Үндэсний сурын цол, чимгийг нэмнэ
Төрийн байгуулалтын Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хоёр хуулийн төсөл хэлэлцэх байсан ч ирц бүрдээгүй гэдэг шалтгаанаар хойшиллоо. Хэлэлцэх хоёр асуудлын нэг нь Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байв.
Уг хуулийн төслийг өргөн барьсан Л.Эрдэнэчимэг гишүүнээс ямар нэмэлт өөрчлөлт оруулж байгааг тодрууллаа. Тэрбээр "Би сурын харваагаар хичээллэдэг. Мөн тэндэхийн Удирдах зөвлөлд ордгийн хувиар уг хуулийн төслийг өргөн барьсан.
Үндэсний сурын харваа нь бусад хоёр төрлөөсөө цөөн цолтой. Улсын наадамд түрүүлсэн харваач Улсын мэргэн цол л хүртэнэ. Морь бол нас насандаа бай шагналтай, бөх ч ялгаагүй хангалттай олон цолтой. Сурынхан бол эрэгтэй, эмэгтэйгээрээ жилд ганц л цол авдаг.
Тиймээс ч Үндэсний баяр наадмын 94 жилийн түүхэнд Дархан мэргэн цолтой ганцхан хүн байх жишээний.
Энэхүү хуулийн төсөлд Улсын баяр наадмын үндэсний сурын харваанд эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван байр эзлүүлэх бөгөөд 3-р байр эзэлсэн харваачид Гоц харваач, 2-р байр эзэлсэн харваачид Гарамгай харваач цол, нэг түрүүлсэн харваачид Улсын мэргэн цолыг тус тус олгодог болъё гэсэн саналыг тусгасан.
Харин Улсын мэргэн цолтон түрүүлбэл Улсын хошой мэргэн, Улсын хошой мэргэн цолтон түрүүлбэл Улсын даяар дуурсах мэргэн, Улсын даяар дуурсах мэргэн цолтон түрүүлбэлУлсын дархан мэргэн цол олгохоор хуульчлах нь зүйтэй гэсэн саналыг өргөн бариад байгаа.
Хэрвээ энэ хууль батлагдах юм бол 40 гаруй харваач цолоо нөхөж авах юм. Гэхдээ цол нөхөж өглөө гээд улсын төсвөөс ямар ч мөнгө гарахгүй, зөвхөн Ерөнхийлөгчөөс цолоо нөхөж авна.
Баяр наадмын үеэр төрийн өндөрлөгүүд сурын харвааны талбайд очиж сум тавьдаг. Энэ үеэр Сурын холбооныхон маань асуудлаа УИХ-ын даргад тавьсан юм билээ. УИХ-ын дарга хуулийн төсөл ороод ирэх юм бол яаралтай баталж цолны тоог нэмэхэд дэмжлэг үзүүлнэ гэж амласан юм билээ” гэв.
2003 онд анх удаа Ерөнхийлөгчийн санаачилгаар Үндэсний их баяр наадмын тухай хууль батлагдаж Үндэсний сурын харваачид Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын мэргэн цол олгодог болсон.
Уг хуулийн төсөл батлагдсанаар Монгол үндэсний сурын цол, чимгийн агуулга сайжирч, олон түмний дунд нэр хүнд өсөхийн сацуу Монгол түмний соёлын өв болсон үндэсний сурын харвааг сонирхогчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа энэ үед төр засгаас дэмжсэн бодлого хэрэгтэй хэмээн хууль санаачлагчийн зүгээс үзэж байгаа аж.