнийг л сонго. Юм хийдэг, хийж байсан, чаддаг хүнийг сонго. Тэрнээс биш сайхан ярьдаг хүн хэрэггүй. Тухайн хүн яриад л байвал худлаа. Харин хийж байгаа хүнийг сонгоход бид алдахгүй.