С.Мөнхбат:

Парламентын гишүүдийн төлөөлөх чадварыг нэмэгдүүлэх шаардлага үүссэн


6 минут уншина
Ярилцсан Ц.Соёлмаа:
С.Мөнхбат: Парламентын гишүүдийн төлөөлөх чадварыг нэмэгдүүлэх шаардлага үүссэн

Жил хүрэхгүй хугацааны дараа монголчууд бид дараагийн төрийн түшээд болох парламентын гишүүдээ сонгох болно. Онцлог нь нэр дэвшигчийг сонгохоос гадна улс төрийн намд мандатаа атгуулан сонгох юм. Тиймээс 2024 оны УИХ-ын сонгууль их хариуцлага, хэрсүү байдлыг сонгогчдоос шаардах болно. Vip76.mn сайтаас таны сонгосон төрийн түшээ хэрхэн ажилласан талаар санал асуулгыг эхлүүлээд байгаа бөгөөд таны дараагийн сонголтод туслах үүднээс “Монгол төрийн түшээ” гэж хэн болох талаар улс төр судлаач, эрдэмтэн багш, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдийн ярилцлагыг хүргэж байна. Энэ удаа Улс төр судлаач, Доктор, профессор С.Мөнхбаттай ярилцлаа.


Одоогийн УИХ хууль боловсруулах, батлах гэсэн үндсэн чиг үүргийнхээ хүрээнд хэрхэн ажиллаж байна гэж та дүгнэх вэ?

УИХ-ын ээлжит чуулганы өмнө гаргаж байгаа төлөвлөгөөг харах юм бол энэ парламент хууль батлах чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж байна гэж үзэж болохоор байна. Парламент бол ард түмний төлөөллийн байгууллага. Ард түмнээс сонгогдсон төлөөлөгчид ард иргэдийн өмнөөс хууль батлах, боловсруулах, тэдний төлөөллийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй.

Манай УИХ энэ чиг үүргээ хэрэгжүүлэхэд эерэгээ болон сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлс их бий. Үүнд парламентыг бүрдүүлж байгаа сонгуулийн тогтолцоо, парламентад сууж байгаа улс төрийн намуудын бодлого, тухайн улс төрчийн ёс зүй, мэдлэг боловсрол, иргэд төлөөлөх чадвар гээд нэрлээд байвал олон бий. Хамгийн гол асуудал бол дээрх шалтгаануудаас үүдээд парламентын төлөөлөх чадвар сонгуулиас сонгуулийн хооронд буурч ирсэн. Цаашид парламентын гишүүний төлөөлөх чадварыг нэмэгдүүлэх, төлөөлөл хэрэгжүүлэх тухай ойлголтыг улам тодорхой болгох шаардлага бий.

Гишүүд тойргоос сонгогдож байгаа намын нэгдсэн бодлогод гишүүдийг зангидахад багагүй бэрхшээл, сорилтыг бий болгодог. Мөн парламентын хуралдааны ирц бүрдүүлэхээс эхлээд олон асуудал энд яригдана. Наад зах нь байнгын хорооны хуралдааны ирцийг бүрдүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй. Парламентын хөгжил, төлөвшилийн асуудал энэ мэт жижиг зүйлээс эхлэх хэрэгтэй ойлгогдож болох боловч тийм биш юм. Жижиг асуудал юм шиг хэрнээ үр дагавар нь маш их байдаг. Тухайлбал, УИХ-аас чанаргүй хууль батлагдах, төрийн бодлогын залгамж чанар алдагдах, тохиолдолын бодлого шийдвэр гарах гэх мэт асуудлууд хөвөрнө.

Парламент баталсан хуулиудаараа салбар, чиглэлээр эрх зүйн шинэчлэл хийж байна гэж хэлдэг. Харин таныхаар хууль батлах үйл явцад гишүүдийн оролцоо хангалтгүй байгаа учраас сайн хуулиуд гарахгүй байна гэсний шалтгаан юу вэ?

УИХ-ын ээлжит чуулганы хугацаа дуусахад УИХ-ын дарга тухай чуулганаар батлагдсан хуулиудын үзэл баримтлалын хүрээнд ямар реформ, шинэчлэл хийгдсэн талаар танилцуулдаг. Хэдийн тийм ч хууль батлагдан гарахаас өмнө тухай хуулийн боловсруулаад, хэлэлцээд батлах хүртэлх үйл явцад гишүүдийн оролцоо хангалтгүй байна. Ялангуяа байнгын хороодын хурлын ирц, оролцоо муу байгаа юм.

