Ард иргэдийн хүсэлт, улс төрийн намуудын саналд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
2015.12.18

Ард иргэдийн хүсэлт, улс төрийн намуудын саналд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол байр сууриа илэрхийлж, эрх баригчдад хандан хатуухан үг хэллээ. Тэрээр "Д.Арвин, Н.Батбаяр гишүүн хоёрын ярьсныг сонсохоор АН төрийн ажлыг гацааж байгаадаа өөрсдөө дүгнэлт хийхгүй байна.

Сонгуулийн хуулийг ерөөсөө өөрчилж болохгүй гэж та бүхэн дүгнэж байгаа юм  байна. Ингэж та нар бүлгийн хурал дээрээ шийдвэрээ гаргасан юм байна гэж ойлголоо. Гэтэл бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нь яагаад "Сая ажлын хэсэг цуглахгүй байна, хуралдахгүй байна, бид оролдлого хийж байна, танайхан оролцохгүй идэвхгүй байна, та бүхэн хуучнаараа явах гэж санагалзаж байна" гэх мэтээр ширээний хоёр талд суучихаад хоорондоо авцалдахгүй юм яриад байна вэ?

Хэрвээ та нар ийм байр суурьтай байгаа юм бол Сонгуулийн хуулийг өөрчлөхгүй гэдгээ хурал хийж олон нийтэд зарлаач. Олон түмний толгойг эргүүлж төөрөгдүүлсэн ийм арчаагүй улс төр хийдгээ боль, Б.Гарамгайбаатар дарга аа. Хоёрдугаарт, хар машинаар тоолуулахыг Ардын нам эсэргүүцээгүй. Хар машин, гар хяналтын тооллого хоёрыг зэрэг явуулах боломжийг хуульд оруулаач гэсэн санал л тавьж байна. Сонгуулиа зөв шударга явуулдаг болъё, энэ тогтолцоог бий болгоод өгөөч гэж ард түмэн хүсэмжилж байна. Ард түмэн УИХ-ын гишүүдээ өөрсдөө сонгодог болъё гэж хүсч байна. Тийм учраас төлөөллийн ардчиллын зарчим, улс төрийн 20-иод намын саналд эрх баригчид хүндэтгэлтэй хандах хэрэгтэй.

Та бүхэн цөөнх байхдаа байнга ийм шаардлага тавьдаг байсан шүү дээ. Жишээлбэл, Н.Батбаяр гишүүн "Та нар цөөнхийг сонсохгүй байна" гэдэг байсан. Манай нам шиг ардчилалтай нам байхгүй гэж бид үзэж байгаа. Бид цөөнхөө сонсдог, олуулаа ярилцдаг, зөвлөлдөж байж олон шийдвэрийг гаргаж байсан. Түүх мартаагүй, монголын ард түмэн мартаагүй. Тийм учраас өнөөдөр та нар олонхи шиг байж, эрх баригч нам шиг байж асуудалдаа зөв бодитой хандаж Сонгуулийн хуулиа өөрчлөх хэрэгтэй" гэв.