Хууль тогтоогчид Иргэний нийгмийнхнийг уулзуулах болсон “асуудал”
Төр иргэний нийгмийн байгууллагын түншлэл нь Монгол улсад хүний эрхийн хэрэгжилтэд ахиц дэвшил гаргах, иргэнлэг нийгмийг бүрдүүлэхэд нэн ач холбогдолтой, цаашид анхаарч хөгжүүлэх асуудал юм.
УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны гишүүний хувьд УИХ-ын гишүүн Л.Болд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй “Хэн байхаас нь үл хамааран“ хүний эрхэм чанар”-ыг хүндлэе” сэдвийн хүрээнд анхны уулзалт, хэлэлцүүлгийг санаачлан, зохион байгуулж байсан юм.
Анхны уулзалтын үеэр иргэний нийгмийн байгууллагууд УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны гишүүдтэй уулзаж, Монгол улс дахь хүний эрхийн хэрэгжилтийн асуудлаар харилцан ярилцах хүсэлтээ илэрхийлж байжээ. Санал хүсэлт ч УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны гишүүдэд хүрч улмаар ”Хүний хөгжих эрх” сэдвийн хүрээнд ээлжит хэлэлцүүлгийг зохион байгуулж, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Хүний эрхийн дэд хорооны дарга Ё.Отгонбаяр зэрэг гишүүд хүрэлцэн ирсэн тус уулзалт, ярилцлагаар иргэний нийгмийн байгууллагуудын байр суурийг сонсож, санал солилцон хүний эрхийн стандартыг хуульд тусгахаа гишүүд илэрхийлж байсан юм.
Хавраас эхтэй хэлэлцүүлэг намар, өвлийн улирал дамнан зохион байгуулагдаж хүний эрхийн тал дээр тулгамдаж байгаа асуудлууд дээр төвлөрөн ярилцсаар байна. Энэ удаад “Эрүүгийн процесс-Хүний эрхийн хамгаалал” сэдэвт хэлэлцүүлгийг энэ сарын 16-ны өдөр зохион байгуулсан байна.
Энэ удаагийн хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ УИХ-ын гишүүн Л.Болд “Эрүүгийн процесс бол нэг талаас хүний эрхийг хамгаалах, нөгөө талаас хүний эрхэд халдах (хөндөх) нөлөөлөл бүхий эрх зүйн нарийн төвөгтэй үйл явц тул энэ процесст юуг зөвшөөрөх, юуг хориглох эсэх асуудлыг зөвхөн Үндэсний хууль тогтоомж төдийгүй Олон улсын нийтийн эрх зүйн хэм хэмжээгээр уялдуулж, зохицуулах болсон нь дэлхийн жишиг болсон.
Хүний эрхийг хэрэгжүүлэх, хамгаалах нь Үндсэн хуульт ёсны суурь зарчим болох “Эрх зүйд захирагдах ёс” (Rule of Law)-ыг хэрэгжүүлэх үндсэн нөхцөл нь” төр буюу хаан”-ы эрх мэдэл, дур зоргыг хязгаарлаж, эгэл ардын эрх чөлөөг хамгаалах тухай үзэл санааг тунхагласан Магна Хартад тэртээ 1215 онд анх тусгасан “Эрх зүйн зайлшгүй процесс ”(DueProcessofLaw)*-ыг үндэсний хууль тогтоомжид төлөвшүүлэхтэй салшгүй уялдаатай асуудал юм. Эрүүгийн процессын ажиллагаанд хүний эрхийг хэрэгжүүлэх, зөрчигдөхөөс хамгаалж, “Эрхзүйн зайлшгүй процесс”-ын зарчмуудыг үндэсний хууль тогтоомжид тусгах нь ардчилсан улс орнуудад сайн туршлага болжээ” гэдгийг онцлон тэмдэглэсэн.
Энэ үеэр Хууль зүйн доктор, МУИС-ийн ХЗС-ийн багш О.Мөнхсайхан “Шударгаар шүүлгэх эрх-Эрүүгийн процесс”-ийн талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн бол ”Залуу судлаач клуб”-ын УЗ-ын гишүүн, Хуульч Г.Цагаанбаяр “Таслан сэргийлэх арга хэмжээ-Хүний эрх” сэдвийн дор илтгэл хэлэлцүүлгийг өрнүүлсэн байна.
Хэлэлцүүлэгт Монголын эмнести интернэшнл, Глоб интернэшнл төв, Зориг сан, Хүний эрх, хөгжил төв, Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүдийн клуб, Хүний аюулгүй байдал, судалгааны төв, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Монфемнет хүчирхийллийн эсрэг төв зэрэг нэр бүхий 13 ТББ-ын төлөөлөл оролцож “Шударгаар шүүлгэх эрх-Эрүүгийн процесс”-ийн талаар санал бодлоо солилцсон байна.
