ХҮН-ирээдүйтэй нам
Монголын улс төрд нэгэн шинэ хүчин нэмэгдсэн нь Хөдөлмөрийн Үндэсний нам товчилбол ХҮН юм. Анх "Хөгжил-хүн клуб" байснаа шинээр эмх зохион байгуулалт орж, цөөнгүй гишүүд, дэмжигчтэй нам болоод байна.
Тус нам "Хүн дээд" үзэл, "Ёст хүн" гэх зэргээр ХҮН рүү чиглэсэн бодлого хэрэгжүүлэх замаар улсаа хөгжүүлэх үндсэн үзэл баримтлал, зорилготой. Тиймээс "vip76.mn" цахим хуудас, "Vip Expert" сэтгүүлийн редакциас зөв зүйтэй үзэл баримтлалтай нам хэмээн үзэж, Хөдөлмөрийн үндэсний нам, тус намын дарга С.Боргилыг онцолж байна.
Намын бүтэц, зохион байгуулалт, үзэл баримтлалын хувьд зөв зүйтэй, цаашид бодлогоосоо ухарч няцахгүй байх хэрэгтэйг улс төр судлаачид хэлж байна.
- Намын бүтэц, зохион байгуулалт, үзэл санаа, зарчим, зорилтын хувьд шинэлэг, оновчтой.
- Хүн бол тэдний гол фокус. Тэд хүнийг дээдэлдэг.
- Хүнийг хөгжүүлж, мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх замаар тогтвортой өсөлтийг хангах чиглэлд анхааран ажиллана.
ЯАГААД “ХҮН” ГЭЖ
Хөдөлмөрийн Үндэсний Намын бэлгэ тэмдэг
Товчилбол “ХҮН” нэртэй тус нам олон нийтийн хүсэн хүлээж байсан зөв имижийг бүрдүүлж яваа гэж хэлж болно.
Монгол Улсын хөгжлийн суурь нь хүн гэж үзэх тус нам энэ оны тавдугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа эрчимжүүлж, “Үндсэн хууль”-ийг нийтийн зөвшилцөлгүй өөрчлөхийг эсэргүүцэн жагсаж, “Халх гол” хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах асуудлаар шинжлэх ухааны үндэслэлтэй, эсэргүүцлийн дуу хоолойгоо хүргэснээр олон нийтийн анхааралд өртсөн.
Тус нам дэргэдээ намын уураг тархи болсон "Бодлого судалгааны хүрээлэн"-тэй.
Ямар ч үндэслэл, баримтгүй зүйл ярих нь нийгэмд нөлөөллөө алдсан өнөө үед тус нам дэргэдээ “Бодлого судалгааны хүрээлэн” байгуулж, аливаа асуудлаар тухайн салбарын мэргэшсэн эрдэмтэн, судлаачдын улс төрийн өнцөггүй дүн шинжилгээнд үндэслэн байр сууриа илэрхийлдэг соёл, зарчмыг улс төрд нэвтрүүлж байна.
Тус хүрээлэн нь намын уураг тархи төдийгүй намын улс төрийн шийдвэрийг иргэн хүндээ чиглэсэн шийдвэр болгоход зөвлөж, залруулах үүрэгтэй юм байна.
...Бусад намаас ёс зүйгээрээ ялгарна гэж итгэл төгс дуугарч буй нь улс төрийн намуудаас урьд нь сонсож байгаагүй зарчим мэт...
Ёс зүйтэй, мэдлэг боловсролтой, ур чадвартай, туршлагатай, шударга, эх оронч, ажилд сэтгэлээсээ ханддаг хүмүүсийг эгнээндээ нэгтгэхийг гол зорилгоо болгосон тус нам авлигад өртөж, албан тушаалаа урвуулан ашигласан гишүүнээ өмгөөлөхгүй, намаас хөөхөөс гадна хуулийн байгууллагаар шалгуулна гэж мэдэгдсэн нь хариуцлагын механизм манайд шинэ зүйл мэт санагдана.
Энэ зарчмаар намын гишүүнчлэлээ бүрдүүлэх юм бол нам өөрөө цэвэр, улс төрийн барьцаанд орохгүй байх болно.
ХҮНЭЭ ДЭЭДЭЛСЭН ХӨГЖИЛ
Тэд хүн төвт хөгжлөөр замнах нь зүйтэй гэж үздэг.