Нэг хуулийн төсөл хэлэлцэхэд тухайн байнгын хорооны дарга 5-6 гишүүнтэйгээ суугаад төсөлд орж ирсэн саналыг хэлэлцээд л, чуулганы нэгдсэн хуралдаан руу оруулж байна. Угтаа байнгын ажиллагаатай парламентын хамгийн чухал хэсэг бол мэргэшсэн байнгын хороод. УИХ-ын 76 гишүүнийг өөрийнх нь эзэмшсэн мэргэжил, туршлагажсан салбар чиглэлээр нь хуваарилж тухайн салбарын хууль орж ирэхэд нарийвчлан хэлэлцэх зорилготой байдаг.

Байнгын ажиллагатай Парламентын хамгийн чухал эд эс нь Байнгын хороод байдаг

Гэвч мэргэжлийн байнгын хороод нь аливаа асуудлыг хэлэлцэх үед гишүүдийн ирц хангалтгүй, зарим тохиолдолд ирц бүрдээгүй гэдэг шалтгаанаар хуралдааныг хойшлуулах ч үе бий. Энэ бол ард түмнийг төлөөлнө гэж мандат авч сонгогдсон гишүүд яагаад төлөөллөө биелүүлэхгүй байна вэ? Хууль, эрх зүйн шийдлээ хүлээсэн олон асуудлууд байсаар байна. Өнгөрсөн 30 жил шийдэгдээгүй асуудлууд ужгирч явсаар өнөдөр нийгэм ийм болтлоо доройтож байна. Ард түмнийг төрд төлөөлөөд сууж байгаа түшээд нь авлига, хулгайн хэрэгт холбогдоод сууж байна.

Төрийн эрх барих дээд байгууллагынхаа түвшинд ийм байхаар парламент өөрөө ард түмний төлөөллийг бүрэн хэрэгжүүлэх чадамжгүй болж хувирна. Ард иргэдийн улс төрд итгэх итгэл их буурсан. Угтаа улс төрийн талаасаа олон нийтийн хамгийн итгэл хүлээх ёстой институц нь улс төрийн нам юм. Шударга ёсны талаасаа Шүүхийн институц нь итгэл төрүүлэхүйц байх ёстой юм. Гэтэл бодит амьдралд дээрх хоёр институцийн нэр хүнд иргэдийн өгсөн үнэлгээгээр маш доогуур байна. Ийм байхад төрөөс ард иргэд юу хүлээх юм бэ?

Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн баталсан нь таны хэлээд байгаа сайжруулалтыг хийж чадах уу?

Улс төрийн намын тухай хуулийг сая шинэчлэн баталсан. Шинэчлэлийг нарийн судлаад үзвэл өнгөцхөн шинэчлэлтүүд хийгдсэн. Санхүүжилт, бүтэц, зохион байгуулалт, хатуу гишүүнчлэл нь яг хэвээрээ, далд санхүүжилт намд байгаа тохиолдолд хэзээ ч мөнгөний нөлөөллөөс ангижирч чадахгүй. Баруун европын орнууд үүнээс ангижирч хандив, далд санхүүгийн асуудлыг зогсоож, төрийн санхүүжилтийн механизмыг нээлттэй оруулж ирж байж намын санхүүжилтын схем ил тод болсон.

Намууд нэр дэвшигчдээ сайжруулна. Олны төлөө ажиллах хүнийг нэр дэвшүүлэх эрэлд гарна гэлээ. 2024 онд УИХ-ын ээлжит сонгуулиар парламент 126 гишүүнтэй болно. Улс төрийн намуудын хариуцлага эндээс харагдах байх.

Улс төрийн нам мөнгөнөөс хараат бус байвал мэдлэг боловсролтой, ажлын туршлагатай, нэр цэвэр, олон нийтийг төлөөлөх чадвартай хүмүүсийг нэр дэвшүүлэхийн төлөө эрэлд гарна. Гэтэл одоо намууд дараагийн сонгуульд нэр дэвших хүмүүсийнхээ нэрийг зоочихсон байгаа байх. Тэдний ихэнх нь их мөнгөтэй, бизнесийнхэн, эсвэл нэг том компанийн төлөөлөл л байгаа. Ийм байхад иргэдийн оролцоог хангасан, нээлттэй парламентад ёсыг төлөвшүүлнэ, парламент нь эргээд их ард түмний, бага төлөөлөл болно гэж найдах хэрэггүй. Хэдийгээр гишүүдийн тоог нэмж, нэг гишүүний кнопны эрх мэдлийг бууруулж буй нь нэг талдаа сайн.

