Намыг биш хуулийг барина
Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүн В.Удвал
2015.12.28

Намыг биш хуулийг барина

Эрх зүйн чиглэлээр олон жил багшилсан мянга мянган шавьтай Удирдлагын академийн нэр хүндтэй багш, судлаач. Түүний туурвисан ном багш, оюутнуудын ширээний ном, гарын авлагад тооцогддог.

Аймгийн хуулийн хэлтсээс ажлын гараагаа эхэлж, шат ахиж явсаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн яамны дэд сайд хүртэл албан тушаал хашиж явсан В.Удвалыг онцолж байна. Эрхлэх асуудлын хувьд "онцгой" басхүү "нууц"-ын зэрэглэлтэй гэж хэлж болох салбарын дэд сайдаар ажиллаж байх үед нь "Шүүх шинжилгээний хүрээлэн" байгуулагдаж, төрийн албан хаагчдад зориулсан эмнэлэг барьж, Азидаа томоохонд тооцогдох Архивын барилгын ажил эхэлж байсан юм. Энэ мэт ажилд тэр гар бие оролцсон. 

Өнөөдөр хөрөнгийн зах зээлийг боловсронгуй болгох хууль боловсруулж, эрх зүйн орчинг бий болгох зорилготой, төрийн тогтолцоог сайжруулах үүднээс нэмэлт өөрчлөлт хийх хэд хэдэн хууль хэрэгтэй гэж тэр үздэг. 

Зургаан хүүхэдтэй айлын том охин болсон тэрээр багаасаа удирдан зохион байгуулах, шийдвэр гаргах чадварт суралцаж, одоо Монголын эмэгтэйчүүдийг төлөөлж дуу хоолойгоо өргөхийн сацуу олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрт зөвлөхөөр ажиллаж байна. Үргэлж өөрийгөө хөгжүүлж, ирэлж хурцалж байдаг тэрээр Монголын төрийн төлөө амьдралаа зориулж явна. Тийм ч учраас экспертүүд түүний туршлагыг үнэлж, vip76.mn цахим хуудас, Vip Expert сэтгүүлийн редакциас дараагийн парламентад байх ёстой хүний нэгээр нэрлэж байна. 

  • Түүний зорилго бол шийдвэр гаргах түвшинд, ялангуяа хууль батлахад эрх зүйн зөв зүйтэй зохицуулалтыг хийхэд 30 жил хуримтлуулсан хуульчийн туршлага, мэдлэг оюунаа зориулахыг хүсдэг. 
  • Парламентад эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдвэл шийдвэр гаргах түвшинд баланс тогтож, зөв хуулиуд гарна гэж үздэг.
Төрд түүн шиг мэргэжлийн хуульч үгүйлэгдэж байна

Хууль санаачилж, боловсруулж, өргөн барихад мэргэшсэн хуульч хэрэгтэй.

Энэ эмэгтэй Монголын төрд яагаад ажиллаж болдоггүй юм бэ? Ингэж асуух шалтгаан бий. Өнөөдөр Монголын хууль тогтоох дээд байгууллагад мэргэжлийн хуульч хэд байна вэ? Хуруу дарам цөөн.

Тэрээр төрийн өндөр дээд албан тушаалууд нэгэнтээ хашиж явав.

В.Удвал гэдэг хүн амьдралынхаа 30 гаруй жилийг эрх зүйч хэмээх амаргүй мэргэжилд зориулжээ. Увс аймгийн хуулийн хэлтэст ахлах зөвлөхөөс эхлээд Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд хүртэлх албан тушаалыг хашиж байв.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 20 орчим хууль түүнийг гараар орсон түүхтэй. Үндсэн хуулийн цэцийн гишүүн байхдаа Өнөөгийн засаглалын хямралын нэгэн гол шалтгаан болсон “УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн байж болно” заалтыг хоёр ч хуулинаас хасуулж байжээ.

Мөн 1992 оны шинэ Үндсэн хуулийг батлахад ажлын хэсэгт нь багтаж, дараа нь Удирдлагын академид багшилж ахуйдаа “Үндсэн хуулийн эрх зүй» гэдэг хичээлийг дээд боловсролын хөтөлбөрт оруулсан байна. Тиймдээ ч хуулийн мэргэжилтнүүд түүнийг үндсэн хуулийн эрх зүйгээр мэргэшсэн цөөхөн хуульчдын нэг гэж үздэг. Тэр “би нам биш хууль ярьж улс төржинө” гэж ярьдаг.

