2015.12.23

Ажил хэрэгч, зарчимч нэгэн

-Судалгаа, эрдэм шинжилгээний ажлын 21 жилийн туршлагатай.

-Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, гадаад бодлогын хүрээнд хүчтэй дуу хоолой болж чаддаг. 

-Монгол Улсын төрийн тогтолцоо, засаглалын хэлбэрийг сайжруулах чиглэлд бодлого боловсруулахад идэвхтэй оролцдог.

М.Батчимэг бол маш тууштай, зоримог улс төрч. Тэр тод дуугарч, том бодлого боловсруулж, хэрэгжүүлдэг. Өндөр мэдлэг боловсролтой, улс төрийн сахилга баттай, бие хүний хувьд төлөвшсөн, аливаа ашиг сонирхлоос ангид, бодлого боловсруулагч гэсэн "Монгол төрийн түшээ" хүнд байх үндсэн шинжүүдэд нийцэж, экспертүүд түүнийг дараагийн парламентад байх ёстой хүн гэж үнэлж байгаа тул манай цахим хуудас, сэтгүүлийн редакциас онцлох улс төрчөөр нэрлэж байна.  

ТӨРИЙН ХҮН

Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын тухайд оюунаа чилээдэг нэгэн

Төрийн ажилд гарч байгаа алдаа доголдолд улс төрчид буруутай ч, сайн тогтолцоо бий болгохгүйгээр төрөө засаж, улс орноо хөгжүүлж чадахгүй гэж М.Батчимэг үздэг. Энэ ч үүднээс Үндсэн хуулийн шинэчлэл, засаглалын хэлбэрийг сайжруулах чиглэлд онолын судалгаа хийж ирснээ тэрээр одоо практикт оновчтой ашиглаж байна.

Хууль тогтоох байгууллагад ажиллаж, улс орны хөгжилд хэрэгтэй шийдвэрүүдийг хамтаар гаргах хүсэл эрмэлзлэл түүнд бий.

М.Батчимэг "Үндсэн хууль"-д зөв өөрчлөлт хийх тухайд хүчтэй дуу хоолой болж ирсэн, УИХ-ын хэтийдсэн эрх мэдлээс Засгийн газарт шилжүүлэх нь зүйтэй гэж үздэг улс төрчдийн нэг.

Тэрээр “Төрийн албаны тухай”, “Улс төрийн намуудын тухай” хуулиудын шинэчилсэн төслийг боловсруулахад идэвхтэй оролцож, “Хэвлэлийн эрх чөлөөний тухай” хуулийг шинэчлэн боловсруулж УИХ-д өргөн бариад байна.

Гадаад бодлогыг нэг цонхоор явуулах, дипломат албыг бэхжүүлэх талаар санаачилгатай ажиллаж, энэ хүрээнд хуулийн төсөл боловсруулсан нь өргөн баригдах шатандаа явж байна.

...Энэ бүхнээс үзэхэд улс төрч, УИХ-ын гишүүн хүн гэдэг олон талт асуудалд дүн шинжилгээ хийж, түүнийг нэгтгэн дүгнэх замаар бодлого боловсруулдаг бодлоготон байх нь зүйтэй гэсэн судлаачдын тодорхойлолтод М.Батчимэг тохирч байна...
ЭРДЭНЭТ – ИРЭЭДҮЙН ТОМ ХОТ  

Эрдэнэт хотын өнөөгийн дүр зураг, гэрэл зургийг Н.Батсүх, 2015 он

Эрдэнэт хот бол Монгол Улсын эдийн засаг, санхүү, хөгжлийн нэгэн том төв болж хөгжих ёстой гэж үздэг.

М.Батчимэг 2012 оны сонгуулийн дараахнаас УИХ дахь намын бүлгийнхээ даалгавраар Ардчилсан намаас УИХ-ын гишүүн сонгогдоогүй Орхон аймагт ажиллаж ирсэн. Эдүгээ Орхон аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байна.

Энэ нь Нийслэлийн хэт төвлөрлийг сааруулах, улс орны хөгжлийн ачааг үүрэлцэх шинэ төв бий болно гэдэг утгаараа үндэсний аюулгүй байдалд ч тустай улс орны хэмжээний асуудал юм.

