Н.Номтойбаяр, Г.Нямдорж хоёрын аль нэг нь шоронд орох ёстой
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүтэй уулзаж цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Удахгүй он солигдох гэж байна. Таны хувьд Өргөдлийн байнгын хорооныхоо энэ онд хийж хэрэгжүүлсэн ажлаа хэрхэн дүгнэж байна?
-УИХ-ын Өргөдлийн байнгын хороог арванхоёрдугаар сарын сүүлээр авах ёстой байсан. Харамсалтай нь тухайн үед УИХ-ын байнгын хороон дээр тохиролцоонд хүрэхгүй намайг гурван удаа унагаасан. Ингэж гурван удаа унагааж, дахин сонгууль явсаар байгаад 2 сар гартал сонгогдоогүй учир миний хувьд байнгын хорооны хугацаа бол арай дуусаагүй.
Сүүлийн 6 сарын байдлаар 27 мянган км зам туулсан байна. Өмнөх зургаан сартай харьцуулахад 50 орчим мянган км замыг бусдын өргөдлийг шийдвэрлэхийн тулд туулжээ.
Хоёр хилээр гарч, Халх гол Дорнод руу гурван удаа явлаа. Өмнөговь, Баруун аймгууд руу ч хэд хэдэн удаа явлаа. Өөрөөр хэлбэл, маш завгүй ажиллаа. Ноцтой асуудал мөн, бишээс шалтгаалж нэг хүний өргөдлийн мөрөөр ч явах үүрэгтэй.
Төсвөө бол бага зэргээр хэтрүүлсэн. Харин үр дүнгийн хувьд Засгийн газраас хамаарсан асуудал болоод байна.
Тухайлбал, Ноён уулын асуудлаар ӨБХ, УИХ шийдвэрээ гаргачихсан. Энэ асуудлыг хамгаалах тухай л ярих ёстой гэсэн байр суурийг илтгэсэн. Харамсалтай нь мөнгөтэй лоббичид гурван удаа оруулж ирж байна. Энэ долоо хоногт дахиад л оруулж ирнэ.
Мөн Тосон бумбын газрын асуудлыг он дуусах гэж байхад шийдээгүй л байна. Зургаан УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд нь хүртэл лоббинд орчихсон сууж байгаа.
-ЗГХЭГ-ын сайд С.Баярцогтыг огцруулах асуудлыг өргөн бариад Ерөнхий сайдаас банга хүртэх шиг боллоо. Түүний шийдвэрт ямар байр суурьтай байна?
-Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Байнгын хорооны тогтоолыг би биелүүлэхгүй. Ийм тогтоол гаргадаг чинь буруу гэх бичиг өгсөн. Тэгэхээр Монгол Улсын Ерөнхий сайд нь өөрөө ийм бичиг өгч байгаа тохиолдолд яаж өнөөдөр ӨБХ үр дүнтэй байна гэж хэлэх юм бэ. УИХ-ын гишүүн сайдыг огцруулж болохгүй гэдэг шийдвэр гаргачисан. Тэгэхээр хэн огцруулах юм. Ерөнхий сайд УИХ-д би огцруулмаар байна гэж хэлэх үү.
Ч.Сайханбилэгийн Засгийн газар гэж “хараагдсан” Засгийн газар байна. Энэ нөхөд байгаа цагт бид хэзээ ч өөдлөхгүй.
Сайдуудаас сайн хэлүүлж байгаа хэл амгүй сайд ч гэж алга. Зам тээврийн сайд “Төмөр замынх нь Пүрэвбаатар хачин мэдэгдэл хийгээд явчихлаа гээд Гадаад хэргийн сайд нь бөөн юм боллоо”, Шадар сайд нь өргөдөл өгчихлөө, Сангийн сайд нь виксель гээд янз бүрийн юм ярилаа. Эрүүлмэндийн сайд нь хэл аманд орчихлоо. Уул уурхайн сайд нь огцор гээд яриулж байна. Байгаль орчны сайд нь Тосон бумбаа оруулж чадахгүй. Боловсролын сайд нь бүр хүнээр туршилт хийчихсэн гээд ам сайтай ч юм алга.
Бүх сайд нь огцрох виз ээ авчихсан хүмүүс. Зарим хүмүүс хэлэх л байх л даа. Зургаан сар тэсье гээд. Монголчууд номхон хүлцэнгүй байдлаараа хүлээж байгаа. Гэхдээ хор уршиг их байна.
