"Ипотек МАН-аас болж зогсоогүй”
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит мэдээллээ сонгууулийн хууль, ипотекийн зээлийн асуудлаар хийлээ.
Бүлгийн дарга С.Бямбацогт мэдэгдэхдээ "Ипотек МАН-аас болж зогсоогүй. Биднийг санаатайгаар ингэж хардсан АН-ын ЕНБД Л.Эрхэмбаярыг бид шүүхэд өгсөн байгаа. Намын нэр хүндэд ноцтойгоор халдсан явдалдаа шүүхийн шийдвэрийн дагуу уучлал гуйж, нэр төрөө сэргээгдэнэ гэж итгэж байна. Ипотекийн зээлтэй холбоотой өргөдлийг цэцэд н.Базар гэдэг хүн гаргасан. Тэр хүн Бодь даатгалд ажилладаг юм билээ. Бодь бол АН-ын угшилтай компани" гэж тодотгосон юм.
Харин Сонгуулийн хуулийн тухайд хар машин тутмын хоёрын нэгийг гараар тоолохоор хуульд тусгуулж чадсандаа МАн сэтгэл хангалуун байгаагаа уламжилсан юм. Түүнчлэн эмэгтэй гишүүдийн квотыг 30 хувьд хүргэсэн хийгээд орон нутгийн сонгууль тэр чигтээ можартари системээр явах болсныг онцлон мэдээллээ.
Мэдээллийн үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос авсан тодруулгыг хүргэж байна.
- Гацууртын ордоор Сонгуулийн хуулийг наймаалцсан гэх хардлага явж байна. Танай бүлэг Гацуурт дээр яг ямар байр суурьтай байгаа бэ?
- Гацууртаар сонгуулийн хуулийг наймаалцсан гэж хардах хэрэггүй. Сонгуулийн хууль бол гурван жилийн өмнөөс эхлээд яригдсан хуулийн төсөл. Гацуурт дээр манай бүлэг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зүйтэй гэсэн байр суурин дээр нэгдсэн. Гэхдээ орчин тойронд нь байгаа булш бунханы асуудалд хянамгай хандана гэсэн байр сууриа хэвээр хадгалж байна. оны өмнө хэлэлцэх эсэхийг нь л шийдсэн. Он гаргаж байгаад Гацуурт хэлэлцэгдэх учраас манай намаас асуудалд нухацтай хандана гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.
- Парламентад суудалгүй улстөрийн намууд танай намтай нэгдсэн Сонгуулийн хуулиар байр сууриа илэрхийлж байсан. Тэдний хүсэж байсан заалтууд сонгуулийн хуулинд тусгагдаж чадсан уу?
- Манай нам хар машиныг санал тооллогыг гар аргаар дахин тоолох асуудлаар бусад улс төрийн намуудтай санал нэгдэж байсан. Бидний санаачлага хуулинд 50 хувийн биелэлттэй сууж өгсөн учраас хамтын ажиллагаа үр дүнтэй болсон гэж харж байгаа.
- Тойргоос сонгогдсон гишүүнгүй бол жагсаалтаар гарч ирэх боломжгүй гэсэн заалт хуулинд орсон. Энэ нь жижиг намуудыг шахах бодлого биш үү?
- Энэ заалт дээр бид эсрэг байр сууриа илэрхийлсэн. Гэхдээ олон улсад тийм жишигтэй юм билээ. Заавал олон түмэнд танигдсан өөрийн гэсэн орон зайтай хүн дагаж, жагсаалт явах учиртай гэсэн ерөнхий зарчим олон улсын сонгуулийн хуулинд тусгагддаг юм байна. Тэр жишгийн дагуу дээрх заалт орсон байгаа.
- Жагсаалтаар улстөрийн нам сонгодог хэлбэр хуучнаараа батлагдсан. Энэ заалт дээр сонгогчид мэдээлэл өгөх ямар нэгэн шинэ заалт нэмж тусгагдсан уу?
- Саналын хуудастай хамт тухайн намын жагсаалтаар парламентэд суух хүний нэр бүхий мэдээллийн хуудас сонгогчдод очно. Ингэснээр хүний нэр харж байж, намаа дугуйлах боломж сонгогчдод үүсэж байгаа. Гэхдээ манай нам анхнаасаа хүн дугуйлах үзэл дээр хатуу байр суурьтай байсан. Хэлэлцүүлгийн явцад бидний санал дээрх байдлаар тусгалаа олсон байгаа.
- Сурталчилгааны хоногийг 18 гээд заачихаар шинэ хүмүүс өөрсдийгөө бүрэн таниулах боломж хангалттай үүсэх үү?
- Сурталчилгааны 18 хоног бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр зорилтот сурталчилгаа нэвтрэх хугацаа юм. Орон нутгаар иргэдтэй уулзалт хийх бусад байдлаар өөрийгөө таниулах боломжуудыг сонгуулийн хуулиар хязгаарлаагүй. Түүнээс гадна сошиал болон гудамны самбарын сурталчилгааг сонгууль болохоос 24 цагийн өмнө буулгадаг байсныг энэ удаа хасуулсан байгаа.