Хэцүүг шийдэж, гарцыг ологч
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг
2015.12.24

Хэцүүг шийдэж, гарцыг ологч

- Монголын уул уурхайн салбарт эрх зүйн цогц шинэчлэлийг хийсэн

- Парламентад гурван удаа сонгогдон ажиллахдаа эдийн засгийн суурь харилцааг зохицуулсан олон хуулийг санаачилж батлуулснаас гадна Монголд чадварлаг инженерүүдийг бэлдэхэд санаа тавин ажиллаж байна.

- Баянзүрх дүүргийн ард иргэдийн итгэлийг дааж УИХ-д гурван сонгогдоод байна. 

Д.Ганхуяг бол өндөр мэдлэг боловсролтой, туршлагатай улс төрч. Түүнд улс орны эдийн засагт хийсэн зүйл их бий, хийх ч зүйл их бий. Аливаа муу зүйлд нэр холбогдоогүй, ашиг сонирхлоос ангид, бие хүний хувьд төлөвшсөн, бодлого боловсруулагч, эх орноо гэсэн чин сэтгэлтэй гэсэн ”Монгол төрийн түшээ” хүнд байх ёстой үндсэн шинжүүдэд нийцэж, экспертүүд түүнийг хийсэн тодорхой ажилтай, цаашид Монголын төрийг түшилцэх хүн гэж дүгнэж байна. 

УУЛ УУРХАЙН САЛБАРЫГ ШИНЭЧЛЭГЧ

Монгол Улсын тэргүүлэх салбарын бодлогыг тодорхойлолцож явна

Уул уурхайн сайдаар ажиллаж байхдаа алдаж, оносон зүйлс бий. Гэхдээ энэ салбарт эрх зүйн шинэчлэл хийж хөгжлийн шинэ шатанд гаргасан гэдэгтэй хэн ч маргахгүй биз.

... Өнөөдөр мөрдөгдөж буй олон хууль “Д.Ганхуягийн” гэх тодотголтой. Тэр зөвхөн уул уурхайтай холбоотой 10 орчим хуулийг санаачилж батлуулсан ...

Түүний шинэчлэлийн гол зорилгыг “баялгийн хуваарилтыг ил тод байлгах, байгаль орчныг нөхөн сэргээдэг, орлогоосоо орон нутгийн хөгжилд зарцуулдаг хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх” гэж тодорхойлдог. Тэрээр эрдэс баялагийн салбарт 2033 он хүртэл баримтлах бодлогыг аль 2013 онд УИХ-аар батлуулсан байдаг.

Энэ хүний нэгэн том гавьяа нь 2013 онд "Ашигт малтмалын тухай хууль"-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлуулж, алтны худалдааны ил тод байдлыг бүрдүүлжээ.

Хууль батлагдсанаар алт олборлогчид алтаа Монголбанканд тушаадаг болж 2014 онд л гэхэд тушаасан алтны хэмжээ 13,8 тоннод хүрч, өмнөхөөсөө 2,7 дахин өсчээ. Ингэж гадагшаа хяналтгүй гардаг байсан алтны урсгал зогссон юм.  Харин 2015 онд тушаагдах алтны хэмжээ 20 тн-д хүрэх төсөөлөлтэй байна.

Мөн олон жил яригдсан Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулснаар энэ салбар өрсөлдөх чадвартай болж, эрхзүйн ойлгомжтой орчин бүрдсэн.

Нэгдүгээрт, манай улс нөөц ашигласны төлбөрийг олборлож буй газрын тосноосоо авч, Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр олборлосон газрын тосныхоо 55-аас доошгүй хувийг эзэмшихээр болсон.

Хоёрдугаарт, "бензин” худалдаа нэгдсэн бодлогод орж бензин импортлогчид Засгийн газартайгаа нэг цонхоор хардаг боллоо.

Гуравдугаарт, шатахууны хилийн үнийг түүхий нефтийн  биржийн үнээс тооцдог болгосноор энэ худалдааг бизнесийн зарчимд шилжүүлсэн.

Дөрөвдүгээрт, экспортолж буй түүхий тосны оронд шатахуун авч эхэлснээр Монгол Улс шатахуунаар зөвхөн нэг улсын нэг компаниас хараат байхаа больсон.