-Өргөдлийн байнгын хороонд хандсан иргэдээс зохих ёсны хариугаа авч, асуудлаа зөв тийш нь зохицуулсан хүн бишгүй л биз?
-Нээлттэй сонсгол хийсний ачаар дураараа хоморголон халдаг асуудал зогсож, шүүхийн шийдвэрээ авч зарим нь ажилдаа орсон байсан. Мөн хууль тогтоомжуудаа өөрчлөх асуудал үр дүнгээ өгч байна.
Зарим том толгой, том чихтэй төрийн албан хаагчид хариуцлагаа үүрээд, хууль хяналтын байгууллага руу явуулсан зүйл цаг тухайд нь хяналт шалгалт хийгээд явж байгаа. Буруутай нь буруугаа хүлээж, зөв зүйтэй нь эрхээ сэргээлгэж байна. Тэгэхээр байнгын хороо бол байх ёстой. Хамгийн гол нь Засгийн газар байнгын хорооны шийдвэрийг биелүүлэхэд санаачлагатай ажиллах шаардлагатай.
-Оюунтолгойг далд уурхайн санхүүжилт батлагдлаа. Ард түмэн их л ам сайтай байх шиг байна. Таны хувьд?
- Оюутолгойн гэрээ явах ёстой, сайн гэж боддог. Гэвч миний зүгээс бол Оюутолгойн гэрээний зарим зүйлийг шүүмжилж байгаа. Бүр тодруулбал, 3.2 тэрбум долларын зөрчлийг хүчингүй болгосныг сайшаахгүй байгаа. Оюутолгой банкнаас зээл авах гэсэн. Гэвч санхүүгийн зөрчил байсан. Харин үүнийг хүчингүй болгосон. Энэ бол Монголын ард түмний эсрэг үйлдэж байгаа зүйл.
-Өргөдлийн байнгын хороонд ямар өргөдөл түлхий ирж байна?
-Нийтийн болон хувийн шинжтэй өргөдлүүд ирнэ. Хувийн шинжтэй өргөдөл л гэхэд хууль хяналтын байгууллагын “но”-той асуудал, Эрүүл мэндийн төлбөр, эмнэлгийн зардлын асуудлаар, шагнал урамшуулал хийгээд ахуйн асуудлаар түлхүү ирдэг.
Би нэг зүйлийг боддог юм. 2000 мянган гэр айлуудад өгөх юмсан гэж. Тухайлбал, тавуулаа амьдарч байгаад нэг нь тусдаа гарахаар орон гэргүй болчихдог зүйл их байна. Тэгэхээр хүн болгон байшин, байранд амьдарч чадахгүй энэ үед ядаж монгол гэртэй болгочихвол учир бий байх.
-Найман хувийн зээлийн хувь заяа хаашаа эргэх нь ч тодорхойгүй, нэг л биш болоод явчихлаа. Эргэлзээтэй олон асуудал ч байна. Энэ тал дээр?
-Найман хувь, ипотекийн зээл гээд том дарамт хүмүүст ирэх гэж байна. Үндсэн хуулийн цэц найман хувийн ипотек аваад байраа авчихсан бол та мөнгөө төлөхийн тулд байраа түрээслээд ашиг олохыг зөвшөөрлаа гэж яриад байгаа. Гэтэл хамгийн утгагүй нь банкнаас хамааралгүй өмчөө захиран зарцуулах болчихож байгаа нь сөрөг үр дагавартай. Учир нь банк нэг ёсондоо тэр хүнээс мөнгө авахын тулд барьцаанд нь байр байлгах ёстой байтал тэгж чадахгүй болж таарч байна. Өрөөр хэлбэл, барьцааны байраа банк хяналтандаа авч чадахгүй болчихоор зээл өгч чадахгүй болчихож байгаа юм.
Харин иргэд газраа банкинд барьцаалаад зээл авдаг байсан бол барьцааг байхгүй болгосноор зээл авч чадахгүй болчихож байна. Үндсэн хуулийн цэц ийм л балаа зүйл хийсэн.
-Үндсэн хуулийн цэцээс гаргасан шийдвэр тэгэхээр уялдаа холбоогүй, иргэд хийгээд банкинд ч төвөг учруулахуйц болжээ?