...Иймээс "Үндсэн хууль"-д нэмэлт, өөрчлөлт оруулж Орхон аймгийг улсын чанартай Эрдэнэт хот болгон хөгжүүлэхийг М.Батчимэг идэвхтэй дэмжиж байна...
МОНГОЛОО ГЭСЭН ЧИН СЭТГЭЛТЭЙ

Олон улсын тавцанд Монголоо төлөөлдөг

Үндэсний аюулгүй байдал, гадаад харилцааны салбарын бодлогыг тодорхойлж, энэ салбарын харилцааг бэхжүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хийсэн юм.

2010 онд УИХ-аар шинэчлэн баталсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тулгуур бодлогыг боловсруулах ажлыг М.Батчимэг манлайлан ажилласан. Үндэстэн оршихын баталгаа болсон эх хэл, соёлоо хамгаалахад чухал хувь нэмэр болох “Монгол хэлний тухай” хуулийг санаачилж УИХ-аар батлуулсан.

Монгол Улсын тусгаар тогтнолыг илэрхийлэгч

Тэрээр Монгол бол Хятадын нэг хэсэг гэж үзэж, энэ байр сууриа дэлхийд зарладаг байсан Тайванийн бодлого, байр суурь өөрчлөгдөхөд тууштай зүтгэсэн цөөн хүний нэг. Энэ нь Тайваньд улс орноо төлөөлөн ажиллаж байхдаа Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүндэтгэж, хүлээн зөвшөөрдөг гэсэн анхны бөгөөд цорын ганц ноот бичгийг хүртэл гаргуулж чадсанаар нотлогдоно.

...Түүнд “тагнуулч”, “улсын нууц задруулагч” гэх муу нэр зүүлгэх гэж оролдсон ч энэ бүхэнд тэр маш тайван хандсан. Үнэн түүний талд байна. Өнөөдөр түүнийг гүтгэж болно. Гэхдээ түүний амьдралд ч, цаасан дээр ч тод мөр үлдээсэн бодитой ажлуудыг хэн ч үгүйсгэж, арилгаж үл чадна...

Аливаа сөрөг асуудал дундаас ч зөв шийдэл гаргаж болдгийн жишээ болж, тэрээр иргэдээ хилсдүүлж, эрхийг нь зөрчих боломж олгож буй “Эрүүгийн хууль”, “Төрийн нууцын тухай” хуулийг шинэчлэх, засаж залруулахын төлөө ажиллаж байна.

ААВЫН ТАЛЫН АЛБЫГ ЗАЛГАМЖЛАГЧ

Чөлөөт цагаа ч үр бүтээлтэй өнгөрөөдөг

М.Батчимэгийн аавынх нь талаас гурван Ардын Их Хурлын депатут төрөн гарчээ. Тиймээс тэрээр гэр бүлээсээ төрсөн дөрөв дэх УИХ-ын гишүүн болж байна.

Хатуу зарчимч, мэдлэг боловсролтой аав, ээжийн үргэлжлэл болсон тэрээр гэр бүл, гэр бүлийн хүмүүжлийг нийгмийн суурь асуудал, хувь хүний амжилтын үндэс гэж үздэг.

Түүний аав орон нутагтаа удирдах албан тушаал эрхэлж байсан хөдөлмөрч тууштай нэгэн бол ээж нь хатуу зарчимтай багш хүн.

Төрийн ажлын хажуугаар түүх, гүн ухааны ном уншиж, судалгааны ажлаа орхихгүйг хичээдэг. Басхүү буудлагын спорт сонирхдог.

Гэр бүлээ халамж, хайраар дутаахыг хүсдэггүй ч М.Батчимэг улс төрд сэтгэл, зүтгэлээр тууштай ажиллахыг эрмэлзэж байна.

Эрхэм уншигч та "Монгол төрийн түшээ" хэлэлцүүлгийн хүрээнд онцлон танилцуулж буй улс төрчдийн тухай нийтлэлийг уншихыг хүсвэл энд дарна уу. 

"Монгол төрийн түшээ" хэлэлцүүлгийн хүрээнд онцлож буй 21 улс төрч, “vip76.mn” цахим хуудас, “Vip Expert” сэтгүүлийн редакци