Сонгогчдын боловсрол гэдэг нь иргэдийн ахуй амьдралтай шууд холбогддог

Өнөөгийн нийгмийн дүр төрх сонгогчдын боловсролын үр дүн гээд хэлчихвэл тийм ч хатуудсан болохгүй байх. Бид яагаад зөв хүнийг олж сонгож чадахгүй байна вэ?

Сонгогчдын боловсрол гэдэг зүйл цаанаа сонголт хийж байгаа иргэдийн ахуй амьдралтай л шууд холбоотой. Ядуу нийгэм байгаа цагт асуудал, бэрхшээлүүд байсаар л байна. Иргэдийн амьдрал ядуу, амьжиргааны түвшин доогуур, амьдралын чанар муу байгаа цагт ард түмний сонголт өөрчлөгдөхгүй. Асуудлуудыг засах, залруулах гэж бус ямар аргаар болов сонгуульд ялахын төлөөх “машин” л ажиллана гэсэн үг. Угтаа энэ “машин” ард түмний амьдрал, ахуйг сайжруулах, асуудлуудад шийдвэр гаргахын төлөө зогсолтгүй ажиллаж байх ёстой юм. Ингэж чадахгүй байна.

Нөгөө талаар иргэдийг соён гэгээрүүлэх ажил маш чухал. Иргэдийн улс төрийн оролцоог дээшлүүлж, соён гэгээрүүлэх ажлыг төр ч хийхгүй байна, улс төрийн намууд ч хийхгүй байна. Сонгогчдын улс төрийн боловсролыг дээшлүүлэхэд улс төрийн нам онцгой үүрэгтэй. Гэтэл намууд энэ үүргээ мэддэг ч юм уу гэмээр харагдах юм. Сонгуульд оролцох, төрийн эрхийн төлөө ажиллах гэдэг л хуучин ойлголт, хандлагаараа. Төр талаас манайд сонгогчдын боловсролыг дээшлүүлэх чиглэлд Сонгуулийн ерөнхий хороо юу хийж байна вэ? Энэ байгууллага иргэдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, улс төрийн боловсрол олгох чиглэлд анхаарч ажиллах ёстой санагддаг.

Одоо байгаа улс төрийн томоохон намуудад сайн хүнийг нэр дэвшүүлэх хүний нөөц байна уу?

Сайн хүн гэж хэн бэ? гэдэг асуултад эхлээд хариулах хэрэгтэй байх. Одоо байгаа улс төрчид бүгд л сайн хүмүүс байсан, одоо ч тийм л байгаа биз дээ. Сайн хүн гэдэг харьцангуй ойлголт. Харин иргэдийг итгэлийг даах, улс төрийн зохих шалгуурыг хангасан хүний тухай ойлголт бол өөр. Ийм учраас улс төрийн намуудын нэн тэргүүнд хийх ёстой томоохон ажил бол улс төрийн хүний нөөцийн сайн бодлоготой болох явдал.

Манайд нэг буруу хандлага байдаг. Олон удаа парламентад сонгогдсон гэдгээрээ бусад гишүүдээ “дарамталдаг”, бусдаас илүү эрх дарх эдлэх гэсэн хандлага. Олон удаа сонгогдсон гишүүн харин ч хуримтлуулсан улс төрийн туршлага, мэдлэгээрээ бусдад үлгэрлэх, манлайлах хэв маягтай байвал зөв хандлага. Хандлага ингэж явж ирсэн учраас парламентын гишүүний нэр хүнд унасан. Улс төрийн хүний нөөцийн сэлгээг сайн хийхгүй бол цаашид энэ байдал үргэлжилсээр л байх болно.

Ирэх жил анх удаа 126 гишүүн парламентад сонгогдон ажиллана. Ингэхдээ тойргоос сонгогдсон нь илүү, намын жагсаалтаар орж ирсэн нь хэн ч биш гэдэг хандлага гарахыг үгүйсгэхгүй. Сонгогдож буй арга нь л өөр болохоос адилхан ард түмний төлөөлөл болж ажиллах учиртай.