Монгол Улсын хөгжлийн бодлого, шийдлүүд хүн рүүгээ чиглээгүй, хамгийн их хаягдсан баялаг нь Монгол хүн гэж “ХҮН” үздэг.
Тус намаас “Хүн дээд” гэсэн үзэл баримтлалыг тунхаглаж, хүний анхдагч болон нийгмийн хэрэгцээг хангахын сацуу улсаа баялаг үйлдвэрлэгч болгож, түүнийгээ тэгш хүртээнэ, хүрээлэн буй орчноо цэвэр хадгалж, нийгмийн эрх зүйг шударгаар зохицуулна гэж байгаа нь энгийн мэт боловч хэрэгжүүлж чадвал зүйтэй санаа юм.
"Ёст хүн" гэж зөв хүн байхын нэр...
Монгол хүнийг төлөвшүүлэх ХҮН намын дэвшүүлж буй өөр нэг зүйл нь “Ёст хүн” буюу зөв бурууд барих дэнс, сайныг муугаас ялгах нүд, шударга зарчимтай байхын хат, хуулийг дагаж, андгайг сахих үүрэг, бусдад элбэрэлтэй, хүндлэлтэй хандах сэтгэл, нийтийн үйл хэрэгт үнэнчээр зүтгэх зүтгэлийн цогц юм.
Энэ мэт үзэл баримтлал, байр сууриндаа үнэнч байж, том агуулгаараа үндэсний оршихуйг хадгалж чадвал “ХҮН” Монголын улс төрд тодорхой орон зай, байр сууриа эзлэх магадлалтай.
“ХҮН”-ынхан хүнээ хөгжүүлэх замаар өнөөгийн үүсэн бий болсон хүндрэлүүдийг шийдэж, аливаа бодлого, шийдэл гарцыг улс үндэсний эрх ашигт нийцүүлж, “Монгол зорилго 2050” үндэсний хөтөлбөр боловсруулж, тэмүүлэлт хөгжил бүхий орныг бий болгохоор ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.
...Монгол Улсыг хөгжүүлэхдээ байгалийн баялаг, нөөцийн эдийн засгийг дэмжиж, санхүүгийн эх үүсвэртэй болж, аажмаар мэдлэгийн эдийн засагт шилжих боломж байгааг тэд харжээ...
Мөн төрийн албыг намаас хамаардаггүй, улс төрийн нөлөөлөлгүй, бие даасан институц, тогтолцоо болгон төлөвшүүлэх асуудалд чухал ач холбогдол өгч байна.
НАМАА ИЛЭРХИЙЛЭГЧ
Хөдөлмөрийн Үндэсний Намын нийт гишүүдийн түүчээ болсон нэгэн
“Төрийн түшээ бол шударга, чадварлаг, ёс зүйтэй, хүндлэл хүлээхүйц, үүрэгтэн байх ёстой” гэж ХҮН-ын дарга С.Боргил үздэг.
Улс төр судлаачдын үзэж буйгаар намын дарга, гишүүд нь миний бодлоор, би хийсэн гэж ярих бус манай нам, бид гэж намынхаа үзэл баримтлал, бодлогыг илэрхийлэгч байна гэдэг. Энэ үүргийг үүргийг биелүүлж чадах, намын олон мянган гишүүний түүчээ нь С.Боргил мөн эсэхийг цаг хугацаа харуулах болно.
Тэр "би" гэж дангаараа дураар ярихгүй, судалгааны үндэслэлтэй намын байр суурийг илэрхийлнэ.
Тэрээр “намын дарга бол нийтээр хэлэлцэж тогтсон намын байр суурь, шийдлийг олон нийтэд намын өмнөөс тайлбарлаж, мэдээлдэг үүрэгтэн.
Ганцаарчилсан тоглолт хийж, гишүүдийнхээ өмнөөс шийд гаргадаг бие даасан мэдэлтэн биш. Тиймээс би дураараа ярихгүй, эрхгүй. Манай нам манлайлагчийн бус харин институтын зарчмаар ажилладаг. Тиймээс намын бодлого, шийдэл, зарчим, амлалт ямагт тогтвортой байх болно” гэдгээ илэрхийлсэн юм.
"Монгол төрийн түшээ" хэлэлцүүлгийн хүрээнд онцолж буй 21 улс төрч, "vip76.mn" цахим хуудас, "Vip Expert" сэтгүүлийн редакци, 2015 он