Хэлэлцүүлгээр ТББ-ынханы хөндөж байсан асуудлуудаас товчилбол:
Сонсголын бэрхшээлтэй иргэд маань хуулиа мэдэхгүй, бичиг үсэг мэдэхгүй, ямар нэгэн хэрэгт холбогдлоо гэхэд дохионы орчуулагч байхгүй, бичгээр харилцах боломжгүй байдаг. Үүссэн асуудлын үр дагвар, ач холбогдол, өөрийнх нь эрх хэрхэн зөрчигдөж байна гэдгийг ойлгохгүй өнгөрдөг. Төрөөс үүнийг зохицуулж өгөх хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэр дундаа сонсголын бэрхшээлтэй иргэд мэргэшсэн, мэргэжлийн дохионы орчуулагчын тусламжтайгаар үнэн зөвөөр шүүлгэх хэрэгтэй байна гэдгийг “МХБИХ”-ны захирал Ц. Мөнхсаруул энэ үеэр тодотгон хэлж байлаа.
НҮБ-ын эрүүдэн шүүхийн эсрэг хорооны зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр Эрүүгийн хууль, Зөрчлийн хуульд харьцангуй нааштай зохицуулалтууд орчихсон. Эдгээр хуулиуд хэрэгжих нөхцөл болдог процессын хууль дээр тусгах. Мөн Эмнести интернешнэл, Нээлттэй нийгэм форум хамтран гаргасан олон улсын хэм хэмжээ стандартуудын гарын авлагыг хэрэглэх холбогдох процессын хуулийн төсөлд тусгахыг хүсэж байна гэдгээ Эмнести интернэшнлийн УЗ-ын дэд дарга А.Түвшинтулга илэрхийлэв.
“Глоб Интернешнл” ТББ-ын Хуульч “Нийгмийн хөгжлийг даган үүсч буй хүний эрхийн зөрчлөөс онцгой анхаарал татаж буй асуудал бол цахим орчин дахь хүний эрхийн бүдүүлэг зөрчлүүд байгааг онцлоод энэ чиглэлээр шийдвэр гаргагчид, Иргэний нийгмийнхэнтэй хэлэлцүүлэг зохион байгуулахыг хүссэн.
Иргэд ялангуяа залуучуудруугаа хандсан тэдний хуулийн наад захын мэдлэг, мэдээллийг олж авахад нь тусалсан мэдээлэл түгээхэд анхаарч ажиллах хэрэгтэй байгааг Зориг сангийн төлөөлөл Ч.Энхжаргал хэлэлцүүлгийн үеэр хэлж байлаа.
Улсын мөрдөн байцаах газрын дэргэд байсан ганц хараат бус байгууллагыг авлигатай тэмцэх газарлуу шилжүүлсэн асуудлыг Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуульдаа эргэн нэг харж үзэх хэрэгтэй зэрэг олон чухал асуудлыг ТББ-ын төлөөллүүд хэлэлцүүлгийн үеэр хөндлөө.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат:
“Та бүхний дуу хоолойг хууль тогтоогчид сонсож байна. Өмнөх хэлэлцүүлэгүүд ч нилээн үр дүнтэй болсон. Үүний нэг илэрхийлэл бол хэд хоногийн өмнө эрүүгийн зөрчлийн хуулийг батлан гаргалаа. Эрүүгийн зөрчлийн хууль батлан гаргасанаар хууль зүйн байнгын хороон дээр УИХ дээр процессийн хуулиудыг хэлэлцээд явж байна. Энэ хуулиудаа дараагийн чуулганаар хэлэлцэн батлах төлөвтэй байна.Есдүгээр сарын 01-нээс эрүүгийн процессийн хууль хэрэгжээд явах ёстой. Өнөөдрийн та бүхний хөндөж байгаа асуудлуудыг ч бид бүхэн нээлттэй хүлээж авна.
Манай хууль зүйн байнгын хорооны зөвлөхүүд энэ хууль дээр ажиллаж, саналуудыгсонсож байна. Дэлхийн жишигт нийцсэн процессийн хуулийг гаргах тал дээр бид ажиллана. Эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллагуудын дуу хоолой санал санаачлага маш их хэрэгтэй байна. Эрдэмтэн судлаач та бүхэн нийгмийн сэтгэл зүйг өшөө сайн бэлдэх ёстой” гэдгийг онцлоё гэлээ.
Хүний эрхийн дэд хорооны гишүүд хүрэлцэн ирж хүний эрхийн гол гол ТББ-ынхан тогтмол, идэвхтэй оролцон санал бодлоо тодорхой асуудлууд дээр солилцож байгаад талархалтай хандаж байгаагаа илэрхийлээд цаашид ч энэ хэлэлцүүлгийн сэдвүүдийг таслахгүй байх тал дээр анхааран ажиллана гэдгээ хэлэлцүүлгийн санаачлагч Л.Болд хэлж байлаа. Тэрээр мөн хууль боловсруулахад хүний эрхийн ТББ, судлаачдын байр суурийг сонсдог болж байгаа нь хүний эрхэд нийцсэн хууль батлахад маш чухал түлхэц үзүүлнэ гэдгийг тодотгож байсан юм.
Шударгаар шүүлгэх эрх ба Эрүүгийн процeссын хуулийн шинэчлэл сэдвийн дор өрнөсөн хэлэлцүүлгээс гаргасан саналуудаа ТББ-ын төлөөллүүд Хууль зүйн байнгын хороонд бичгээр хүргүүлэхээр боллоо. Дараагийн хэлэлцүүлэг ирэх 2016 оны эхний улиралд “Боловсрох эрх”, “Цахим орчин дахь хүний эрх” зэрэг сэдвийн хүрээнд үргэлжлэн явагдах юм.