Хууль зүйн байнгын хороо хоёр асуудлыг хэлэлцлээ
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 52.6 хувийн ирцтэй эхэлж хоёр асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хуралдаан даргалагч танилцуулах үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа байнгын хорооны хуралдаанаас тус бүлэг тав хоногийн завсарлага авч байгааг мэдэгдсэн юм.
Байнгын хорооны дарга Д.Ганбат, МАН-ын бүлэг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын мэдээллийг сонсох асуудлаас өнгөрсөн долоо хоногт завсарлага авсан учир энэ удаад завсарлага авах боломжгүй хэмээлээ. Тэрбээр хэлэлцэж буй асуудлаас завсарлага авч болох бөгөөд Байнгын хорооны хуралдаанаас завсарлага авдаггүй болохыг мөн сануулж хэлсэн юм.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж дээрх асуудлыг хаалттай хэлэлцэх горимын санал гаргасан ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Ингээд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын тайлан мэдээллийг сонсох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Тус комиссын дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат өнгөрсөн долоо хоногт болсон хуралдааны үеэр Комиссын мэдээллийг танилцуулсан бөгөөд өнөөдрийн хуралдаанаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, ял шийтгэл эдэлж байсан иргэнд өршөөл үзүүлсэн шийдвэрийн хэлбэршилт ямар байгааг тодрууллаа. Өмнө нь Комисс шийдвэрээ гарган өршөөл үзүүлж байсан. Энэ удаад УИХ-ын нэрийн өмнөөс Комисс шийдвэр гаргасан уу, шүүх гаргасан уу гэж лавласан. Мөн тэрбээр Өршөөл үзүүлэх тухай хуулийн заалтуудыг хэрхэн хэрэглэж байгаа талаар мэдээлэл өгөхийг хүссэн. Комиссын дарга Д.Ганбат, өмнө нь гарсан 5 удаагийн өршөөлийн хуулийг хэрэгжүүлэхдээ уг хуулийг хэрэгжүүлэх Комисс шийдвэрээ гаргаад өршөөл үзүүлж ирсэн гэлээ. Харин энэ удаад хуулийг хэрэгжүүлэх Комисс асуудлыг хэлэлцээд шүүхээр ороод ял шийтгүүлсэн хүмүүсийг өршөөх асуудлыг шүүхийн шийдвэрээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн хариулсан юм.
Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1-д заасан ял шийтгэлээс өршөөн хэлтрүүлэх, 4.2-т заасан хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн хүмүүсийн гүйцэтгээгүй ялыг өршөөн хэлтрүүлэх, 5.1-д заасан ялаас хасах, 7.1-д заасан ялыг хэрэгсэхгүй болгох гэсэн 4 заалтыг шүүх хэрэгжүүлсэн. Энэ 4 заалтыг шүүгчийн захирамжаар хэрэгжүүлсэн хэмээн нэмж хариуллаа.
Комиссын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.
Энэхүү асуудлын дараа Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журамд өөрчлөлт оруулах эсэх асуудлаар Авлигатай тэмцэх газар, Татварын ерөнхий газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын холбогдох албан тушаалтнуудаас гишүүд мэдээлэл авч, байр сууриа илэрхийллээ.