Сонгуулийн хуулийн асуудлаас болоод УИХ-ын чуулган долоо хоног хуралдсангүй
2015.12.17

Сонгуулийн хуулийн асуудлаас болоод УИХ-ын чуулган долоо хоног хуралдсангүй

Сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх эсэх талаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “УИХ-ын байдлыг гадуур их ярьж байна. Албан ёсоор завсарлага авсан хүмүүсийг ажил хаясан гэж ярих юм.  Сонгуулийн хуулийг хэлэлцэх ёстой. Сонгуулийн ажлын хэсгийг сүүлийн 14 хоногийн туршид хуралдаач гэж шаардсан. Гэтэл ажлын хэсэг огт хуралдахгүй байна.

Дэд ажлын хэсгийг мөн байгуулаад үүрэг чиглэлийг нь өгч тэд хариуцлагатай сайн хуралдсан. Хурдан саналаа нэгтгэн, үйл ажиллагаагаа явуулахгүй бол энэ асуудал замхарч байна. Энэ асуудлаас болоод УИХ бүтэн долоо хоног хуралдаж чадсангүй” гэлээ.

УИХ-ын дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Сонгуулийн дөрвөн хууль өргөн баригдсанаас, нэг хуулийг нь бид шийдчихсэн. Харин одоо гурван намын бүлгээс сонгуулийн хуульд шинэчлэлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Ажлын хэсэг нэг удаа хуралдаж , дэд ажлын хэсэгт үүрэг даалгаврыг өгсөн юм. Харин бүлэг дээр гарсан шийдвэрээ хэн ч хэлээгүй байгаа” гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “УИХ-ын үйл ажиллагаа гацаж, төрийн ажил явахгүй байгаад олонхи болсон АН өөрсдөдөө дүгнэлт хийхгүй байгаа юм байна. Сонгуулийн саналын хуудсыг хар машинаар тоолуулахыг МАН эсэргүүцээгүй. Харин иргэдийн өгсөн санал худлаа тоологдоод байгаа эргэлзээг тайлъя. Ингэхийн тулд шударга сонгууль явуулах хэрэгтэй. Харин хар машин, гар тооллого зэрэг явагдах боломжтой гэдгийг хуулинд оруулж өгөхийг улс төрийн 22 нам санал гаргаж байгаа” гэдгийг дурдсан юм.

Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.