...Шударга ёс, ил тод байдлыг дэмждэг тэрээр «хуулийг хэрэгжүүлж ажилладаг чадвар, дадалд төрийн албан хаагчид суралцах ёстой« гэж үздэг нэгэн...

Парламент дахь эмэгтэйчүүдийн квот нь түүний бас л нэг санаа тавьдаг, бодитоор хэрэгжүүлэхийг зорьж байгаа ажил юм. Эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийн төлөө олон жил ажиллахдаа дэлхийн 30 орчим орноор явж энэ чиглэлийн арга хэмжээнүүдэд оролцож явав.

“Би зарим эрэгтэй улс төрчдийн адил ширээний хоёр талд суугаад шил юм тойруулаад бусдын асуудлыг шийддэггүй” гэж нэгэнтээ хэлсэн нь эгдүүцэл төрүүлж байсан ч өнөөгийн эрх баригчдын үнэн нүүр царай юм. Энэ ч утгаараа “Жендерийн тэгш эрхийн тухай” хууль боловсруулахад оролцжээ.

Түүний олны дунд ярьдаг, эрх зүйн зохицуулалтад оруулахыг хүсдэг нэг сэдэв нь «Өндөр түвшний авлигатай тэмцэх« асуудал юм. Төвөгтэй энэ сэдвийг улс төрчид, судлаачдын анхаарлын төвд оруулж, төрийн өндөр албан тушаалтныг эргүүлэн татах эрх зүйн зохицуулалтыг бий болгохын төлөө иргэний нийгмийн байгууллагын дуу хоолой болсоор байна.

Монголын парламентад эмэгтэйчүүд хэрэгтэй

Тэр Монголын улс төрд байх ёстой эмэгтэй.

Улс төрд эмэгтэйчүүд хэрэгтэй, хэрэггүй гэж бид олонтаа маргадаг. Тэгвэл энэ асуудлыг шинжлэх ухаанч байр сууринаас харах гээд оролдоцгооё.

Эмэгтэйчүүд эрх мэдэлгүй улс хөгждөггүй, эрэгтэйчүүд ноёрхсон засаг нийгмийн сайн сайхны төлөө бодлого хэрэгжүүлэх бус эрх мэдэл, өмчтэй болох уралдаан явагддаг.

Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд байвал нийгмийн асуудалд илүүтэй анхаарч тэр чиглэлийн хуулиуд батлагддаг.

Ар гэрийн амьдралыг авч явдаг гэдэг утгаараа эмэгтэй хүн хэнд юуг хэрэгтэйг мэдэрч хувиарлалтыг маш сайн хийдэг. Өөрөөр хэлбэл төсөв батлахад хамгийн тохиромжтой гэсэн үг. Тиймээс хөгжингүй орнуудад парламентын гишүүдийн ядаж 40 хувь нь эмэгтэй байснаар тухайн нийгэмд тэнцвэр тогтож зөвөөр амьсгалдаг гэж үздэг нь тохиолдлын хэрэг биш юм.

...Парламентад эмэгтэй гишүүн олон байгаа орнуудад авлига буурсан, шударга ёсны индикаторууд сайжирдаг гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийжээ...
Монголын улс төрд шинэ хүн биш

Тэр хууль бус лоббиноос ангид хууль батлалцаж чадна.

Ойр дотныхон нь аливаад шударгаар ханддаг, хэтэрхий үнэнч гэж үнэлдэг. Харин хэвлэлийнхэн аливаа асуудалд шинжлэх ухаанчаар ханддаг, “ам нээвэл хууль ярьдаг, амбиц багатай ч улс төрд өөрийн гэсэн байр суурийг хэдийнэ эзэлсэн хүн” гэж тодорхойлжээ. В.Удвал улс төрд шинэ хүн биш.

Монголын төрд мэргэжлийн, тэр дундаа Үндсэн хуулиар дагнасан хуульч хүн үгүйлэгдэж байгаа өнөө үед энэ хүний амьдралдаа судалж мэдсэн зүйл, эрх зүйн нөр их туршлагыг ашиглахгүй байж болохгүй мэт санагдана.

Эрхэм уншигч та "Монгол төрийн түшээ" хэлэлцүүлгийн хүрээнд онцлон танилцуулж буй улс төрчдийн тухай нийтлэлийг уншихыг хүсвэл энд дарна уу. 

"Монгол төрийн түшээ" хэлэлцүүлгийн хүрээнд онцлож буй 21 улс төрч, “vip76.mn” цахим хуудас, “Vip Expert” сэтгүүлийн редакци, 2015 он