Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг дэмжив
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2015.12.23/ хуралдаан 11 цаг 30 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газраас санаачлан боловсруулж нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өчигдөр өргөн мэдүүлсэн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ танилцуулсан юм.
Улсын Их Хурлаас 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг баталж, уг хуулиар албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, үл хөдлөх хөрөнгийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй, хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгаагүй, эсхүл хэмжээг нь бууруулсан, нуусан, далд байгаа аж ахуйн нэгж, хөрөнгө, орлого болон орлогоос бусад албан татвар ногдох бараа, ажил, үйл ажиллагааг хуульд заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн, тайлагнасан, бүртгүүлсэн нөхцөлд нэг удаа албан татвар, хүү, торгууль нөхөн ногдуулахгүй, холбогдох хариуцлагаас чөлөөлөхөөр зааж, хуулийн 3 дугаар зүйлд хуулийн үйлчлэх хугацааг “…. энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусна” гэж шийдвэрлэсэн.
Хууль санаачлагчийн илтгэлээс үзэхэд уг хууль хэрэгжиж эхэлснээр 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийтдээ 6.1 их наяд төгрөгийн орлого ил болж, 1.2 их наяд төгрөгийн татвар болон 352.1 тэрбум төгрөгийн торгууль, алдангиас тус тус чөлөөлөөд байгаа аж. Дээрх орлогыг ил болгохтой холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжүүд санхүүгийн 1640, татварын 10276, нийгмийн даатгалын 366 тайлан, гаалийн 1451 нөхөн мэдүүлгийг холбогдох байгууллагад хүргүүлж, 168 төрлийн эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн бүртгэлд 150 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Харин уг хуулийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэл болон улсын тэмдэгтийн хураамжийг чөлөөлөөгүй тул ил болж буй цалингийн сантай холбоотой 378.6 сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг төсөвт төвлөрүүлжээ. Түүнчлэн эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой 5.7 сая төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг төсөвт төвлөрүүлээд байгаа аж.
Цаашид улсын төсөвт төвлөрүүлэх шимтгэл, хураамж болон ил болгож байгаа хөрөнгө, орлогын хэмжээг нэмэгдүүлэх, улмаар хуулийн үйлчлэлд тодорхой шалтгааны улмаас хамрагдаж чадаагүй иргэн, хуулийн этгээдийг хамруулах зорилгоор уг хуулийн үйлчлэх хугацааг 2016 оны 2 дугаар сарын 20 хүртэл сунгахаар төсөлд тусгажээ.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан, Д.Дэмбэрэл нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав, Д.Дэмбэрэл, Ч.Улаан нар саналаа хэлсэн юм. Үг хэлсэн гишүүд зайлшгүй шаардлагын үүднээс хуулийн хэрэгжиж хугацааг дэмжиж буйгаа илэрхийлээд гэхдээ 2015 оны татварын тайланг 2 дугаар сарын 15 гэхэд дуусгаж тайлагнах хуулийн хугацаатай тул уг хуулийн хэрэгжих хугацааг 2 дугаар сарын 15 гэж өөрчлөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм.
Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхэр тогтовгэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.