АЖ ҮЙЛДВЭРИЙН БОДЛОГЫГ ТОДОРХОЙЛОГЧДЫН НЭГ

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид Монгол Улсын хөгжлийг авч яваа гэж үздэг

Д.Ганхуягийг Монголын аж үйлдвэрийн эрх зүйн орчинг зангидсан хүмүүсийн нэг гэдэг.

Зөвхөн 2004-2008 онд УИХ-д байхдаа хуулийн төсөл боловсруулах, санаачлагдсан хуулийг чуулганаар хэлэлцүүлэхэд бэлтгэх 40 ажлын хэсэгт ажиллажээ. Түүн дотроос эдийн засаг, нийгмийн тулгуур харилцааг хөндсөн 7 хуулийг батлуулсан. Эдгээрээс Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль анх удаа Монголд батлагдаж жижиг, дунд үйлдвэрлэгчид санхүүжилт авах эрх зүйн орчин бүрдсэн. Мөн Өрсөлдөөний тухай хуулийн төсөл санаачлан батлуулсан нь бизнесийн шударга орчин бүрдэхэд чухал ач холбогдолтой гэж эдийн засагчид үздэг.

Цаашлаад өрхийн газар өмчлөх эрх, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны Санхүүгийн түрээс, Хот байгуулалтын, Концесс, төрийн худалдан авалттай холбоотой олон хууль түүний гараар дамжсан юм.  

Хамгийн сүүлд 2015 онд УИХ “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын баримт бичиг” батлахад тогтоолын төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллажээ.

Удалгүй Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль батлагдсан. Ингэснээр үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрэх, нутагших, технологид хөрөнгө оруулах санаачлагыг дэмжиж шинжлэх ухаан, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах нэгэн том алхам хийгдсэн  билээ.

Түүнээс гадна Мэргэшсэн инженерийн тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэхээр ажиллаж байна. 

СОНГОГЧИДДОО ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН МЭДЛЭГ, ЧАДВАРТАЙ

Япон улстай харилцаа сайтай улс төрч

... Тэр бол уул уурхай, төсөв, эдийн засгийн асуудал ярихад эрх баригчдын урдаа барьдаг гишүүдийн нэг ...

Аль социализмын үед Япон улсад инженерийн боловсрол эзэмшиж, улмаар Швейцарт үйлдвэрлэлийн, АНУ-д эдийн засаг, бизнесийн, Тайландад аялал жуулчлалын, Тайваньд гадаад худалдааны менежментээр суралцсаны хувьд илүү өргөн хүрээнд сэтгэдэг гэж намынхан нь үнэлдэг. 

Нийслэлийн хамгийн өнөр өтгөн Баянзүрх дүүргээс 3 удаа УИХ-д сонгогдохдоо сонгогчдынхоо итгэлийг алдаагүй. Тэрээр "Баянзүрх Нийгмийн Хөгжил Сан”-г үүсгэн байгуулж 2008-2012 онд л гэхэд тойрогтоо 710 сая хөрөнгө оруулалт хийснээс гадна, улсын төсвөөс  220 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татжээ. 

Түүнийг Бриджийн Ганхуяг, заримдаа Япон-Монголын харилцааны гүүр гэх тохиолдол ч бий. Түүний 8 жил ахалж буй  Япон-Монголын парламентийн бүлэг өнгөрсөн хугацаанд ЖДҮ-г дэмжих 2 шаттай, урт хугацааны хөнгөлөлттэй зээл, Хөшигтийн хөндийн олон улсын онгоцны буудал, одоохондоо ганц байгаа Япон-Монголын Чөлөөт худалдааны хэлэлцээрийг санаачилсан байна.

...Д.Ганхуяг гэдэг хүн сонгогдсондоо эрдэж, эрх мэдлээ алд биеэ тойлоход ашигладаггүй, харин бусдад урам өгч түүнээсээ урам авдаг Саарал ордны хөдөлмөрч төрийн түшээ...

Эрхэм уншигч та "Монгол төрийн түшээ" хэлэлцүүлгийн хүрээнд онцлон танилцуулж буй улс төрчдийн тухай нийтлэлийг уншихыг хүсвэл энд дарна уу. 

"Монгол төрийн түшээ" хэлэлцүүлгийн хүрээнд онцолж буй 21 улс төрч, "vip76.mn" цахим хуудас, "Vip Expert" сэтгүүлийн редакци, 2015 он