-Түрээсийн гэрээг чөлөөлж өгсөн гэж яриад байгаа ч банкны барьцааг байхгүй болгосон. Банк хөрөнгө барьцаалах эрхтэй гэх эрхийг нь байхгүй болгосон. Өөрөөр хэлбэл, иргэн газраа барьцаалж зээл авч болно гэх эрхийг байхгүй болгосон. Бид зарим зүйлийг ярьж л байдаг, хамаагүй гээд орчихдог. Гэтэл үр дагавар, зовлонгийг нь бид өөрсдөө үүрээд байна. Тэгэхээр энд байгаа хугацаандаа энэ бүхэнтэй тэмцэнэ.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол улс төржсөн байгууллага. Би анх өмгөөлөгч байхдаа л энэ байгууллагыг улс төржсөн гэж бодож байсан.
-Үндсэн хуулийн цэцийг улс төржсөн л гэх юм. Яг тоочны хэлчих баримт, фактуус бас байдаггүй юм шиг?
-Үндсэн хуулийн цэцийн 9 гишүүний 5 нь МАН-ынх. Үлдсэн 4 нь АН-ын хүмүүс шүү дээ.
МАХН-ын дарга Н.Энхбаяр гэдэг хүн шүүхээр ял аваагүй байсан. Гэтэл СЕХ-ноос АТГ шалгаж байгаа учраас сонгуульд өрсөлдөж болохгүй гэдэг сонин заалтаар хориг тавьсан. Н.Энхбаяр даргын зүгээс “Би ямар ч байсан ял аваагүй байна шүү дээ. Би гэм буруугүй тул сонгуульд ороё” гээд цэцэд хандсан. Гэтэл боловсролын хувьд боломжгүй гээд дүгнэлт тавьчихсан улс чин Үндсэн хуулийн цэцийнхэн шүү дээ.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга байсан хүнийг Боловсролын чадамжгүй гэж дүгнэсэн. Энэ дүгнэлтийг хараад манай намынхан бүгд гайхсан. Гэсэн ч улс төр юм байгаа биз гээд тоогоогүй.
Тэгсэн дараа нь Засгийн газрын нөөц хөрөнгөтэй холбоотойгоор С.Баярцогт гэдэг хүний асуудал яригдахад Засгийн газрын нөөц хөрөнгөөс 330 саяаар баяраа тэмдэглэ, 220 саяд машин ав гэх шийдвэрийг гаргасан. Тэгэхэд нь бүгд шоконд орсон. Яг үүнд УИХ-ын ажлын хэсэг гарч авлигатай холбоотой гэсэн дүгнэлтийг УИХ-ын чуулган дээр гаргаад танилцуулж байсныг та бүхэн санаж байгаа байх.
Тэгсэн хэрнээ хэн ч хуулийн байгууллагаар энэ нөхдийг явуулаагүй.
-Г.Нямдорж гэдэг хүн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг эрүүгийн хэрэгт холбоотой хэмээн олон нийтийн өмнө удаа дараа зарлаж байна. Гэтэл өдгөө хуулийн байгууллагаар шалгуулж байгаа нь ч тодорхойгүй байсаар байгаа. Танай ӨБХ-нд энэ талаар ямар нэг өргөдөл, гомдол ирсэн тохиолдол бий юу?
-Н.Номтойбаяр гишүүнтэй холбоотой өргөдөл ирээгүй. Би хэвлэл мэдээллээс л сонсож байгаа. ӨБХ-нд хэрэв ийм өргөдөл ирсэн бол хуулийн дагуу л шийдүүлэх байх.
Хэвлэл дээр гарч байгаа зүйлийг харахад аль нэг нь шоронд орох ёстой. Н.Номтойбаяр эсвэл “Мунзуй” гэх Нямдорж. Учир нь бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэж байна. Би бол нэг их хуралд байгаа учир Н.Номтойбаярыг тийм юм хийсэн гэж итгэхгүй байна. Гэхдээ “Мунзуй” Г.Нямдоржийг санаатайгаар бусдыг гүтгэх шаардлага байгаа гэж харахгүй байна. Монгол Улсад өнөөдөр хууль гэж байдаг бол МУ-ын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан гэж хүн ажлаа хийж байгаа бол үүнийг шийдэх ёстой. Мэдээлэл гаргасан хүн мэдээллээ нотлох ёстой. Эсвэл мэдээллийн дагуу буруутай этгээдийг олж тогтоож шийтгэх хэрэгтэй. Ийм л энгийн дүрэм байгаа шүү дээ.