Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив
Байнгын хорооны хуралдаанаар Боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийг хэлэлцэх эсэхийг шийдлээ.
Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр танилцуулав. Монгол Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”, Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, Улсын Их Хурлын 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 12 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”, Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн холбогдох зорилтуудыг үндэслэн, Боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулиудын төсөл, үүнтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг тус тус боловсруулсан байна.
Мөн боловсролын салбарын болон сургалтын байгууллагын удирдлага, засаглалын шинэ зарчмыг хэрэгжүүлэх замаар чанарын баталгаажилтын тогтолцоог нэвтрүүлэх, олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх зорилгоор гол үндсэн өөрчлөлтийг энэхүү хуулиудын төсөлд оруулжээ.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, Д.Сарангэрэл, С.Дэмбэрэл, Д.Арвин, Я.Содбаатар нар асуулт асууж үг хэлсэн. Улсын Их Хурлаар өнгөрсөн онд “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого” батлагдсан. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас боловсролын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг оруулж ирж байна. Иймээс боловсролын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичигтэй одоогийн оруулж ирж байгаа хуулийн төсөл хэр уялдаж, нийцэж байгааг нухацтай авч үзэх хэрэгтэй. Мөн цөм хөтөлбөр хэрэгжиж байгаатай холбоотойгоор хөдөө орон нутагт сурах бичгийн асуудал хүндрэлтэй байгаад анхаарал хандуулах шаардлагатай байна гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай хэрэгцээт боловсролын талаар хуулийн төсөлд тусгагдаагүй байна.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
Тусгай хэрэгцээт боловсролын талаар тусгайлсан хууль гаргах асуудлыг хөндөж байсан ч нааштай шийдвэр гардаггүй. Монгол Улсын хэмжээнд 12273 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаагаас 1505 хүүхэд сургуульд хамрагдаж байна. Бусад 10000 хүүхэд сургуульд хамрагдах бололцоогүй байгаад төр, засгаас анхаарах хэрэгтэй. Мөн хүүхдүүд аюулгүй орчинд сурч, боловсрох ёстой. Тухайн сургуулийн барилгад аюултай, онц аюултай орчин бий болж Мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан тохиолдолд асуудлыг шуурхай авч үзэж тухайн сургууль, танхимыг засах, шинэчлэх асуудлыг төслийн тодотголоор оруулах, ирэх жилийнх нь төсөвт тусгадаг байх нь зүйтэй. 50, 60 жил болсон сургуулиудын барилга элэгдэл хорогдолд орох нь ойлгомжтой. Иймд сургуулийн орчин нөхцөлийг орхигдуулж болохгүй гэв. Ингээд хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүд 92.9 хувийн саналаар дэмжлээ.